/2022.06.02/ Говийн дөрвөн аймгийн малчдын төлөөлөл болох 100 гаруй иргэн энэ сарын 30-наас эхлэн төв талбайд “Нутгаа заруулахгүй” тайван жагсаалыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос дараах тодруулгыг авлаа.
-Малчдын тайван жагсаалтай холбоотойгоор УУХҮЯ-наас ямар хариу арга хэмжээ авч байгаа вэ? -
-Энэ долоо хоногт болсон Засгийн газрын хурлаар энэ асуудал хөндөгдсөн. Нэг сумын нутагт хэтэрхий олон лиценз олгож байгаад иргэд бухимдалтай байна. Тиймээс энэ асуудлыг сум, орон нутаг бүрээр нухацтай хянаж, шалгаж үзээд цаашид хайгуулын ажил явуулах эсэхээ шийдвэрлэ гэсэн чиглэлийг өгсөн.
Ер нь сүүлийн хэдэн жил хайгуулын ажил маш эрч муутай явагдсан байдаг. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хайгуулын ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа. Оюутолгой, Эрдэнэт шиг томоохон ордыг хайж олох шаардлагатай байна. Уул уурхайн төслөөс геологийн хайгуулын ажил 10-20 жилийн өмнө түрүүлж явагддаг. Өөрөөр хэлбэл, дараагийн ашиглах ордуудаа бэлтгэж байдаг гэсэн үг юм.
-Дорноговь аймгийн Даланжаргалан сумын тухайд хэр их хэмжээний лиценз олгогдсон байгаа вэ?
-Орд тодорхой судал, бүс нутагт байдаг учир зарим аймаг суманд олон лиценз олгогдсон асуудал байгаа. Гол нь иргэд, малчдын амьдрах орон зай, малын бэлчээр хумигдаж байгаа учраас энэ асуудлыг дахин судалж үзэхийг даалгасан. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын тухайд нэлээд олон лиценз олгогдсон. Иргэдийн зүгээс зөрчил гаргасан компаниудын лицензийг цуцалж, одоо байгаа тооноос нэмэгдүүлэхгүй байх шаардлагыг тавьж байгаа. Үнэхээр зөрчил гаргасан, болохгүй байгаа компаниуд байвал энэ тал дээр бид хамтарч ажиллахад бэлэн байна.
-Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврыг хэдий хугацаанд шийдвэрлэх боломжтой вэ?
- Иргэдийн ярьж байгаа шиг зөрчилтэй компаниуд байгаа бол үүнд нэлээд хугацаа шаардагдана.