Voyager 1 сансрын хөлөг алдаатай өгөгдөл явуулж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Voyager 1 сансрын хөлөг алдаатай өгөгдөл явуулж эхэлжээ

/2022.5.23/ 1977 онд ихэр судалгааны сансрын хөлгүүд болох Voyager1 болон Voyager2 эх дэлхийг орхин гараад хэдийнэ 45 жил болжээ.

Анх эдгээр хөлгүүд далайчин Бархасбадь-Санчир 1977 (Mariner Jupiter-Saturn 1977 – (MJS ‘77)) хэмээн нэрлэгдэж байсан түүхтэй. Уг хөлгүүдийн анхны нэр нь тэдний анхны зорилготой холбоотой бөгөөд тэд Бархасбадь болон Санчир гариг түүний бүслүүр болон тэдгээрийн том саруудыг судлах зорилготой байв.

Гэсэн хэдий ч сансрын хөлгүүдийг зохион бүтээж байсан эрдэмтэн инженерүүд (албан бусаар) цааш үргэлжлүүлэн Тэнгэрийн ван, Далай ван гаригуудыг судлах боломжтойгоор алсын замд бэлдэж сайжруулан зохион бүтээжээ. Цааш үргэлжлүүлэн хөлгүүд судалгаа хийх боломжтой эсэх нь эргэлзээтэй, үл мэдэгдэх байсан ч гэсэн хөлгүүдийн нэрийг 1977 онд одоогийн нэрүүдээр Voyager 1 болон Voyager2 болгон өөрчилсөн юм.

Сансрын хөлгүүд маань анхны зорилгодоо ч хүрч аварга хоёр том гаригаа судлаж чадсан. Эрдэмтдийн тооцооллоор ихэр хоёр сансрын хөлөг цааш үргэлжлүүлэн Тэнгэрийн ван болон Далай ван гаригуудыг судлах боломжтой гэжээ. Үүнд нь 176 жил тутам тохиох гариг хоорондын тохиромжтой байрлал таарсан нь амьдралд нэг удаа тохиох азтай завшаан байсан юм. Сансрын хоёр хөлөг Далай ванг судалчихаад цааш үргэлжлүүлэн нарны аймгаас гарч од хоорондох сансрын уудамд судалгаа хийхээр нисчээ. Ингээд Voyager1 сансрын хөлөг 2012.08.25-нд, Voyager2 сансрын хөлөг 2018.11.05-нд Гелиосфер буюу нарны үүсгэж буй соронзон мандлын давхаргыг гарч од хоорондын зайд гарсан байдаг.

Гэвч өнгөрөгч Лхагва гаригт 2022.05.18-нд НАСА-с мэдэгдсэнээр Voyager1-н телеметрийн өгөгдөл буруу байжээ. Телеметр нь сансрын хөлгийн байрлал, чиглэлийн талаар мэдээлэл өгөх, багаж хэрэгсэл эсвэл хөлөг онгоцны бусад хэсэг хэрхэн ажиллаж байгааг хэлж өгөх юм уу, сансрын хөлгийн цуглуулсан шинжлэх ухааны мэдээллийг дамжуулах боломжтой. Одоогоор сансрын хөлөг хэвийн ажиллаж, дэлхийгээс тушаал хүлээн авч, гүйцэтгэхийн зэрэгцээ шинжлэх ухааны мэдээлэл цуглуулж бас буцааж байгаа гэжээ.

Өөрөөр хэлбэл, сансрын хөлөг нь өөрийн байршил болон чиглэлийн талаарх ташаа мэдээлэл явуулж байгаагаас бусдаар хэвийн ажиллаж байна. Хэрхэн энэ өгөгдлийг өгөөд байгааг одоогоор НАСА-гийн хамт олон тодорхойлж чадаагүй байна. Энэхүү алдаатай өгөгдөл нь мэдээлэл дамжуулагчдаа байна уу эсвэл өөр дэд ангиудаас үүсч байна уу гэдгийг нарийн судлаж мэдтэл Voyager1 сансрын хөлгийг цаашид хэр удаан ажиллагаатай хэвээр байхыг хэлж мэдэхгүй байгааг дуулгалаа.

Voyager1 одоогоор дэлхийгээс 23,3 тэрбум км-н алсад буюу 20 цаг 33 минутын гэрэл туулах зайд байна. Дэлхийгээс сигнал илгээгээд хариу хүлээж авахад ойролцоогоор хоёр өдөр болно гэсэн үг. Тэгэхээр нэг бүрчлэн нарийн шалгахад маш их цаг орох нь. НАСА-гийн Тийрэлтэт Хөдөлгүүрийн Лабораторийн Voyager1,2 төслийн менежер Сюзанна Додд энэхүү үйл явдлын талаар:

“Хоёр сансрын хөлөг 45 настай бөгөөд анх төлөвлөж байснаас хол илүү насалчихсан. Сансрын алс холын энэ даалгаварт иймэрхүү үл ойлгогдох, нууцлаг зүйлс болох нь хэвийн зүйл гэж болно. Бид од хоорондын сансарт маш өндөр цацрагтай орчинд өмнө нь ямар ч сансрын хөлөг хүрч очиж байгаагүй газар байгаа. Хэрвээ энэ асуудлыг шийдэж болох гарц байгаа л юм бол манай баг олж чадна. Хэрвээ асуудлыг олж чадахгүй бол энэ нөхцөл байдалдаа дасан дохицох болно гэж мэдэгдсэн байна.

Хэрвээ асуудлын голыг олж чадвал програм хангамжийн өөрчлөлт эсвэл сансрын хөлгийн нэмэлт нөөц техник хангамжийн аль нэг системийг ашиглан асуудлыг шийдэж магадгүй юм.

Харин ихэр хөлөг болох Voyager2 нь дэлхийгээс 19,5 тэрбум км-н зайд хэвийн ажиллаж байгаа аж. Ихэр хөлгүүд нь од хоорондох сансарт дараах судалгаануудыг хийж байна:

  1. Соронзон орны судалгаа
  2. Бага энергийн цэнэгтэй бөөмийн судалгаа
  3. Сансрын цацрагийн судалгаа
  4. Плазмын судалгаа
  5. Плазмын долгионы судалгаа

Эдгээрийг хийж од хоорондох сансар болон Гелиосферын талаар илүү гүнзгий ойлголттой болоход туслана. Хөлөг тус болгон нь жилд 4 Ватт-с бага эрчим хүч үйлдвэрлэж байгаа учир сансрын хөлгийн ажиллаж болох тоног төхөөрөмжүүдийг хязгаарладаг байна. Шинжлэх ухааны багаж хэрэгсэл, чухал системүүдийн эрчим хүчийг нөөцлөхийн тулд төрөл бүрийн дэд систем, халаагчийг унтраасан байдаг. Хязгаарлагдмал бөгөөд багасч байгаа эрчим хүчний нөөцтэй ч шинжлэх ухааны холбогдолтой ямар ч багаж төхөөрөмжүүдээ хоёр сансрын хөлгөөсөө унтраахгүй бөгөөд 2025 оноос цааш ч гэсэн хөлгүүдээ хэвийн ажиллуулж шинжлэх ухааны мэдээлэл өгөгдлүүдээ хэвийн өгч авч чадна гэж тус баг хамт олон үзэж байгаа юм байна.

Сансрын хөлгүүдийн ололт амжилт

Хамгийн анхны од хоорондох сансарт гарснаас гадна хоёр хөлөг маань маш олон шинжлэх ухааны том ололт амжилтыг хийсэн байдаг. Үүнээс дурдвал:

  • Бархасбадийн 3 шинэ сар, Санчир гаригт 4 шинэ сар, Тэнгэрийн вангийн 11 шинэ сар, Далай вангийн 6 шинэ сар олж нээсэн.
  • Хамгийн анхны 4 өөр зорилтот гариг дайрсан хөлөг онгоц(Voyager2)
  • Бархасбадь, Тэнгэрийн ван, Далай вангийн цагиргийг дүрсэлсэн анхны сансрын хөлөг (Voyager2)
  • Дэлхийгээс гадна идэвхтэй галт уулуудыг илрүүлсэн анхны сансрын хөлөг (Бархасбадийн дагуул Ио —Voyager1 дээр)
  • Дэлхийгээс өөр гариг дээр аянга цахилгааныг илрүүлсэн анхны сансрын хөлөг (Бархасбадь дээр —Voyager1)
  • Дэлхийгээс өөр газар далай байх боломжтойг илрүүлсэн (Бархасбадийн сар Европт)
  • Дэлхийгээс өөр азотоор баялаг агаар мандлыг илрүүлсэн анхны сансрын хөлөг нь (Санчир гаригийн дагуул Титан —Voyager1)
  • Од хоорондох орчны нягт, соронзон орон мөн гэрлийн хурдад дөхөж очсон сансрын цацрагийн эрчмийг бүрэн хэмжсэн мөн
  • Цацраг туянаас бүрэн хамгаалагдсан анхны сансрын хөлгүүд бөгөөд өдгөө хүртэл энэ аргыг стандарт болгож сансрын хөлгүүдийг цацрагаас хамгаалахад ашигладаг
  • Гадны электростатик цэнэгээс хамгаалсан анхны сансрын хөлөг
  • Анхны бие даасан гэмтлийн хамгаалалттай сансрын хөлөг бөгөөдөөрөө асуудлаа илрүүлж, засах арга хэмжээ авах чадвартай

Гэх мэтчилэн цухас дурдахад л ийм байна. Мөн одоогийн байдлаар хамгийн удаан ажиллаж байгаа мөн хамгийн хол явсан амжилтыг үзүүлжээ.

Өөр сонирхолтой баримтуудаас дурдвал:

Voyager2 хэдийгээр түрүүлж дэлхийгээс хөөрсөн ч гэсэн Voyager 1 түрүүлж Бархасбадь гаригт хүрэх учраас нэрийг нь ийн тогтжээ.

Сонирхуулж хэлэхэд, Voyager1 хөлгүүдэд “VoyagerАлтан Пянз” байдаг бөгөөд үүнд нь дэлхий дээрх амьдрал, соёлын олон талт байдлыг харуулахаар сонгогдсон дуу, дүрсийг агуулсан бөгөөд тэдгээрийг олж болох аливаа ухаалаг харь гарагийн амьдралд зориулагдсан байдаг.

Корнелийн Их сургуулийн доктор професор Карл Саганаар ахалсан хороо 115 зураг болон далайн аялгуу, салхи, аянга, шувууд, халим болон бусад амьтдын дуу чимээ гэх мэт төрөл бүрийн байгалийн дуу чимээг оруулсан байна. Үүн дээр нэмээд өөр өөр соёл, эрин үеийн хөгжмийн түүврүүдийг нэмж, 55 өөр хэл дээрх мэндчилгээ, тухайн үеийн АНУ-н Ерөнхийлөгч Картер, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Вальдхайм нарын үгсийг хэвлэж хавсаргасан байна. Мөн алтан пянзны хавтасан дээр зургууд зурсан бөгөөд үүнд тухайн пянзыг хэрхэн тоглуулах (зурагны зүүн дээд хэсэг), зураг хэрхэн сигналаас хувиргаж гаргах (баруун дээд), нарны аймгийн байршлуудыг харуулсан байдаг (зүүн доод хэсэг).

Мөн пянзны нүүрэн дээр маш бага тунтай Уран-238-г бүрсэн байдаг. Уран-238-н хагас задрал нь 4,51 тэрбум жил учир үүнийг цацраг идэвхт цаг болгон ашиглаж болно гэж үзжээ. Үүнийг шинжилснээр энэ хөлөг хэзээ дэлхийгээс гарсныг тооцоолж болно.

Бүдэг цэнхэр цэг – Pale blue dot

1990 оны 2 сарын 14-нд Voyager1 сансрын хөлөг 6 тэрбум км-н зайнаас өөрийн даалгаврын сүүлийн зургуудаа аваад камераа унтраасан байдаг. Эдгээр зургууд нь “нарны аймгийн гэр бүлийн зураг” гэдгээрээ алдаршсан бөгөөд Сугар, Дэлхий, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай вангийн зургууд багтсан байдаг.

Чухамхүү энэ л зургаас алдарт эрдэмтэн Пулитцерийн шагналт Карл Саган “Бүдэг цэнхэр цэг – Pale Blue Dot” гэж дэлхийг нэрийдэж, мөн л энэхүү нэрээрээ алдарт номоо нэрлэсэн байдаг.

Эх сурвалж: Зарим мэдээллийг NASA Jet Propulsion Laboratory (JPL) - Robotic Space Exploration сайтаас авав.

Усанд осолдсон хоёр хүнийг хайж байна
Усанд осолдсон хоёр хүнийг хайж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.