/2022.03.15/: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Дакка хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон Далайн бүсийн 36 дугаар бага чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцлоо.
Тус бага чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Хөдөө аж ахуйн яам, Хүнсний яам, Мал аж ахуй, загас агнуурын яамнаас гаргасан үзэсгэлэнд оролцож, тус улсын хөдөө аж ахуйн салбарын техник, технологи, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.
Түүнчлэн ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь тус улсын Хөдөө аж ахуйн сайд Др. Мухаммад Абдур Раззактай хоёр талын уулзалт хийж, хоёр орны хөдөө аж ахуйн салбар тэр дундаа газар тариалангийн салбар, экспортын асуудлаар санал солилцож, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ