/2022.02.04/ Өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод 2022 оны өвлийн олимп эхэлж, дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид цугларч байгаа энэ цаг үед тэднийг өөрсдийн хэрэглэдэг ухаалаг утсаа үлдээж, burner phone буюу түр зуур ашиглах зориулалттай, хямд үнэтэй, дуудлага хийх, богино зурвас илгээх үйлдэл бүхий гар утас авч явахыг улс орнууд зөвлөж байна.
Ингэснээр тэднийг интернэт орчин хувийн мэдээллээ алдах эрсдэлээс сэргийлж, ухаалаг төхөөрөмжийн аюулгүй байдлаа хангаж чадна гэсэн сануулгыг эрх бүхий байгууллагуудаас өгчээ. Хятад улс нь ердийн үед дэлхий даяар өргөн хүрээнд ашигладаг олон нийтийн сүлжээний цахим платформууд, олон тооны вэбсайтууд руу хандах эрхийг хязгаарлаж хаасан байдаг бол Олимпын наадмыг ашиглан, Хятадын интернэт хориг саадын талаарх дэлхий нийтийн төсөөллийг зөөллөхийн тулд Олимпын тосгонд интернэт урсгалыг чөлөөтэй нээхээр болоод байгаа билээ.
Гэвч цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн зүгээс Хятадын Коммунист нам нь цахим орчин дахь тагнуулын ажиллагаа болон цахим орчны мэдээллийн агуулгыг хяналтандаа байлгахыг хүслээсээ Олимпын наадмын үеэр ч ухрахгүй байх хэмээн сэрэмжлүүлж буй юм. Эдгээрээс дурдвал:
- Нидерланд улс: Тус улсын De Volkskrant сонинд нэг сар гаруйн өмнө нийтлэгдсэн мэдээллээр бол тус улс тамирчдаа Хятадын цахим тагнуулын ажиллагааны золиос болгохгүйн тулд Олимпын наадамд өөрсдийн хэрэглэдэг ухаалаг утас болон зөөврийн компьютерээ авч явахгүй байхыг зөвлөжээ.
- Их Британи: “Бидний зүгээс тамирчид болон албаны хүмүүст хувийн ухаалаг төхөөрөмжөө Олимпын наадамд авч явах эсэх дээр чөлөөт сонголт санал болгоод байгаа. Хэрэв оролцогч өөрөө хүсвэл бид түр зуур ашиглах зориулалттай гар утсаар хангах болно” гэж Британийн Олимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч нь Axios мэдээллийн сайтад ярьсан байна.
- Канад улс: Toronto Sun сонинд нийтлэгдсэнээс үзвэл тус улс Олимпын наадамд оролцогчиддоо Хятад дахь мэдээллийн аюулгүй байдал болоод хакерын халдлагад өртөх эрсдэлийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд гар утас, СИМ картаар тамирчид болон албаны хүмүүсийг хангасан ажээ. Герман улс: тул улсын Олимпын Спортын холбооны хэвлэлийн төлөөлөгч Michael Schirp мөн Axios мэдээллийн сайтын асуултанд хариулахдаа “Манай тамирчдад Бээжин хотод хүрэлцэн очиход нь ашиглуулахаар ОУОХ-ын албан ёсны түнш Самсунг компаниас гар утас бэлтгэсэн байгаа. Гэхдээ тамирчдыг Хятад улсад байх хугацаандаа гар утсан дээр COVID19-г хянах зориулалттай суулгасан My2022 аппликэйшнийг л зөвхөн ашиглахыг зөвлөсөн” гэсэн юм.
- Финлянд улс: Финляндын Олимпын хорооноос Олимпын наадам бүрийн өмнө уламжлал ёсоор тамирчдын гар утас болон ухаалаг төхөөрөмжид цахим аюулгүй байдлын хамгаалалт суулгаж өгсөн гэдгээ Axios сайтад мэдээлжээ.
- Австрали улс: Тус улсын Олимпын хороо тамирчиддаа мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлд өртүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа бөгөөд Олимпын тосгоны шаардлагатай хэсгүүдэд өөрсдийн WiFi сүлжээг байгуулж байгаа гэж хэвлэлийн ажилтан нь Australian Financial Review сонинд ярилцлага өгсөн ажээ.
- АНУ: Ямар ч хамгаалалтын технологи ашигласан байлаа гээд мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний нууц алдагдах тал дээр бид бүрэн баталгаа өгөх боломжгүй бөгөөд бүх төхөөрөмж, бүх төрлийн харилцааны хэрэгсэл, цахим орчин дахь үйлдэл бүхнийг хянаж байгаа гэсэн бодолтой байх хэрэгтэй. Тиймээс түр зуурын зориулалттай гар утас, зөөврийн компьютер ашиглахыг зөвлөж байна гэж АНУ-ын Олимпын ба Паралимпийн хорооноос өгсөн техникийн зөвлөмжид дурдсан байна. Мөн АНУ-ын Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд, “Хятад улс руу зорчиж буй АНУ-ын бүх иргэд болоод Олимпод оролцох тамирчид гадны иргэдтэй уулзахдаа анхаарал болгоомжтой байхын зэрэцгцээ, зочид буудлын өрөө, албан тасалгаа, машин, гар утас, интернэтийн орчин дахь бүх л үйлдэл тань цахим хяналтанд орж болзошгүйг анхаарна уу” хэмээжээ.
Center for a New American Security байгууллагын Технологи болон Үндэсний аюулгүй байдлын хөтөлбөр хариуцсан захирал Martijn Rasser “Дээрх улс орнууд тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүсийнхээ аюулгүй байдалд ийнхүү санаа зовох нь зүйн хэрэг. Учир нь Хятад улсад цахим хяналт, хувийн өгөгдлөө хулгайд алдах, цахим гэмт хэргийн золиос болох эрсдэл маш өндөр байдаг. Хүн бүр энэ эрсдэлийг сайн ойлгохгүй байгаа нь харамсалтай хэдий ч улс орнууд ийнхүү тамирчиддаа нээлттэй анхааруулж, сануулж байгаа нь сайн хэрэг” гэсэн байр суурьтай байна.
Хятад улсад 2008 онд Олимпын наадам зохиогдож байхад ухаалаг утас, цахим хэрэглээний хүрээ хязгаарлагдмал байв. Гэвч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнөөр цахим аюулгүй байдлын сэдэв нь Олимпын наадамд оролцогч улс орнуудын толгойны өвчин болоод байгаа юм. Axios.com сайтаас тодруулга авахад ОУОХ-оос Бээжингийн Олимпын наадамд оролцож буй бүх хүний утсанд суулгахыг шаардаж байгаа COVID-ийн хяналтын зориулалттай My2022 апплийкэшнийг аюулгүй байдлын ямар нэгэн асуудалгүй гэж мэдэгдэж байсан боловч хамгийн сүүлийн байдлаар цахим аюулгүй байдлын судалгааны Citizen Lab байгууллагын судлаачид уг апликэйшнийг мэдээллийн шифрлэлтийн алдаатай байгааг илрүүлснээ олон нийтэд зарлаад байна.
Харин “хэргийн эзэн” Хятад улс энэ асуудлаар ямар байр суурьтай байна вэ? БНХАУ-ын иргэдийн хувийн өгөгдөл, цахим орчин дахь мэдээлэл нь холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан байдаг ба уг заалт нь Бээжингийн Өвлийн Олимпод оролцож байгаа хэн бүхэнд ижил үйлчлэх болно гэж АНУ-д суугаа Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Liu Pengyu Axios сайтад мэдэгджээ. Мөн тэрээр “Олимпын наадамд ямар төрлийн гар утас, ухаалаг төхөөрөмжөө авч ирэх нь тухайн хувь хүмүүсийн сонголт гэж бодож байна.
Хамгийн гол нь төөрөгдүүлсэн худал мэдээлэлд автахгүй байх нь чухал юм” гэжээ. ЭСЯ-ны дээрх мэдэгдлийн үнэн бодиттой эсэхийг Axios.com сайтын зүгээр тодруулахад, “Хятад улсын дээр өгүүлсэн хууль тогтоомж гадаадын иргэдийг тус оронд цахим халдлагад өртөхөөс сэргийлсэн зориулалт байхгүй” гэж мэргэжилтнүүд хариу өгсөн байна. Тухайлбал, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Centripetal Networks компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Jess Parnell “Түр зуур ашиглах, хямд утас мэдээж хэрэг хэрэглэгчийн хувийн мэдээлэл бараг агуулахгүй нь давуу тал мөн хэдий ч тэдгээрийг ашиглан хэрэглэгчийн байршлыг тогтоох, өгөгдлийг хакердах боломж үргэлж нээлттэй. Тиймээс өөр утас, төхөөрөмж хэрэглэлээ гээд асуудалд өртөхгүй гэж тайвширч болохгүй. Түр зуурын хямд утас хэрэглэсэн бол эх орондоо эргэж ирээд, Олимпын наадмын үеийн дурсгал болсон зураг, видео хадгалсан байсан ч уг төхөөрөмжийг нэн даруй ашиглахаа зогсоох хэрэгтэй” гэж зөвлөсөн байна.
Эх сурвалж: Axios