/2022.12.15/: Зүрхний булчинг тэжээх артерийн судас нь ямар нэгэн шалтгаанаар бөглөрснөөс зүрх цусан хангамжаар дутагдан үхждэг. Миокард гэдэг нь зүрхний булчин ба түүнийг тэжээдэг титэм судас нь цусны нөж, бүлэнгээр бөглөрвөл цусан хангамжгүй болж, 20-30 минутын дараа үхждэг байна. Энэ нь шигдээс гэгдэх ба гэмтсэн хэсэгт сорви үлдэнэ.
Шинж тэмдэг
- Цээжин дээр дарж өвдөх, өвдөлт гар, хүзүү, эрүү шүдрүү дамжих
- Гар, цээж хүнд болж байгаа мэт санагдах
- Хоолой боогдож байгаа мэт болох
- Хөлс гарч, толгой эргэж, бөөлжих
- Ядарч сульдах
- Өтгөн шингэрэх
- Зүрхний хэм алдагдах
- Амьсгал давхцах, ухаан балартах, ханиах, зүрхний цохилт олшрох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Эмчид хэзээ хандах вэ?
Дээрх шинж тэмдгүүд 20 минутаас дээш хугацаанд үргэлжилбэл яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай бөгөөд зүрхний шигдээс биш байсан ч эдгээр нь ихэвчлэн зүрхтэй холбоотой ямар нэгэн асуудал үүссэнийг илтгэнэ.
Шалтгаан
Зүрхийг тэжээгч титэм судасны эмгэг буюу нарийсал эсвэл бөглөрлөөс үүдэлтэй. Нарийсал нь судасны үрэвсэл, хатуурал, шохойжилт, төрөлхийн гаж хөгжил зэргээс үүсдэг. Судас цусны бүлэн, хий зэргээр бөглөрнө. Зүрхний булчингийн хэрэгцээ нэмэгдэхтэй холбоотой. зүрхний булчин томрох эсвэл зүрхний цохилтын тоо олширсноос булчингийн хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэнэ. Энэ үед хэвийн, эмгэг өөрчлөлтгүй, титэм судас хангалттай тэжээл буюу хүчилтөрөгчийг өгч чадахгүйд хүрдэг.
Эрсдэлт хүчин зүйлс
- Гол шалтгаан нь судасны хатуурал
- Эр хүйс
- Удамшил
- Цусан дахь холестерин ихсэх
- Тамхи татах
- Таргалалт хөдөлгөөний дутагдал
- Даралт ихсэх
- Чихрийн шижин
- Стресс
- Архидалт
Хүндрэл
- Зүрхний шок
- Зүрхний дутагдал
- Зүрхний эдийн өргөсөл, өөрөөр хэлбэл зүрхний булчин цуурч хагарах
- Зүрхний үнхэлцэг хальс үрэвсэх
- Хэм алдагдах
- Уушгины судсанд бүлэн үүсэх
- Тархины судсанд бүлэн үүсэх
- Эмийн гаж нөлөөнүүд
Оношлогоо
Зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээгээр (ЭКГ) зүрхний шигдээсийг батлах ба өөрчлөлтийг харж болно. Цахилгааны бичлэгээр зурхний булчин аль хэсгээр хэр хэмжээнд гэмтсэнийг үнэлэх, зүрхний хэм хэвийн байгаа эсэхийг тогтооно. Оношийг батлах зорилгоор зүрхний гэмтсэн булчингаас цусны урсгал руу ялгаран ордог тодорхой химийн бодисуудын түвшнийг цусны шинжилгээгээр шинжилнэ. Мөн цээжний гэрэл зураг хийж онош тодруулж болно. Та урьд нь зүрх өвдөж эмчид үзүүлж эмчлүүлж байсан бол зүрхний шигдээсийг оношлоход түлхэц болно.
Эмчилгээ
Зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнд оношлогоо, эмчилгээ зэрэг хийгддэг. Зүрхний булчин үхжих аюултай гэж сэжиглэж байгаа үед эмчилгээг аль болох цаг алдалгүй хийж чадвал зүрхний булчингийн үхжилээс сэргийлнэ. Эмэн болон мэс заслын гэсэн хоёр төрлийн эмчилгээний арга бий.
Эмэн эмчилгээнд
Гол зорилго нь судас бөглөрөх, цус өтгөрч нөж үүсэхээс сэргийлэхэд оршино. Зүрхний шигдээс явагдаж эхэлснээс хоёр цагийн дотор дараах эмүүдийг уух бөгөөд эрт уух тусам зүрхийг бага гэмтээнэ.
- Цусан дахь нөжийг бутлах, хайлуулах эмийг эмчийн зөвлөгөөгөөр ууна
- Зүрхний судсыг тэлэх зорилготой эм ууж болно
Мэс заслын аргаар
зүрхний шигдээсийг мэс заслын аргаар эмчлэхэд зүрхний титэм судсанд тэлэгч суулгах эсвэл зүрхний титэм судсыг тойруулах эмчилгээ хийж болно. Хэрэв шаардлагатай бол зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлэхэд нэмэлт судас суулгадаг. Зүрхний шигдээс явагдаж байгааг ажиглан зогсоож чадсан бол тайвширч болохгүй. Цаашид дахин зүрхний шигдээс болох аюултай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй.
Нөхөн сэргээх эмчилгээ нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс бүрдсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг багийн үзүүлдэг тусламж үйлчилгээ, хөтөлбөр юм. Хувь хүний өвчний дараах эрүүл мэнд, амьдралын хэв, сэтгэл зүйн байдлыг дэмжих зорилготой. Нөхөн сэргээх эмчилгээ нь эмэн болон мэс заслын эмчилгээгээний үр дүнд нь сайн нөлөө үзүүлнэ.
Зүрхний шигдээсээр өвдсөний дараа, та амьдралын хэв маягаа зөв болгон өөрчлөхөд бие махбод богино хугацаанд сэргээд зогсохгүй дахин зүрхний шигдээс болох эрсдэл буурна.
- Тамхи татахыг зогсоох нь дахин зүрхний шигдээс үүсэхээс сэргийлэх хамгийн гол хүчин зүйл
- Эрүүл хооллож биеийн жингээ өөрийн өндөр, биеийн бүтцийн онцлогт тохируулан барих
- Архи уудаг бол багавтар, дундаж хэмжээгээр хэрэглэх буюу стандарт хэмжээнд хэрэглэж сурах. Архи их хэмжээгээр хэрэглэх үед цусан дах магнийн хэмжээ ихсэж цусны даралтыг нэмэгдүүлж улмаар зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний хэм алдалт үүсэх эрсдэлд хүргэнэ.
- Эмчийн хяналттайгаар дундаж ачаалалтай дасгал хийж чаддаг болтлоо дасгалын ачааллаа бага багаар ихэсгэн хийх программд хамрагдах
- Та 8-12 долоо хоногийн дараа ажилдаа эргээд орж болно. Суудлын ажилтай бол үүнээс богино хугацааны дараа ажилдаа орж болно.
- Стресс ихтэй нөхцөл байдлаас зайлсхийх,
- Дөрвөн долоо хоногийн дараа машин барих боломжтой
Урьдчлан сэргийлэлт
- Хэрэв даралт ихсэлттэй бол даралтаа тогтмол хэвийн хэмжээнд барих
- Илүүдэл жингээ хасах
- Сэтгэл санаагаар тайван, уур бухимдалгүй байх
- Амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгаж жимс, ногоо, бор гурил түлхүү хэрэглэж цусан дахь холестериныг бууруулж, бага хэмжээнд барих
- Чихрийн шижинтэй бол хүндрэлээс сэргийлж, мэргэжлийн эмчийн хяналт үзлэгт тогтмол орж занших