/2022.05.27/: Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг цогцолбор хотхоныг бүтээн байгуулах төслийн явцтай өнөөдөр танилцлаа.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д өмнийн говийн бүс нутагт хөгжиж байгаа болон цаашид хөгжүүлэх уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон төсөл, хөтөлбөр багтсан. Үүнийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт технологиудыг нутагшуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон чиглэлийн чадварлаг инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгцээ, шаардлага бий болоод байгаа юм. Тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.
Оюу Толгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэр-технологийн парк, эрчим хүч, зам тээврийн сүлжээ, дэд бүтцүүд гэх мэт аж үйлдвэрийн цогцолборуудад хэрэгцээтэй байгаа дөрвөн мэргэжилтнийг үндэсний тэргүүлэх томоохон их сургууль болох ШУТИС-ийн шилдэг хөтөлбөрөөр бэлтгэнэ.
Өмнөговийн Технологийн сургуулийн хотхоныг 20 га газарт хоёр үе шаттай бүтээн байгуулна. Эхний шатанд 1000 оюутны их сургуулийн хичээлийн байр, 500 оюутны коллежийн байр, 1500 оюутны дотуур байр, спорт цогцолбор, инноваци судалгааны төв лаборатори, эмнэлэг, номын сан барихаар төлөвлөжээ.
Технологийн сургууль эхний 120 оюутнаа энэ намраас авч эхлэх бөгөөд одоо тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Политехникийн коллежийн байрыг түшиглэж сургалтаа явуулах ажээ. Оюутнууд эхний хоёр жил Өмнөговьд сураад үлдсэн хоёр жилээ Австрали, Канад, БНСУ-д суралцаж төгсөх хөтөлбөрийг зөвхөн Өмнөговь аймгийн Технологийн сургуульд хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Эх сурвалж: ЗГ