/2022.05.20/: Украины ерөнхийлөгч Володимир Зеленський пүрэв гаргийн орой хэлсэн үгэндээ, Киевээс хойд зүгт орших Чернигов мужийн Десна тосгоныг Оросууд пуужингаар харваж, олон хүн амь үрэгдэв. Десна нь Беларусийн хилээс 120 орчим км-ын зайд оршдог гэлээ.
Тэрээр нэмж "Оросууд Чернигов мужид пуужингаар цохилт өгсөн, ялангуяа Десна руу хийсэн пуужингийн аймшигт цохилтын дараа нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа хийхэд маш олон хүн нас барсан байсан" гэж хэлэв.
"Одесса муж, Донбасс, Украины төв хэсгийн хотууд бүрэн сүйрсэн. Энэ бол Оросын зүгээс баримталж байгаа аль болох олон украинчуудыг хөнөөх гэсэн санаатай гэмт хэргийн оролдлого" гэж тэр хэлэв.
Украины Зэвсэгт хүчин Харьков мужийг чөлөөлөх ажил урагшилсаар байна гэж Зеленський хэлэв.
“Донбаст эзлэн түрэмгийлэгчид дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг оролдож байна. Тэнд там шиг байгаа бөгөөд би нөхцөл байдлын талаар огт хэтрүүлж яриагүйг та бүхэн харах болно. Түүний нэг жишээ гэхэд Северодонецкийн харгис хэрцгий, утгагүй бөмбөгдөлт бөгөөд ганцхан өдрийн дотор 12 хүн нас барж, олон арван хүн шархадлаа" гэж тэр үргэлжлүүлэв.
"Оросын армийн агаарын болон пуужингийн цохилтууд хотуудыг бөмбөгдөж, буудаж байгаа энэ байдлыг харахад зүгээр нэг дайны үеийн тулаан хэрхэвч биш. Тэдний бай дан ганц цэргүүд, техник биш байгаа нь харагдаж байна. Тэд аль болох олон байшин, нийгмийн байгууламж, аж ахуйн нэгжүүдийг устгадаг. Энэ бол Украины ард түмнийг хоморголон устгасан явдал бөгөөд үүний төлөө эзлэн түрэмгийлэгчид заавал хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэж тэр нэмж хэлэв.
“Оросын дайны гэмт хэрэгтний эсрэг анхны шүүх хурал Украинд аль хэдийн эхэлсэн. Олон улсын шүүхийн хүрээнд шударга ёсыг бүрэн сэргээснээр дуусна гэдэгт би итгэлтэй байна. Гэмт хэрэг үйлдэх даалгаврыг өгсөн, гүйцэтгэсэн бүхнийг олж, хариуцлага хүлээлгэнэ” гэж тэрбээр эцэст нь хэллээ.
Эх сурвалж: CNN