/2022.06.09/: Шүүгдэгч Н.Түвшинбаярыг шүүх хурал хоёр дах өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд Н.Түвшинбаяр эцсийн үгээ хэллээ.
Шүүгдэгч Н.Түвшинбаяр:
-Юун түрүүнд миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч байна. Маш ихээр шимширч байгаа. Хийж болохгүй үйлдлийг хийсэн гэж өөрийгөө бодож байгаа. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөөс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Мөн аав ээж, ах дүү нар, төрөл төрөгсдөөс чин сэтгэлээс уучлалт хүсэж байна. Миний найз бол миний сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа хүсэл мөрөөдлөө ярьж, өнөөдрийн миний амжилт бүхэнд найз минь салшгүй холбоотой явсан. Энд сууж байгаа бүх хүнээс, монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүн байгаа. Тэр бүгдээс нь уучлалт хүсэж байна /Энэ үгийг хэлээд шүүгдэгч Н.Түвшинбаяр уйлав/. Уучлаарай гэж хэлье.
Шүүхийн танхимд шүүгдэгч Н.Түвшинбаярыг тайвширч байгаад дахин үг хэлэхийг хүслээ.
Шүүгдэгч Н.Түвшинбаяр:
-Би маш ихээр харамсаж, гэмшиж байгаа. Цаашид гэр бүл, үр хүүхдүүддээ боломж олговол найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ бас хэлье. Гурван хүүхэд, хамаатан саднаас нь чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Энэ хэрэгт холбогдож гэрч болсон хүмүүсээс уучлалт хүсэж байна. Энэ бүхэнд зөвхөн би буруутай. Үүнийгээ ухамсарлаж ойлгож байгаа. Эрхэм шүүгчээс хандаж, өмгөөлөгчийн хэлсний дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна.
Шүүх танхимд сууж буй иргэдийн төлөөлөгчдөөс шийдвэрийг нь асуулаа.
Иргэдийн төлөөлөгч:
Хэргийн талаар маш харамсалтай хэрэг болсон. Миний хувьд гэрч болон бусад хүн таслан зогсоох бүрэн боломжтой байсан гэж харж байна. Түргэн тусламж цаг алдалгүй хүргэсэн бол амь нас нь эрсдэхгүй байсан ч юм болов уу гэж харж байна. Шүүгдэгч гэм буруутай гэж үзэж байна.
Иргэдийн төлөөлөгч:
Маш их харамсаж байна. Миний бодлоор гэм буруутай гэж үзэж байна.
Шүүх хуралдаан завсарлаж, шүүх хуралдаан зөвлөлдөнө.