/2022.05.19/: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн, хувиараа бизнес эрхлэгч Ч.Цогтбаатар нь ах дүү нарынхаа таван гэрээр хамтран заган ойг үрээр тарьж ургуулах ажлыг 2018 оноос хийж хэрэгжүүлж эхэлжээ.
Говь нутагт цөлжилтийг зогсоох хамгийн ач холбогдолтой ургамал нь заг мод юм.
Нөөц нь жилээс жилд багасч байгаа загийг тарьж ургуулах аргыг Монголчууд тэр бүр сайн мэддэггүй бөгөөд ах дүүсийн нэг нь Хятадад заг модыг үрээр тарьж ургуулах ажил хийж байгаад туршлага судалж Монголдоо заган ойг бүтээхээр ирсэн байна.
Загийг үрээр тарих нь маш их хөдөлмөр хугацаа шаардсан ажил. Загийг ургуулахын тулд эхлээд загийн навч гэж хэлж болох замбагыг намар түүж авдаг байна. Тэрхүү навчин дотроос загийн үр болох шар будаанаас жижигхэн хар үрийг түүж авч, бууцаар бордсон талбайд суулгаж ургуулдаг байна. Энэхүү технологийн дагуу ах дүүс нийлэн бүтэн 2 жил уйгагүй тарисны эцэст 300 га газарт суулгах 250,000 ширхэг суулгац ургуулж авч чадсан байна.
Эх сурвалж: ЭЦА