Дарханы замыг аравдугаар сарын 30 гэхэд нээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханы замыг аравдугаар сарын 30 гэхэд нээнэ

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД АЖИЛЛАЛАА

/2022.07.01/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй болон холбогдох албаныхан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллалаа.

Сайд Л.Халтар “Азийн хөгжлийн банкны төслийн IV дүгээр багц, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны II, III гэсэн гурван багц анхаарлын төвд байна. Туслан гүйцэтгэгч компаниар ажил хийлгэчхээд мөнгө өгдөггүй, сар бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөө бичдэггүй зөрчлийг тус багцын хэсгийг барьж буй компани гаргадаг. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк гэсэн санхүүжүүлэгч талаас мөнгө саатуулсан асуудал байхгүй. Зэвсэгт хүчний жанжин штаб, монгол компаниудийн ажлын гүйцэтгэл сайн байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй замын зорчих хэсгийг 2022 оны аравдугаар сарын 30-н гэхэд нээхээр бүх шатандаа шахуу ажиллана” гэв.

Өнөөдрийн байдлаар Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 2022 онд барилгын ажлын талбай дээр 630 гаруй инженер техникийн ажилчид, 242 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд нийт 5 багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 64.5 хувь, ажлын тоо хэмжээгээр 75.6 хувийн хэрэгжилттэй байна.

Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн хүрээнд 2022 онд барилгын ажлын талбай дээр 729 гаруй инженер техникийн ажилчид, 331 техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд 5 багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртөгөөр 31.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 50.75 хувийн хэрэгжилттэй байгаа юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэх төслийн үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, асфальтбетон хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусган зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр шахуу төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Түүнчлэн гэрээний дагуу 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн дуусгаж улсын ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Орчны бохирдлыг бууруулахад эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана
Орчны бохирдлыг бууруулахад эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.