/2022.02.22/: Хятадын засгийн газар Тайваньд зэвсэг нийлүүлсэн Америкийн Raytheon Technologies болон Lockheed Martin компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаар шийджээ.
Энэ тухай даваа гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэнбин мэдэгдэв.
“БНХАУ-ын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалахын тулд Хятадын засгийн газар гадаадын хориг арга хэмжээний эсрэг хуулийн дагуу олон жилийн турш Тайваньд зэвсэг нийлүүлэх ажилд оролцсон АНУ-ын батлан хамгаалахын Raytheon Technologies болон Lockheed Martin компаниудын эсрэг хариу арга хэмжээ авахаар шийджээ.
Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч АНУ-д хандан Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, Тайваньтай бүх цэргийн харилцаагаа таслахыг уриалав.
Хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Батлан хамгаалах яамны аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг мэдэгдэхдээ, Төрийн департамент Патриот зенитийн пуужингийн системийг техникийн "дэмжих, засвар үйлчилгээ, сайжруулах" зорилгоор Тайваньд үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмж худалдахыг зөвшөөрсөн ба энэхүү тохиролцооны нийт дүн нь 100 сая доллар ажээ.
Агентлагийн мэдээлснээр энэхүү хэлэлцээрийг "АНУ-ын засгийн газрын шаардлагаар" агаарын довтолгооноос хамгаалах Патриотын техникийн үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ба гүйцэтгэгчээр Raytheon Technologies болон Lockheed Martin корпораци нэрлэгдсэн ажээ.
2020 оны аравдугаар сард Хятадын эрх баригчид Lockheed Martin, Raytheon Technologies, Boeing Defence компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаа зарласан. Дараа нь Америкийн Тайваньд 1.8 тэрбум долларын зэвсэг нийлүүлсэнтэй холбогдуулан энэхүү арга хэмжээг авчээ. Агентлагийн мэдээлснээр, SLAM-ER далавчит пуужин, HIMARS олон хөөргөх пуужингийн систем, MS-110 онгоцонд зориулсан тагнуулын сав нийлүүлсэн тухай яригдаж байна.
1949 онд Чан Кайши (1887-1975) тэргүүтэй Гоминданы хүчний үлдэгдэл Хятадын иргэний дайнд ялагдаж тэндээс дүрвэснээс хойш Тайванийг өөрийн бие даасан засаг захиргаа удирдаж байна. Тэр цагаас хойш тус аралд коммунистууд засгийн эрхэнд гарахаас өмнө эх газарт байсан хуучин Бүгд Найрамдах Хятад улсын туг болон бусад шинж чанарууд хадгалагдан үлджээ. Албан ёсоор Бээжин Тайванийг БНХАУ-ын мужуудын нэг гэж үздэг юм.
Эх сурвалж: Тасс