Google-ээс хайлт хийхдээ зураг болон текстийг зэрэг ашигладаг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Google-ээс хайлт хийхдээ зураг болон текстийг зэрэг ашигладаг болно

/2022.04.11/: Google компани өнгөрсөн оны есдүгээр сард хайлтын системтэй холбоотой мэдээлэл хийхдээ Google Lens программдаа томоохон өөрчлөлт хийж, уг программын тусламжтайгаар зураг авч, зургийнхаа талаар хайлт хийх боломж нээж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл Google Lens дээр Multisearch гэсэн шинэ үйлдэл нэмэгдэж, Android болон iOS төхөөрөмжүүд дээр туршигдаж эхэлжээ.

Multisearch бол хайлт хийх цоо шинэ арга гэж Google компани мэдэгдсэн бөгөөд заримдаа хайж буй зүйлээ үгээр хэрхэн илэрхийлж, дүрслэхээ мэдэхгүй байх үед тус болох зориулалттай юм. Google Lens ашиглан, шинээр зураг авах буюу өмнө авсан зурагнуудаасаа татан авч, хайлт хийгээд, хайлтын үр дүнг харуулж буй цонхны дээд хэсэгт байрлах “Add to your search” товчийг дарах юм.

Ингэснээр хэрэглэгч тухайн зураг дээр байгаа зүйлийн талаар асуулт асуух, эсвэл өнгө, брэнд нэр, содон шинж тэмдэгүүд нэмж оруулах замаар хайлтын үр дүнгээ илүү тодорхой болгох боломжтой. Жишээлбэл, доор байдлаар хайлт хийж болох ажээ.

  • Улбар шар өнгийн загварлаг даашинзны зургийг screenshot хийж хайлт хийхдээ “ногоон” гэж нэмж бичээд хайлт хийвэл тухайн загварын ногоон даашинз хайлтаар гарч ирэх
  • Хоолны хэрэгслийн зураг аваад, хайлт хийхдээ “кофены ширээ” гэж хайвал хоолны хэрэгсэлтэй нь зохицох ширээг хайж олох
  • Ямар нэг цэцэгт ургамлын зураг аваад, “асаргаа арчилгаа” гэж бичээд хайх гэх мэт.

Хувцас загварын болоод гэрийн дотоод тохижилт чимэглэлийн чиглэлээр хайлт хийхэд энэхүү шинэ үйлдэл нь одоогоор хамгийн сайн илэрч үзүүлж байгаа бөгөөд цахим худалдааны сайтууд дээрээс тухайн хайлтын үр дүнг түлхүү харуулж байгаа ажээ.

Lens Multisearch үйлдэл нь хиймэл оюун ухааны дэвшилтэй салшгүй холбоотой гэж мөн Google компани блогтоо дурдаад, ойрын хугацаанд MUM (Multitask Unified Model) нэртэй хиймэл оюун ухааны шинэ загварчлалаа сайжруулан илүү үр дүнтэй хайлтууд хийх боломж бүрдэнэ гэж найдаж байгаагаа мөн мэдэгджээ. Энэхүү шинэ загварчлал нь мэдээллийг текст, зураг, видео гэх мэт олон хэлбэрээр хүлээн авч, тэдгээр өгөгдөлтэй холбоотой сэдвүүд болон шинэ санаанууд, сүүлийн үеийн чиг хандлагуудын хоорондох уялдаа холбоог өөрөө тодорхойлох юм.

Үүний өмнө Google компани хиймэл оюун ухааны одоогийн загварчлалаа сайжруулж, тодорхой эмзэг сэдвүүдээр, тухайлбал, амиа хорлолт, бэлгийн хүчирхийлэл, мансууруулах бодисын хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сэдвээр хайлт хийх үед гарч ирэх илэрцүүдийг илүү нарийвчилж, эрсдэл багатай илэрцүүдийг харуулдаг болгож байгаагаа мэдэгдээд байсан юм. Мөн хиймэл оюун ухааны бусад технологиуд ашиглан, хэрэглэгчийн хайж буй зүйлтэй хамааралгүй, зар сурталчилгааны шинжтэй буюу зүй бус агуулгуудыг аль болох харуулахгүй устгах чиглэл барьж байгаа ажээ.

Хүүхдүүдэд зориулсан “Нислэгийн өмнөх хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Хүүхдүүдэд зориулсан “Нислэгийн өмнөх хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.