/2022.03.17/ Нийслэлийн 97-р сургуулийн багш ангийнхаа сурагчид гар хүрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрд хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стрессдэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд бүр багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд бүр багшийн зандраанд айдастай хичээллэх ёсгүй шүү. Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ.
Нийгмийн сүлжээнд Нийслэлийн БЗД-ийн 97-р сургуулийн багш Цэрэнбадам нь сурагчийг зодож буй үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон талаарх мэдээ цацагдсан байх юм. Тус сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг багшийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж дүгнэжээ. Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг давалгаа, боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан бодлого, мэргэжлийн сэтгэл зүйчдийг бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзмээр байдаг. Манлайлах ёстой багш нь эсрэг яваад байж болохгүй.
Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Нүднээс далд, хүүхэд айгаад, нуугаад хэлдэггүй тохиолдол, бас камергүй орчинд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролыг улс төрөөс ангид байлгах зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдана.
Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно. Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй ээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд багш л бүрдүүлнэ гэдгийг маш сайн ойлгоосой" гэжээ.