/2022.05.05/: Сансрын компани Orbital Assembly-ын тусламжтайгаар нарны аймгийг харж болох зочид буудлын тансаг өрөөнд сэрэх нь аялал жуулчлалын ирээдүй байж болох юм.
АНУ-д төвтэй тус компани 2019 оноос хойш төлөвлөж буй тойрог замд эргэлдэж байгаа сансрын зочид буудлын төлөвлөгөөнийхөө шинэ мэдээлийг дэлгэлээ.
Энэхүү санааг анх Калифорнийн Gateway Foundation компани гаргаж байсан аж.
Төслийг одоо Gateway-аас салаалж гарсан сансрын барилгын компани болох Orbital Assembly Corporation хариуцаж байна.
Orbital Assembly одоо жуулчдыг байрлуулах нэг биш хоёр сансрын станцыг хөөргөхийг зорьж байна: анхны нэрээ өөрчилсөн Вояжер станц нь 400 хүний багтаамжтай бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол 28 хүний суудалтай шинэ концепц болох Pioneer Station нь одоогоос гуравхан жилийн дотор ашиглалтад орох боломжтой гэлээ.
Зорилго нь оффисууд болон жуулчдад зориулсан сансрын "бизнес парк" байгуулах явдал юм гэж Orbital Assembly хэлэв.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Virgin-ийг үндэслэгч тэрбумтан Ричард Брэнсон Virgin Galactic компанийхаа хамт дэлхийн тойрог замд гарсан бол "Star Trek"-ийн жүжигчин Уильям Шатнер Blue Origin-ийн тусламжтайгаар сансарт ниссэн хамгийн өндөр настай хүн болжээ.
Гэхдээ сансар огторгуйн аялал нь маш үнэтэй байгаа бөгөөд энэ нь дундаж орлоготой иргэдийн хувьд бүтэшгүй аялал хэвээр байгаа аж.
Гэвч "сансрын аялал жуулчлал хөгжихийн хэрээр энэ саад бэрхшээлийг арилгах болно" гэж Orbital Assembly-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Тим Алаторре үзэж байна.
Алаторре CNN Travel-д өгсөн шинэ ярилцлагадаа "Олон тооны хүмүүст сансарт амьдарч, ажиллаж, хөгжих боломжийг олгох нь үргэлж бидний зорилго байсаар ирсэн" гэв.
Алаторре хэлэхдээ, Пионер станцын шинэ цөөн хүн байх байгууламжийн сонирхол татахуйц зүйл бол түүний жижиг хэмжээс бөгөөд хурдан гүйцэтгэх боломжтой байдал юм гэв.
"Энэ нь хүмүүст сансар огторгуйг илүү хурдан, илүү өргөн хүрээнд мэдрэх боломжийг бидэнд олгоно" гэж тэр хэлэв.
Пионерийн станц болон Вояжер станцын аль алинд нь оффис болон судалгааны байгууламжуудыг түрээслүүлэхээр төлөвлөжээ.
Орбитыг дэлхийг тойрон эргэлдэх дугариг хэлбэрийн хоёр байгууламж байхаар төлөвлөгдсөн аж.
Орбитыг эргүүлж байгаа хувинтай ус мэт байлгахаар таталцлыг зохицуулна гэж мэдэгджээ. Таны санаанд хувинтай усыг эргүүлэхэд доторх ус ямар байдаг нь шууд бууж байгаа байх.
Мөн Орбитын дотор загвар нь дэлхийнхтэй адил байх бөгөөд нэг ялгаатай зүйл нь орчныг харах боломжтой асар том цонхнууд юм.
Эх сурвалж: CNN