/2022.2.16/ Автомашины эд ангийн борлуулалтаараа дэлхийд хоёрдугаарт ордог Японы Дэнсо корпораци, цахилгаан бараа үйлдвэрлэлийн аварга болох Сони групп, Тайвань Семикондактор мануфактуринг /TSMC/ компани хамтран чип үйлдвэрлэхээр болжээ. TSMC ба Sony-ийн хамтран үүсгэн байгуулсан чип үйлдвэрлэх компанид Denso нийтдээ 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд хагас дамжуулагч болон бусад цахилгааны эд ангиудын хомсдолоос улбаалан автомашин, цахилгаан бараа үйлдвэрлэгчид үйлдвэрийн гарцаа бууруулахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм.
Шинээр үйлдвэрлэгдэх автомашинууд эд ангиудаа бүрдэхийг хүлээсээр цаг алдаж, автомашины үнэ хаа сайгүй өсөөд байгаа билээ. Хэрэв энэхүү хомсдол удаан хугацаанд үргэлжилбэл дэлхий даяараа цахилгаан автомашинд шилжих санаачлагыг ч үгүй хийж мэдэх эрсдэл үүсээд байна. Дэнсо компанийн захирал Кожи Арима:
"Автомашин үйлдвэрлэлд автомат жолоодлого, хөдөлгүүрийг цахилгаан болгох зэрэг шинэ технологи өргөнөөр ашиглагдах болсонтой холбоотойгоор хагас дамжуулагчийн үзүүлэх нөлөө улам бүр ихэсч байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд бид нийт автомашин үйлдвэрлэлийн салбарт тулгамдаад буй хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн асуудлыг дунд болон урт хугацаанд шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах болно” гэж мэдэгджээ.
Үйлдвэр баригдсаны дараа хамгийн том үйлчлүүлэгч нь Дэнсо компани өөрөө байх юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил энэ жил эхэлж, 2024 он гэхэд дуусахаар төлөвлөжээ. Нийтдээ 8,6 тэрбум ам.долларын өртгөөр босох бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор нийтдээ 1700 гаруй шинэ ажлын байр үүснэ.
Дэнсо корпорацитай үүсгэж буй хамтын ажиллагаа нь Сони компанийн цахилгаан автомашины технологийн хөгжүүлэлтэд хувь нэмрээ оруулах магадлалтай. Тоёота-ийн хувьд Дэнсо энэхүү хагас дамжуулагчийн төсөлд оролцох нь автомашин үйлдвэрлэлд шаардлагатай хагас дамжуулагчийн нийлүүлэлт тогтворжих, улмаар Тоёота автомашинуудаа сааталгүй, тогтвортой горимоор үйлдвэрлэхэд нь чухал ач холбогдолтой.
Түүгээр ч зогсохгүй Дэнсо-оос эд ангиудаа худалдаж авдаг бусад бүх автомашин үйлдвэрлэгчийн хувьд энэ бол нийлүүлэлт тогтвортой явагдах эерэг хүлээлт үүсгэж байгаа гэж Блүүмбергийн шинжээч Тацуо Ёшида үзэж байна.
ДЭЛХИЙ ДАХИНД ЧИПНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭЭД
ХОЁР ЖИЛ ӨНГӨРЛӨӨ…
Сүүлийн хоёр жилийн хугацаанд үүсээд буй чип, хагас дамжуулагчийн хомсдолоос болоод улс орнууд нийлүүлэлтийн сүлжээндээ анхаарч эхэлсэн.
АНУ болон Европын орнууд дотооддоо чип үйлдвэрлэх арга замуудыг эрэлхийлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Тайвань чип үйлдвэрлэлийн гол зангилаа хэвээрээ байна.
Япон улсын хувьд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг эдийн засгийнхаа аюулгүй байдалтай холбон авч үзэж байгаа тул чип үйлдвэрлэлд нийтдээ 5,2 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаа талаар Никкей мэдээлжээ. Япон улсын хагас дамжуулагчийн стратегийг боловсруулахад голлох үүрэгтэй оролцсон нэгэн эрхэм Асахи сонинд ярихдаа “Манай улс чип үйлдвэрлэлийн салбартаа бүрэн хараат бус болохын тулд нийтдээ 10 их наяд иен (86,5 тэрбум ам доллар)-ий хөрөнгө оруулах шаардлагатай” гэсэн аж.
Denso компани цахилгаан автомашины эд анги үйлдвэрлэлдээ түлхүү анхаарснаар, 2025 оны санхүүгийн жил гэхэд энэ төрлийн эд ангийн борлуулалтын орлогоо хоёр дахин нэмэгдүүлж, 1 их наяд иен хүргэж, Германы Robert Bosch GmbH-тэй өрсөлдөхүйц үнэ цэнийг бүтээх боломжтой гэж үзэж байгаа юм.
Дашрамд дурдахад, цахилгаан автомашин нь энгийн дотоод шаталтат хөдөлгүүртэй машинаас хоёр дахин илүү тооны чип хэрэглэдэг юм байна.
Яг өнөөдрийн байдлаар Японы томоохон автомашин үйлдвэрлэгчид болох Тоёота Мотор корпораци болон Хонда моторс, бусад компаниудын хувьд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд чипний хомсдолоос үүдэлтэй хэд хэдэн удаагийн сул зогсолт хийсэн тул ойрын ирээдүй хэрхэх нь тодорхойгүй хэвээр л байна.
Сузуки Мотор корпорацийн гүйцэтгэх захирал Масахико Нагао хоёрдугаар сарын эхээр мэдээлэл хийхдээ “Япон улс цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү эрчимтэй шилжиж байгаа нь чипний эрэлтийг улам бүр нэмэгдүүлж байна. Цахилгаан машин болон хяналтын системд чипийг өргөнөөр ашигладаг тул манай улсын хувьд энэхүү хомсдолыг хамгийн түрүүнд биеэр мэдэрсэн улс орон” гэж хэлж байсан удаатай.
Эх сурвалж: Блүүмберг