/2021.08.03/: Коронавируст халдвар БНХАУ-д анх бүртгэгдэж цар тахал болтлоо өссөн нь дэлхийн хүн амд томоохон шалгуур болж байна. Ихэнх улс орнуудын эдийн засаг хямарч, эрүүл мэндийн салбар туйлдаж эхлээд байгаа билээ.
Өндөр хөгжилтэй улс орнууд коронавирусын эсрэг вакциныг гарган авч иргэдээ дархлаажуулан халдварын тархалтыг намжааж эхлээд байсан ч Делта хувилбар бий болсноор халдварын тохиолдол дахин эрчимжиж дэлхий дахиныг айдаст автуулаад байна. Тэгвэл энэхүү Делта хувилбараас урьдчилан сэргийлэх болон эмчлэхийн тулд дэлхийн улс орнууд ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тухай хүргэж байна.
Австралийн зарим хот, мужид хөл хорионы дэглэм үргэлжилж байна
Австралийн Засгийн газар хөл хориог дуусгаж, хэвийн амьдралдаа шилжих дөрвөн үе шат бүхий төлөвлөгөөгаа зарлажээ. Одоогоор хамгийн эхний шатны төлөвлөгөө буюу А хувилбарыг хэрэгжүүлж байгаа буюу халдварын идэвхжилтэй холбоотой хатуу хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байна.
2020 оны гуравдугаар сараас хойш хилээ хааж, ертөнцөөс өөрсдийгөө тусгаарласан тус улс хүн амынхаа 80%-ийг вакцинжуулж дууссаны дараа нээлттэй болохоор төлөвлөснөө Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон албан ёсоор зарласан. Энэ бол D шат. Харин вакцинжуулалтад хамрагдсан иргэддээ дотоодын бүх хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломж олгох талаараа С шатны төлөвлөгөөндөө тусгажээ.
Одоогоор Сиднейн ихэнх хэсэг, Мельбурн хотод хөл хорионы дэглэм үйлчилж байгаа нь дельта вирусийн тархалттай холбоотой байна.
БНХАУ: Хонг Конгод дөрвөөс дээш хүн цуглахыг хязгаарлав
Дельта вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Их Британийг эрсдэлтэй бүс хэмээн үнэлж, тус улсын бүх нислэгийг хориглохоор шийдсэнээ Хонг Конг 2021 оны зургадугаар сарын 28-нд мэдэгдсэн.
Вакцинжуулалтын тухайд 38 хувьтай байгаа бөгөөд бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүст үйлчилгээнүүдийг нээж байгаа аж. Тухайлбал, хоолны газрууд 50%-ийн хүчин чадлаар ажиллаж байгаа бөгөөд бүх ажилчид нь вакцинаа хийлгэсэн бол 75% нь ажиллах боломжтой аж. Гэхдээ иргэдэд амны хааль зүүхийг шаардаж байгаа ба одоог хүртэл зай байрих арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тодруулбал, дөрвөөс дээш хүн цуглахыг хоригложээ.
Японд 20:00 цагаас хойш ресторан, баарууд ажиллахгүй
Япон улсын хувьд халдварын хүнд нөхцөл байдалд бүх дэглэмийг сахин “Токио 2020” олимпоо зохион байгуулж буй. Тус улсын нийслэл Токиогоос гадна Окинава, Сайтама, Чиба, Канагава, Осакад наймдугаар сарыг дуустал онц байдал зарласан. Наймдугаар сарын дунд үе хүртэл иргэдээ аялахгүй байхыг зөвлөж байна. Дээрх зургаан газраас гадна таван мужид нийтийн хоолны газар архи согтууруулах ундаа заруулахгүй байхаар болжээ. Цагийн хуваарийг мөн 20:00 цагаар хязгаарласан байна. Түүнчлэн иргэдийг аль болох олуулаа цуглахгүй байхыг зөвлөж байгаа аж.
Сингапурт 100 хүний арга хэмжээ зохион байгуулахад оролцогч бүрээс шинжилгээ авна
Сингапурт халдварын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээгээ чангатгав. Долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 18-ны хооронд ийнхүү зарим хязгаарлалтыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, аливаа арга хэмжээг 100 хүнээр хязгаарлаж байгаа бөгөөд тэдгээр хүн уг үйл ажиллагааны өмнө шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа аж. Амны хаалт зүүхийг мэдээж зөвлөж байна.
Вакцин хийлгэсэн, өвдөөд эдгэрсэн хүмүүс таваас хэтрэхгүйгээр уулзаж болох бол анги танхим дахь хүний тоог 30-аар хязгаарлажээ.
БНСУ-д 18:00 цагаас хойш хоёроос олуулаа гадуур явахгүй
Өмнөд Солонгос улсад халдварын тохиолдол буурснаар тавдугаар сараас хатуу хязгаарлалтуудаа сулруулаад байв. Гэвч долдугаар сарын эхээр халдвар дахин гарч, 15-н гэхэд эрчимтэй тархах болсон тул наймдугаар сарын 8-н хүртэл эргээд онц байдал тогтоохоор болсон. Тодруулбал, Сөүл, Инчеон зэрэг хотод онц байдлын хязгаарлалтын IV зэрэглэл буюу хамгийн чанга түвшинд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ресторан, кафег 22:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч кинотеатр, тоглоомын газар, шөнийн клуб зэрэг бусад үйлчилгээг хязгаарлажээ. Оройн 18:00 цагаас хойш хоёроос олуулаа цуглахгүй
Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн салбараас бусад бизнесүүдийн ажилтнуудынхаа 30%-ийг ажиллуулахыг зөвшөөрч байна.
Эх сурвалж: nema.gov.mn