Гар утас нэгэнт бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Өглөө сэрмэгцээ гар утсаа шалгаж, өдрийн турш гэр бүл, ажил, хамт олонтойгоо холбоотой байж, нандин дурсамжуудаа хадгалж байдаг тул гар утас бидний хувьд маш чухал хэрэгсэл билээ.
Өдөр тутамд маш олон төрлийн зориулалтаар ашиглагддаг гар утсаа хэрхэн гамтай ашиглах вэ? Энэ асуултад хариулахын тулд гар утасны эдэлгээний хугацааг богиносгож байдаг буруу дадал зуршил, үйлдлүүд юу болохыг олж мэдэх, татгалзах шаардлагатай юм.
- Хэт халуун, хэт хүйтэнд удаан байлгах
Зуны халуунд гар утсаа авто машиндаа орхих, өвлийн хүйтэнд ил буюу гадуур халаасанд авч явах, дэрэн доороо хийгээд цэнэглэх, эрчим хүч их зарцуулдаг аппликэйшн нээсэн үедээ хурц наранд ил байлгах зэргээр ашигладаг бол та гар утсаа алгуурхан сүйтгэж байна гэсэн үг юм.
Температурын ийм эрс тэс нөлөө нь гар утасны батарейг түргэн дуусгаж, тэр хэрээрээ олон удаа цэнэглэхэд хүргэх бөгөөд орчин үеийн лити-ион батарей нь температурын ийм огцом өөрчлөлтөд тэсвэр муутай байдаг. Улмаар батарей цэнэг хадгалах чадвар нь муудах, эргэж нөхөгдөхгүйгээр гэмтэх зэрэг сөрөг үр дагавартай.
Тиймээс утасныхаа температурыг шалгаж байх нь зүйтэй юм. Зарим төрлийн аппликэйшн хэрэглэх, тоглоом тоглох явцад утас тань халж байвал, түр завсарлаад, хөрсөн хойно нь ашиглахыг зөвлөж байна.
- Буруу цэнэглэгч ашиглах
Тогны залгуур болон утасны оролт нь л таарч байвал гар утсыг ямар ч цэнэглэгчээр цэнэглэж болно гэж боддог бол эндүүрэл. Мэдээж хаа хамаагүй цэнэглэгч таны утсыг цэнэглэх боломжтой ч гэлээ яг өөрт нь зориулж үйлдвэрлэсэн, дагаж ирсэн цэнэглэгч шиг үр ашигтай, тохиромжтой байж чаддаггүй. Буруу цэнэглэгч ашиглах нь таны утасны батарейг гэмтээж, цаашилбал, гар утсанд өөрт нь ч эвдрэл үүсгэж болзошгүй.
Тиймээс гар утас бүрийн өөрийнх нь цэнэглэгчийг хэрэглэж занших, боломжгүй бол үйлдвэрлэгчийн зүгээс зөвлөсөн өөр брэндийн цэнэглэгч ашиглах нь зүйтэй.
- Хортой программ татаж суулгах
Заримдаа Play Store болон App Store-т таны хайсан аппликэйшн, тоглоом байхгүй байх үе бий. Энэ үед хэрэглэгчид өөрсдөө хайлт хийн, апп татаж авах өөр эх үүсвэр хайж олдог. Гуравдагч талын бүтээсэн буюу албан бус эх сурвалжаас татан авсан программ хангамжууд нь вирус, хортой код агуулсан байх нь элбэг тул таныг аюулгүй байдлын талаасаа эрсдэлд оруулж байдаг.
Өөрөөр хэлбэл, App Store, Play Store-оор шалгагдаагүй аппликэйшнүүдийг гэмт этгээдүүд ашиглан, хэрэглэгчийн нууц үг, картны болон бусад хувийн мэдээллийг хулгайлах, ашиглах, утасны микрофон, камер, санах ойд дураараа нэвтрэх зэрэг аюул дагуулдаг. Тиймээс зөвхөн албан ёсны эх сурвалжаас баталгаатай программ хангамж татан авч байх нь зүйтэй.
- Background application-уудыг дур мэдэн хаах
Утасныхаа хурд, цэнэг барилтыг сайжруулахын тулд хэрэглэгчид заримдаа утсанд ачаалагдсан байгаа аппликэйшнүүдийг бөөнд нь хаачихдаг. Энэ нь сайнаасаа илүү муу үр дагавартай гэдгийг анхааруулж байна.
Мэдээж таны хэрэглээгүй аппликэйшнүүд утсанд тань ачаалагдан ажиллаж, хурдыг нь удаашруулж байна гэж итгэх нь зүйн хэрэг. Гэвч ухаалаг гар утаснууд ихэнх нь эдгээр төрлийн аппликэйшнийг хамгийн бага нөөцөөр ачаалж, хэрэгтэй үед бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжоор хангагдсан байдаг. Тиймээс далд ачаалсан байгаа аппликэйшнүүдийг хаах гэж яарах хэрэггүй. Далд ачаалсан байгаа аппликэйшнийг хэрэглэх үед зарцуулах эрчим хүч нь хаагдсан аппликэйшнийг дахин нээж ашиглахаас бага байдаг ажээ.
- Программын шинэчлэл хийхгүй байх
Software update is available буюу программ хангамжийн шинэчлэл татна уу гэсэн сануулга ирэхэд олонхи хүн тоолгүй хааж орхидог. Угтаа бол эдгээр шинэчлэлүүд нь өмнөх программ хангамжийн алдааг засаж, сайжруулалт хийгдэн, таны гар утсыг саадгүй ажиллуулах шинэчлэгдсэн программ байдаг билээ.
Хэрэглээний тав тухаас гадна хамгийн сүүлийн үед илрээд байгаа вирус, элдэв хортой программ хангамжийн эсрэг шинээр үүсгэсэн хамгаалалтууд ч мөн дээрх шинэчлэлд багтсан байдаг онцлогтой. Тиймээс шинэчлэлийг тоохгүй орхих нь утсаа гадны халдлага, вирус нэвтрэхэд хүргэх эрсдэлтэй юм.
Боломжтой бол шинэчлэлийг тухай бүрт нь татан авч суулгаж байхыг хүсье.
- Олон нийтийн газрын Wifi сүлжээ ашиглах
Дуртай кофе шопоороо үйлчлүүлэхдээ тэдний wifi сүлжээг ашиглах нь бидний хувьд нэгэнт дадал болсон зүйл байдаг. Гэвч үйлчилгээний газруудын утасгүй сүлжээ ихэнхидээ ямар ч нууцлалгүй, хамгаалалтын түвшин маш сул байх нь элбэг. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний газрын утасгүй интернэтээр дамжуулан, гэмт этгээд утаснаас тань санхүүгийн мэдээлэл, нууц үг хулгайлах магадлал маш өндөр гэсэн үг.
Тиймээс аль болох нууцлалтай, шифрлэлт бүхий утасгүй сүлжээг олон нийтийн газар ашиглах, мөн энэ үеэрээ элдэв программ хангамжийг гуравдагч этгээдийн сайтаас татахгүй байх, ухаалаг банкны аппликэйшн ашиглахгүй байхыг хичээх хэрэгтэй.
- Утсыг цэнэглэх үеийн буруу дадал зуршил
Гар утасны батарей хэрэглэх тусам бага багаар муудаж, цэнэг барих чадвараа алдаж байдаг ч буруу цэнэглэх нь батарейний хамгийн том дайсан болдог. Гар утасны батарей нь цэнэглэн ашиглах тооны хязгаартай байдаг тул аль болох утсаа 100% дүүртэл нь цэнэглэж ашиглах нь зүйтэй. Мөн хэрэглэх явцдаа цэнэгийг боломжтой бол 30%-с доош оруулахгүй байх нь зохимжтой гэж үздэг.
Цэнэглэнгээ ашиглах нь гар утасны батарейн насжилтыг хамгийн ихээр богиносгодог үйлдэл юм. Мөн цэнэглэх явцад батарей хэт их халж байгаа эсэхийг шалгаж, дэрэн доороо, нарны хурц гэрэлд ил цэнэглэхгүй байж чадвал батарей цэнэгээ удаан хадгалдаг байна.
Эх сурвалж: makeuseof