Иргэдийн идэвх муу байгаагаас зарим вакциныг устгалд оруулах шаардлага тулгарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн идэвх муу байгаагаас зарим вакциныг устгалд оруулах шаардлага тулгарчээ

Өнөөдрийн байдлаар нэг сая гаруй хүн дархлаа сэргээх тун буюу гуравдугаар тунд хамрагдаад байна. Мөн дөрөвдүгээр тунг 90 гаруй мянган хүн хийлгэжээ.

Омикрон хувилбарын давлагаанаас хойш хүн амын дунд өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурч байсан ч цагаан сарын баярын дараагаар дахин нэмэгдэх хандлагатай болсон. Бид энэ удаад дархлаажуулалтын цэгүүд дээр очиж иргэдийн вакцинд хамрагдах идэвх хэр байгаа талаар резидент эмч, сувилагч нараас тодруулсан юм.

СБД-ийн 10 дугаар хорооны вакцинжуулалтын цэг

Омикрон хувилбарын давлагааны үеэр хүмүүсийн вакцинжуулалтын идэвх сайн байсан. Харин сүүлийн үед өдөрт 3-4 хүн л вакцин хийлгэж байна. Хагас бүтэн сайнд бараг хүнгүй байх жишээтэй. Ер нь 50-аас дээш насныхан л вакцинд хамрагдаж байна.

СХД-ийн дархлаажуулалтын цэг

Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч вакцин хийлгэх хүн тун ховор байна. Ирж буй иргэдийн дийлэнх нь ажлын шаардлагаар хийлгэх юм уу тэтгэврийн насны хүмүүс байна.

СБД-ийн 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв

Цагаан сарын өмнөхөн иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайжирч байсан ч сүүлийн үед өдөрт 4-5 хүн л дархлаажуулж байна. Өнөөдөр гэхэд хоёрхон хүн манай төв дээр ирж вакцин хийлгэсэн. Иргэд цар тахлын нөхцөл байдалдаа дасаж эхэлсэн учир вакцин хийлгэх хүн бараг байхгүй болчихлоо. Мөн нийгмийн сүлжээгээр гуравдугаар тунд хамрагдсан ч халдвар авч байна гэх мэдээлэл их байгаа учир хүмүүс вакцин хийлгэсэн ч, хийлгээгүй ч ялгаагүй юм байна гэж бодоод байх шиг байна.

Ирж буй хүмүүсийн 50-60 хувь нь гуравдугаар тунд хамрагдаж байна.

ЧД-ийн 1 дүгээр хорооны ӨЭМТ

Өдөрт 10-15 хүн ирж вакцин хийлгэж байна. харьяалал харгалзахгүйгээр 1,2,3 дугаар тунгийн аль алиныг нь хийж байгаа. Дөрөвдүгээр тунд хамрагдаж байгаа хүмүүс ганц, хоёр байна. Эхний хоёр тундаа хамрагдаад биед нь ямар нэг зовуур өгсөн учир гуравдугаар тунд хамрагдахгүй байх тохиолдол ажиглагдаж байна. Гэхдээ 3 дугаар тун таныг хүндрэх эрсдэлээс сэргийлэх юм шүү.

Зарим ковидоор өвдөөд эдгэсэн хүмүүс дархлаа тогтчихлоо гээд тоохгүй явах тохиолдол гарч байна.

СБД-ийн 3 дугаар хорооны вакцинжуулалтын цэг

Манайд өнөөдөр 4 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Нэг хайрцаг вакцин дотроо зургаан ширхэгтэй. Мөн 24 цаг л хадгалах ёстой байдаг учраас тухайн өдөр задалсан вакцинаа бүгдийг нь хийж дуусах шаардлагатай байдаг. Одоо 16.00 цаг өнгөрч байна. Өнөөдөр өглөөнөөс хойш манайд 4 хүн л вакцин хийлгэсэн байна. Хэрэв хаах хүртэл өөр хүн ирэхгүй бол үлдсэн хоёр вакциныг шууд устгалд оруулна.

Резидент эмч нар нэгдүгээр сарын 14-нөөс эхэлж дайчлагдсан. Тэр үед бид нарын ачаалал маш их байсан. Ер нь эхний хоёр тунд хамрагдсан байхад ковид тусаад хүндрэх эрсдэл 40 хувь буурдаг гэж үздэг. Хэрэв бүүстэр тунг хийлгэвэл хөнгөн тусах магадлалыг улам л нэмэгдүүлж байна гэсэн үг. Вакцин хийлгэлээ гээд халдвар авахгүй байна гэж байхгүй. Харин таныг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалж байна л гэж ойлгох хэрэгтэй.

Резидент эмч сувилагч нарын хэлж буйгаар цагаан сарын өмнөхөн буюу Омикрон хувилбарын давлагааны үеэр иргэдийн дархлаажуулалтын идэвх сайн байжээ. Харин сүүлийн үед вакцин хийлгэх хүний тоо цөөрч зарим вакциныг хаях шаардлага тулгарч байгааг хэлж байв.

Тоёота, Дэнсо, Сони нар хамтран чипний үйлдвэр байгуулна
Тоёота, Дэнсо, Сони нар хамтран чипний үйлдвэр байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.