/2022.06.02/: Өчигдөр АНУ-ын Тулса хотын эмнэлгийн барилга руу буудсаны улмаас дөрвөн хүн амиа алдсан гэж тус хотын цагдаагийн ахмад мэдээлэв.
Тулса хотын цагдаагийн газрын дэд дарга Эрик Далглэйшийн хэлснээр халдлага үйлдэгч нь өөрийгөө буудаж амиа алдсан бөгөөд түүнээс гадна 4 хүн амь үрэгдсэн байна.
Халдлаг үйлдэгч нь ямар зорилгоор халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа аж. Үл таних буутай этгээд гар буу болон винтов ашиглан хүмүүс рүү гал нээж эхэлсэн гэж Далглэйш хэлэв.
Диспетчер мэдээг хүлээн авснаас хойш гурван минутын дараа цагдаа нар дуудлагыг хүлээн авч, нэг минутын дараа буутай этгээдтэй холбоо тогтоосон гэж албаныхан мэдэгдэв.
Цагдаа болон эмнэлгийн ажилтнууд амиа алдсан хүмүүсийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байна гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Техас мужийн Увалде хотод болсон халдлагын улмаас 19 хүүхэд, хоёр багш амиа алдсан хэрэг гарсан билээ. Хэдхэн хоногийн өмнө Нью-Йоркийн Баффало хотод нэгэн этгээд супермаркетад 10 хүнийг буудан хөнөөсөн бөгөөд буудсан этгээдийг дотоодын терроризм, хүн амины хэргээр буруутгасан байна.
Эх сурвалж: Theguardian