/2022.01.28/: Оросын нүүрс олборлогчид стратегийн чухал байгалийн баялгыг экспортлоход бэрхшээлтэй байгаа талаар news.fox.24-д бичжээ.
2021 онд зөвхөн нэг бүсэд нүүрсний экспортын тээвэрлэлт нэмэгдсэн бол гурван томоохон бүс нутагт буурсан байна. Тодруулбал, зүүн чиглэлд экспортлох нүүрс тээвэрлэлтийн хэмжээ Оросын Зам тээврийн яамны тооцоолж байснаас 0.44 хувь өсч, 101.3 сая тонн болжээ. Харин Алс Дорнодын боомтуудад Буриадын нийлүүлэлт 4 сая тонн, Хакас 6 сая тонн буюу Новосибирск мужаас нэг сая тонноор буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнөөгийн энэ нөхцөл байдал нь Алс Дорнодын холбооны тойргоос бараа бүтээгдэхүүнийг ямар ч болзол, шаардлагагүйгээр экспортлох тухай Ерөнхий сайд Михаил Мишустиний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс болжээ. Уг нь энэхүү үүрэг даалгаврын хүрээнд Буриадаас 5.8 сая тонн, Хабаровскийн хязгаараас 0.6 сая тонн ачааг Алс Дорнодын боомтуудаар дамжуулж экспортлох ёстой байсан юм.
Тиймээс ачаа эргэлт, тээвэрлэлттэй холбоотой энэ бэрхшээлтэй асуудлыг “Оросын төмөр зам” нийгэмлэг шийдвэрлэхээр ажиллаж эхэлжээ. Тэдний төлөвлөгөөгөөр сэргээн засварласан Байгал-Амар, Транссибирийн төмөр замуудыг багтаасан Зүүн чиглэлийн тээврийг эрт ашиглалтад оруулснаар асуудлыг хэсэгчлэн шийдвэрлэх боломжтой аж. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 онд Хакас, Буриад, Тувагаас зүүн чиглэлд нийт 18 сая тонн нүүрс экспортлох баталгаатай тээвэрлэлтийг зохицуулах үүргийг саяхан өгсөн байна.