/2022.05.02/: Цахимын багц хууль буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиуд өчигдөр буюу тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээр хувь хүний мэдээллийг хуулиар хамгаалах бүрэн боломж нээгдсэн.
Төрийн байгууллага болон бусад хуулийн этгээд тухайн хүний мэдээллийг ямар нэгэн байдлаар цуглуулж, ашиглаж байгаа бол мэдээллийн эзэнд зорилгоо мэдэгдэж зөвшөөрөл авна. Мөн хурууны хээгээр ажлын цагийн бүртгэл хийх, банк санхүүгийн байгууллага болон худалдаа үйлчилгээний байгууллага хүний хурууны хээний мэдээллийг цуглуулахыг хориглож байгаа.
Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр иргэд төрд байгаа өөрийн мэдээллийг цахим гарын үсгээр баталгаажуулж, цахимаар авч болно. Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллага 126 багц үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Эдгээр багц үйлчилгээнээс улсын бүртгэлийн байгууллага дээр дөрвөн төрлийн үйлчилгээг биеэр очиж авна. Үүнд хурууны шинэчилсэн хээний бүртгэл, Монгол Улсын иргэний харьяаллаас гарах, эсвэл орж байгаа тохиолдолд, хоригтой холбоотой гэх мэт үйлчилгээнүүд орж байгаа. Газартай холбоотой үйлчилгээг заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагагүй.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрд байгаа мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж ангилж байгаа. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд 5 ангиллын 68 төрлийн мэдээллийг байнга нээлттэй байхаар заасан бөгөөд дээрх мэдээллийг цаашид албаны нууцад хамааруулахгүй.
Тухайлбал Тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хот болон газар зохион байгуулалт төлөвлөлт түүнд оруулж буй нэмэлт өөрчлөлт, газар эзэмшигчийн бүхий л мэдээлэл, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ байгуулсан гэрээ газар ашигласны төлбөр зэрэг мэдээлэл багтана.