/2022.05.17/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Бенуа Боскет тэргүүтэй байгаль орчин, хөдөө аж ахуй, нийгмийн асуудал хариуцсан багийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дэлхийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дэлхийн банкны зүгээс “Зөвлөх үйлчилгээ”-г санаачлан эхлүүлж, стратеги, замын зураг боловсруулахад хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.
Монгол Улсын ойн салбарын үндэсний чадавхыг сайжруулах, агро ойн аж ахуйг хөгжүүлэх, мөн хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулахад Дэлхийн банкны зүгээс техникийн туслалцаа үзүүлэх, туршлага солилцох болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Эх сурвалж: President.mn