/2022.01.21/: Европын хамгийн ядуу орнуудын нэг Косово улсад эрчим хүчний үнэ огцом өсч, цахилгаан үе үе тасрах болсон нь засгийн газраас биткойны олборлолтыг хориглоход хүргэжээ.
Иймд зарим “уурхайчид” тоног төхөөрөмжөө зарах буюу гадаад руу нүүлгэхээр зэхэж байна гэж салбарынхан ярьж байна.
Далайд гарцгүй Балкан хойгийн тус улс нь эрчим хүчний үнэ огцом өссөний улмаас крипто олборлолтыг хориглож байгаа дараагийн улс юм. Хятадаас шилжин суурьшсан биткойн олборлогчдын бааз болсон Казахстан улс өнгөрсөн оны сүүлээр ийм арга хэмжээ авсан билээ.
2022 гараад хэдхэн хонож байхад Косовогийн албаныхан криптовалют олборлоход ашигладаг 429 төхөөрөмжийг хураан авсан тухай Gazetta Express сонин мэдээлэв. Тус улсын гаднаас авдаг импортын цахилгааны үнэ өсч, сарын өмнө цахилгаан станц нь гэнэт зогсолт хийж, эрчим хүч тасарсантай холбогдуулан ийм алхам хийжээ.
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй криптовалют болох Биткойныг олборлохын тулд тусгай компьютерууд нарийн, төвөгтэй математикийн бодлогыг бодох шаардлагатай байдаг бөгөөд энэхүү шалтгааны улмаас олборлогчдын хувьд үйл ажиллагааны зардал хамгийн өндөр шингэдэг зүйл нь цахилгааны зардал байдаг.
Косовогийн нийслэл Приштина дахь крипто биржийн хамтран эзэмшигч Ardian Alaj Bloomberg-т хэлэхдээ “Засгийн газар хориг тавьсны дараа олборлогчид тоног төхөөрөмж зар байгаа буюу худалдан авах хүн хайж байгаа олон жишээ сонссон. Гадны улс орон руу төхөөрөмжөө аваад нүүх бодолтой хүн маш цөөн байна” гэжээ.
Мөн тэрээр “Косовод олборлолт ихээр хийгдэж байсан нь нэгдүгээрт, энэ үйл ажиллагааг зохицуулах ямар нэг хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй, хоёрдугаарт, эрчим хүчний үнэ маш хямд байсантай холбоотой. Учир нь тус улс серби үндэстнүүд голлон амьдардаг 4 мужийн нэг болох Митровица мужийн хойд хэсгийн иргэдийг цахилгааны төлбөрөөс чөлөөлсөн байсан бөгөөд үүний улмаас тус бүс нутаг крипто олборлогчдын томоохон төв болж хувирсан юм. Ийм бага зардлаар олборлолт хийж байсан учир тэд гадаад улс руу төхөөрөмжөө нүүлгэж илүү зардал гаргах нь эргэлзээтэй асуудал” гэжээ.
Дашрамд дурдахад, Косово улс нь хуучнаар Югославын бүрэлдэхүүнд байсан улс орнууд газар нутгийн маргаан үүсгэж, дайтан, улмаар Сербийн зэвсэгт хүчний эсрэг хийсэн НАТО-ын агаарын дайралтаар дайн дууссанаас хойш 10 гаруй жилийн дараа буюу 2008 онд тусгаар тогтнолоо зарласан улс юм.