/2022.05.23/ Ерөнхий боловсролын сургуулийн 2 сурагч энэ сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээл дээрээ амны хаалттай гүйсний улмаас биеийн байдал нь муудаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Тухайн хоёр хүүхдийн нэг нь тархиндаа цус харвасан гэсэн мэдээлэл байгаа юм. Тиймээс түүний биеийн
байдлын талаар ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн тасгийн зөвлөх эмч О.Энхчимэгээс дараах тодруулгыг авлаа.
Тэрээр:
-Тухайн сурагч 11 настай, эмэгтэй хүүхэд. Тухайн хүүхэд биеийн тамирын хичээл дээрээ гүйж байгаад ухаан алдаж, манай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ирсэн. Одоогоор мэдрэлийн тасагт эмчлүүлж байна. Хүүхдийн биеийн байдал анх ирж байсан үетэйгээ харьцуулахад дээрдэж одоо орчны харьцаатай болж, юм ярьж, хооллож байгаа. ЭХЭМҮТ-д ирээд тархины цус хомсрох харвалт буюу тархины шигдээс гэж оношлогдож бид эмчилгээ хийсэн. Одоо бол харьцангуй сайжирсан" гэв.
Мөн түүнээс биеийн тамирын хичээл дээр амны хаалт зүүх нь хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй болох талаар тодруулахад, "Олон хүүхэд бужигдаж байгаа газар амны хаалт зүүсэн нь дээр байх. Гэхдээ удаан хугацаагаар гүйж, харайх тохиолдолд амны хаалт зүүлгэхгүй байсан нь зөв. Тэгэхгүй бол хүүхэд бахардах, агаар дутагдах, тархинд очих цусан хангамж, хүчил төрөгчийн хэмжээ багасах зэрэг сөрөг нөлөөтэй" гэсэн юм.