Б.Далайжаргал: Музей болсон Сүхбаатар хөлөг онгоцны түүхийг ярьж өгье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Далайжаргал: Музей болсон Сүхбаатар хөлөг онгоцны түүхийг ярьж өгье

Энэ сарын 3,4-ны өдөр болсон "Хөх сувд-2022" мөсний баярын нэг онцлох зүйл бол өнгөрсөн намар татаж гаргасан "Бор-500" загварын "Сүхбаатар-1" хөлөг онгоц байлаа. Мөсний баярт ирсэн хүн бүр автомашин, морин чаргатай энэхүү хөлөг онгоцыг үзэхээр зорин очно.

1985 онд живсэн гэх уг онгоцыг 36 жилийн дараа татан гаргаж Хөвсгөл нуурын эрэгт аялал жуулчлалын зориулалтаар байршуулжээ.

Нэлээд элэгдэж хуучирсан онгоцны доторх байдал сонирхол татаж байв. Хөлөг онгоцны дээд талд ачаа ачих зориулалт бүхий ил талбай байх бөгөөд харин хөлгийн дотор талд ажилчдын амрах өрөө, шүршүүр, давхар ортой нэлээд хэдэн өрөө байх аж. Нэгэн өрөөнд орвол хувцасны шүүгээ, 120 см орчим өндөртэй толь, сандал, ширээний үлдэгдэл байна. Мөн цааш явж үзвэл хоёр давхар ор, ширээтэй өрөө харагдана. Тус өрөөний хана хэзээ нэгэн цагт хөх номин өнгийн ханын цаастай байсан болов уу гэмээр тасархайнууд үзэгдэх нь өөрийн эрхгүй сонирхол төрүүлнэ.

Бидэнтэй хамт явж байсан нэгэн эрхэм Хатгал тосгоны уугуул хүн байлаа. Түүнийг Б.Далайжаргал гэх бөгөөд өдгөө 50 гарч яваа юм. Тэрбээр багадаа Хөвсгөл нуурын мөсөн дээр тоглож, загас барьж өссөн нэгэн ажээ. Мөн тэдний саахалт айлын хүн "Сүхбаатар-1" хөлөг онгоцны ажилтан байсан учир энэхүү зэвэрч, хуучирсан онгоц нэлээд дотно санагддаг талаар ярьж хөөрсөн юм.

Б.Далайжаргал 36 жил нуурын ёроолд байсан онгоц болон Хөвсгөл нуур, Хатгал тосгоныхоо талаар бидэнд ийнхүү хуучилсныг та бүхэнд хүргэе.

Хатгал тосгоны уугуул Б.Далайжаргал

СҮХБААТАР-1 ОНГОЦ БАРУУН АЙМГУУДЫГ ШАТАХУУН, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР БҮРЭН ХАНГАДАГ БАЙВ

Социализмын үед зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө баруун аймгуудыг хүнс, бараа бүтээгдэхүүнээр хангадаг хамгийн том тээврийн хэрэгсэл "Сүхбаатар-1" хөлөг онгоц байлаа. Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдыг шатахуун болон бараа материалаар хангах усан тээвэр анх 1933 онд ашиглалтад орсон гэж ярьдаг. Энэ онгоцоор зах зээлийн нийгэмд шилжих хүртэл тээвэр хийсэн түүхтэй.

"Сүхбаатар-1 онгоц живсний дараа одоогийн шинэ Сүхбаатар онгоцыг ОХУ-аас Хөвсгөл нуурт авчирсан бөгөөд бараг тээвэрт явалгүй зах зээлийн шуурганд өртөж үйл ажиллагаа нь зогссон гэдэг. Харин сүүлийн жилүүдэд хувь компаниуд хувьчлан авч аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байна.

Хуучин "Сүхбаатар-1" онгоц уураар ажилладаг байсан. Нүүрс байхгүй учир модоор галлаж уур үйлдвэрлэн хөдөлгөдөг байв. Тус онгоц өөрөө ачаа ачихаас гадна давхар Ургац, Долгион, Хөвсгөл гэсэн 3 чиргүүл чирдэг байсан. Үүний хоёр нь бараа материал, нэг нь шатахуун тээвэрлэдэг байв.

Өглөө нь Ханх сумаас бараа материалаа ачиж аваад шөнөдөө Хатгал руу буцдаг байсан. Хатгал Ханх хоёрын хооронд 180 км байдаг бөгөөд энэ хооронд 12 цаг явдаг байсан гэдэг.

Хатгал тосгон нь өөрөө баруун таван аймгийг түлш, шатахуун, бараа материалаар хангах зориулалтаар байгуулагдсан далайн тээврийн боомт байв.

НЭГ УДААД ТЭЭВЭР ХИЙХЭД НЭГ ЗИЛ-130 МАШИНЫ АЧААНЫ ДАЙТАЙ МОД ТҮЛДЭГ БАЙЖЭЭ

"Сүхбаатар-1" онгоц нь тухайн үедээ хэдэн мянган тонн ачаа ачиж, тээвэрлэдэг байлаа. Энэ хэрээр нэг удаад тээвэр хийхэд 5 тонн мод буюу ойролцоогоор нэг зил-130 машины ачааны дайтай мод түлдэг байв.

Онгоцны живсэн шалтгаан нь хуучирч, элэгдсэнтэй холбоотой. Энэ хөлөг онгоц нь өөрөө хүндрүүлэгч, хөвөгчтэй, давлагаанд тэнцвэртэй, живэхгүй байх үүднээс хөвүүр, ёонкстой байсан. Хөвүүр, ёонкс нь усанд байсаар элэгдэлд орж, цоорч живсэн гэж ярьцгаадаг.

Ер нь хуучин "Сүхбаатар-1" онгоц хийцийн хувьд их бүдүүлэг байсан юм билээ. Шууд гагнаад холбочихсон учир хэсэг хэсгээр нь салгах ямар ч боломж байхгүй. Харин сүүлд авчирсан онгоц нь хийцийн хувьд угсраад буцаагаад тайлж авах боломжтой хийгдсэн байдаг.

Хөлөг онгоцны анхны капитан нь Гавьяат тээвэрчин Б.Чадраабал гэж хүн байсан бөгөөд түүний хүү Ч.Бат аавынхаа ажлыг өвлөн авч дараагийн капитанаар томилогдсон. Ч.Бат капитан өнгөрсөн жил өөд болсон юм билээ.

Тухайн үедээ "Сүхбаатар-1" онгоц баруун аймгуудыг бараа материалаар хангаж байсан нь эдийн засгийг маш их хэмнэж, Монгол Улсын хөгжилд нэлээд хувь нэмэр оруулж байсан юм.

Хатгал тосгон маань их эртний түүхтэй, 6 мянга гаруй хүн оршин суудаг хот байлаа. 1990-ээд оноос өмнө үйлдвэр аж ахуйн газар олонтой томоохон газар байв. Хатгал нь тухайн үедээ нийтийн ахуй үйлчилгээний комбинат, худалдаа бэлтгэлийн пресс, дамжлага болон нефть баазтай байв. Түүнчлэн мод болон ноос боловсруулах үйлдвэртэй байсан. 1934 онд Монголын хамгийн анхны ноос угаах үйлдвэр Хатгалд байгуулагдаж байсан түүхтэй. Зах зээлээс өмнө түм түжгэнэж, бум бужигнасан сайхан газар байлаа. Одоо бол Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон гэдэг статустай болоод 20 гаруй жил болж байна.

Уншигч танд Сүхбаатар хөлөг онгоцны доторх зургийг хүргэж байна.

Сүхбаатар хөлөг онгоцны чиргүүлүүд: Ургац, Долгион, Хөвсгөл

122 дугаар сургууль анхны газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн сургууль боллоо
122 дугаар сургууль анхны газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн сургууль боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.