Иргэдийн вакцины идэвх болон Омикроны дэд хувилбар болох ВА2 мутацийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяртай ярилцлаа.
-Цагаан сарын өмнөхөн буюу Омикроны давлагааны үеэр иргэдийн гуравдугаар тунд хамрагдах идэвх сайн байсан. Харин сүүлийн үед дархлаажуулалтын цэгт өдөрт 4-5 хүн ирж байгаа талаар вакцинжуулалт хийж байгаа эмч, ажилтнууд хэлж байна?
-Манай улсын хувьд гуравдугаар тунгийн хамрагдалт өндөр байгаа. Өнөөдрийн байдлаар 1 сая гаруй хүн бүүстэр тунд хамрагдсан байна. Зорилтот бүлгийн иргэд буюу 18-аас дээш насныхан 2 сая 200 мянга орчим байгаа. Үүний 50 хувь нь вакцинд хамрагдсан гэсэн үг.
Харин дөрөвдүгээр тунд 90 мянга гаруй хүн хамрагдсан. Үүнээс дөрөвдүгээр тунгийн хамралт сул байгаа нь харагдаж байна.
-Одоогоор хэдэн хүн Омикрон хувилбараар өвдчихсөн байна вэ?
-Омикрон хувилбарын давлагааны оргил үе буюу энэ оны нэгдүгээр сарын 15-30-ний хооронд өдөрт 15-20 мянга хүн омикроноор халдварласан байх магадлалтай гэж үзэж байгаа. Үүнд рапид шинжилгээ болон шинж тэмдэггүй өвдсөн, гэрэгэ системд бүртгүүлээгүй хүмүүс багтаж байна.
-Манайх Омикроны давлагааг хэрхэн давж гарав?
-Бүүстэр тунгийн хамралт өндөр байсан улс орнуудад Омикроны давлагаа хөнгөн байсан. Манайх халдварын давлагаанд бага өртсөн улсуудын тоонд багтаж байгаа. Харин Япон улсад хүн амынх нь ердөө 10 хувь нь бүүстэр тунд хамрагдсан. Тиймээс Омикроны давлагаанд нэлээд хүнд өртсөн.
Мөн Хонконгд одоо байдал хүндэрч байна. Үүний шалтгаан нь хүн амынх нь бүүстэр тунгийн хамралт сул байгаатай холбоотой. ОХУ-д мөн өдөрт 200 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 800 хүн нас барж байна.
Тиймээс манай улсын хувьд вакцинжуулалт, бүүстэр тунгийн хамралт их чухал байлаа.
-Омикрон тусаад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах магадлал хэр өндөр вэ?
-Нэг санаа зовоож буй зүйл нь нэгдүгээр сард Омикроны халдвар туссан хүмүүс дахиад ВА2 хувилбараар өвчлөх магадлал өндөр. Яагаад гэвэл өвдөөд эдгэрсний дараах дархлаа хангалтгүй байгаатай холбоотой. Ковидоор өвдөөд эдгэсний дараах дархлаа дахин вирус орж ирэхэд хамгаалж чадахгүй байна. Харин нэмэлт тунд хамрагдсан тохиолдолд дархлааны илүү олон эс идэвхжиж, дархлаа сайн тогтож байна.
ВА2 хувилбар туссан хүмүүст хатгаа үүсэх
магадлал маш өндөр
-Шинээр гарч ирж буй ВА2 хувилбар ВА1 буюу Омикроноосоо юугаараа ялгаатай вэ?
-Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад ВА2 хувилбарыг илрүүлэх, генийн дараалал тогтоох судалгаа хийгдэж байна. Үүнээс дийлэнх нь Дани, Их Британи зэрэг улсад хийгдсэн. Хамгийн сүүлд ВА2 хувилбартай холбоотой томоохон судалгааг Япон улсад хийлээ.
Энэ судалгаагаар гурван зүйлийг тодорхой болгож өгсөн. Нэгдүгээрт, ВА2 хувилбар нь өмнөх хувилбараа бодвол уушгины эс рүү нэвтрэх, хатгаа үүсгэх өндөр чадвартай гэдэг нь судалгааны явцад анзаарагдсан. Хоёрдугаарт, лабораторийн орчинд вакцинтай хүний цусны сийвэнд туршилт хийж үзэхэд ВА2 хувилбарын вакцинаас зайлсхийх нөлөө нь нэмэгдсэн гэдэг нь тогтоогдсон. Гуравдугаарт, хүний хамрын салстад үржих чадвар нь нэмэгдсэн байна гэж байна. Тэгэхээр тус хувилбар нь нэлээд ноцтой гэдгийг Япончууд анхааруулж байна.
Манай улсын хувьд нэгдүгээр сард Омикроны давлагаа болж нэлээд олон хүн энэ хувилбараар халдварласан. Энэ давлагаанд өртсөн хүмүүс ВА2 хувилбараар өвчилбөл хатгаа авах өндөр эрсдэлтэй.
ХӨСҮТ дээр Омикроноор өвчилсөн хүмүүс дахиад ковид тусаж байгаа тохиолдол бүртгэгдээд эхэлсэн. Тиймээс вакцины гуравдугаар тунд заавал хамрагдах хэрэгтэй байна. Иргэд “Омикрон тусчихсан учир дархлаа тогтчихлоо. Тиймээс нэмэлт тунд хамрагдах шаардлагагүй” гэж бодоод байх шиг байна. Энэ бол маш буруу.
-Өнөөдрийн байдлаар ВА2 хувилбар манай улсад бүртгэгдсэн үү?
-Одоогоор манайд бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ дээр тандалтын шинжилгээ хийж байгаа. Манайх хил дээр ямар нэг тусгаарлалт, хорио цээрийн арга хэмжээ авахгүй байгаа тул ВА2 хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал болоод байна.
-Дараагийн өвөл ямар нөхцөл байдалтай байх вэ?
-Дараагийн өвөл ямар байх вэ гэдэгт хоёр хувилбар яригдаж байна. Эхнийх нь өнгөрсөн нэгдүгээр сард гарсан Омикроны давлагаа ирэх өвөл дахиад дэгдэх магадлалтай. Хоёр дахь нь вирус илүү мутацлагдаж, илүү эрсдэл өндөртэй хувилбар гарч ирэх аюултай байна гэсэн зүйлийг эрдэмтэд ярьж байна. Ийм нөхцөл байдал бий болбол эрсдэлт бүлгүүдийг дөрөвдүгээр тунд хамруулна. Үүнд 60-аас дээш насныхан болон бусад халдвар авч хүндрэх эрсдэл өндөртэй хүмүүс багтана.
Өчигдөр Их Британи улс 75 наснаас дээш иргэдээ намар нэмэлт тунд хаируулах шийдвэр гаргалаа. Манай хувьд ч гэсэн намар бид ямар байдлаар вакцинжуулалт хийх бэ гэдэг дээр судалж байна.
Хүүхдүүдийг ойрын хугацаанд вакцинжуулах
асуудлыг судалж байна
-Хүүхдүүдэд ойрын хугацаанд вакцин хийж эхлэх үү?
-ВА2 хувилбар вакцин хийлгээгүй хүүхдүүдэд халдварлах магадлал маш өндөр. Тиймээс одоо хүүхдүүдээ хамгаалах шаардлага тулгарч байна.
Манайх яагаад хүүхдүүдэд вакцин хийхгүй байгаагийн шалтгаан нь одоогоор эрсдэлийн үнэлгээгээ тогтоож байна. Эрсдэлийн үнэлгээ гэхээр ВА2 вирус хүүхдүүдийн өвчлөл, хүндрэл, нас баралтад хэр их нөлөөлж байгааг судалж байна гэсэн үг. Хамгийн анх Уханьд гарсан хувилбар нь хүүхдүүдэд халдварлах магадлал бага байсан. Өөрөөр хэлбэл анх мутацид орж байсан альфа хувилбарын давлагааны үед нэг сая хүүхдээс 1 хүүхэд нас барах эрсдэлтэй байсан бол одоо улам хүндэрч байна.
Ялангуяа дельта хувилбарын үед хүүхдүүд өвчлөх, нас барах тохиолдол их байсан. Тиймээс ойрын хугацаанд хүүхдүүдийг вакцинжуулах асуудлыг судалж байна.
Цаашид хүүхэд, насанд хүрэгчдийг жилд нэг удаа томуугийн вакцинтай цуг ковидын вакцинд хамруулдаг болно.
-Америк улс 5-12 насныхныг вакцинд хамруулж байсан шүү дээ?
-АНУ-ын Засгийн газраас 5-12 насныхныг вакцинд хамруулсан. Учир нь дельта хувилбарын үед тус улсад хүүхдүүдийн өвчлөл их байснаас гадна 12-оос доош насны 90 гаруй хүүхэд нас барсан байдаг. Мөн энэ насныхан эмнэлэгт хэвтэх нь нэмэгдсэн учир 5-12 насныхныг вакцинжуулах шийдвэр гаргасан.
Манай улсын хувьд бага насны хүүхдийн халдвар, нас баралт харьцангуй бага байна. Гэхдээ вирус улам мутацлагдаж, вакцин хийлгээгүй хүүхдүүдэд эрсдэл бий болгож байгаа учир тэднийг дархлаажуулах шаардлагатай болж байна. Ингэхдээ хүүхдүүдэд илүү туршигдсан, сайн вакцин хийнэ.
-Та 2021 оны арванхоёрдугаар сард олон нийтэд мэдээлэл өгөхдөө Пфайзер компаниас вакцины хугацааг дахин 3 сараар сунгасан талаар мэдээлж байсан. Тэгэхээр энэ гуравдугаар сард манайд байгаа вакцины хугацаа дуусах уу?
-Вакцины татан авалтын хугацаа өөр өөр байгаа. -60-90 хэмд гүн хөлдөөгчинд хадгалсан вакциныг 6 сар хадгална гэсэн заалттай. Гэхдээ Пфайзер компаниас гүн хөлдөөгчид хадгалсан вакцины нөлөөнд ямар нэг өөрчлөлт гараагүй байгаа учир дахин 3 сараар сунгасан талаарх захиаг 130 гаруй оронд илгээсэн.
-Монгол Улс хамгийн сүүлд хэдэн сард вакцин татан авсан бэ?
-Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард ирсэн. Эдгээр нь дөнгөж үйлдвэрлэгдээд ирсэн вакцинууд гэсэн үг.
-Тэгвэл одоо байгаа вакцины дуусах эцсийн хугацаа хэзээ гэсэн үг вэ?
-Манайд байгаа вакцинуудын хугацаа энэ оны 5,6 дугаар сард дуусна.
-Иргэдийн идэвх муу байгаагаас зарим вакциныг устгалд оруулах шаардлага тулгарч байгаа талаар өрхийн эмнэлгүүд ярьж байсан?
-Гүн хөлдөөгчнөөс гараад 24 цаг болсон вакциныг мэдээж устгалд оруулна. Дэлхийн бүх орнууд энэ зарчмаар явж байна.
-Ярилцсанд баярлалаа.