Ж.Ганбаатар: Бат-Эрдэнэ сайд аа, цээжээ дэлдээд байлгүй ажлаа сайн хийгээрэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Бат-Эрдэнэ сайд аа, цээжээ дэлдээд байлгүй ажлаа сайн хийгээрэй

/2022.01.18/ УИХ-ын чуулган үргэлжилж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайдыг томилох талаар танилцуулла. Тэрээр:

- "Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нь албан үүрэгтээ хариуцлагүй хандсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг тус яамны сайдаар томилохоор боллоо" гэв.

Тэрээр 1977 онд төржээ. 2011-2012 онд Төв шууданд зөвлөх, 2015 онд Шадар сайдын зөвлөх, 2018 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2020 оны наймдугаар сараас эхлэн ШӨХТГ-ын даргын албан тушаалыг хашиж Улсад нийт 18 жил ажилласан байна.

УИХ-ын гишүүд, Б.Бат-Эрдэнээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Пи Ар-аа багасгаарай. Таны хувьд асуудлыг хэтэрхий их сошиалаар явуулдаг шүү. Иргэдэд өндөр хүлээлт бий болгоод түүнийгээ хийж чадахгүй байв. Утааг арилгаж болохыг У.Хүрэлсүх харуулсан. Тэр ажлыг цааш нь авч явах хэрэгтэй. Цээжээ дэлдээд байлгүй ажлаа сайн хийгээрэй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

- Утаа бууруулах асуудал нь үнэн хэрэгтээ Эрчим хүчний яамны асуудал шүү дээ. ЭХЯ асуудлаас холуур өнгөрч байна. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг сольж байгааг гайхаж байна. Д.Ганболд ажлаа сайн хийж байсан.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Бодит мэдээлэл авч ажлынхаа гүнд орж ажиллаарай. Ард иргэдээ доромжилсон, албан тушаалаа авч үлдэх гэсэн тайлбар бүү өгөөрэй. Байгаль орчны аюулгүй байдалд сайтар анхаарах хэрэгтэй.

Б.Бат-Эрдэнэ: Утаа нь зөвхөн яндантай холбоотой асуудал биш. Яндан, машины утаа, үйлдвэрийн утаа, тоос шороо хамаардаг. Технологийн шийдлийг сайтар хийх хэрэгтэй гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

- Өмнөх сайд нь агаарын бохирдлыг бууруулж чадаагүй учраас татан буугдсан гэж ойлголоо. Энэ бол маш буруу онош. Энэ нь ЭХЯ-ны асуудал. БОАЖ-ын сайдыг солих нь асуудал шийдэгдэхгүй гэж үзэж байна. Хариуцлагын асуудлыг зааг ялгаатай болгох хэрэгтэй. Нийгмийн хэл амнаас айгаад л доод тушаалтан руугаа дайрч байна. Ерөнхий сайдыг хариуцлагын асуудал дээр сайтар анхаараасай гэж хүсэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

- Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг хамтад нь чөлөөлсөн нь цаашдаа жишиг болоосой гэж хүсэж байна. Сайдаа дэмжиж хамтарч ажиллаж чадаагүй тэднийг үлдээх нь утгагүй зүйл гэж үзэж байна. Цаашид хариуцлага тооцох хэрэгтэй бүх хүмүүст хариуцлага тооцно. УИХ-ын гишүүдээс тэднийг ажлаас нь чөлөөлөхгүй байгаач гэж утасдаж гуйхгүй байхыг хүсье.

Толгойноос нь эхэлж шийдэж байна. Цаашид асуудал нааштай шийдэгдэхгүй бол арга хэмжээ авсаар байх болно.

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Сайжруулсан түлш нь богино хугацааны шийдэл байжээ. Цаашид бид төгс шийдлийг олох хэрэгтэй. Яндангүй болж гал түлэхгүй л болох хэрэгтэй. Гэр хорооллыг дахин төлөвлөх, хөгжүүлэх тал руу анхаарч ажилламаар байна. Ховд аймагт гэр хороололд цэвэр бохир усны шугам татаж байгаа жишиг байна. Паартай байшинд амьдарч, паалантай жорлонд бие засах хэрэгтэй. Салбар дундын уялдаа холбоо сайн байх хэрэгтэй байна аа, цаана нь хариуцлага тооцох шаардлагатай хүмүүс үлдэж байна. Нэг сайдаа л огцруулна гээд сууж байх вий дээ. Том бодлогын асуудлыг анхаарч ажиллах хэрэгтэй шүү.

ШӨХТГ-ын даргын ажлыг хийж байсан туршлагатай хүний хувьд, хүнд суртал бий болгож байгаа хүмүүст өөрчлөлт авч ирээрэй. Сайд болохоороо л өөр хүн болчихдог арга барилаар ажиллаж болохгүй шүү.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

- Сүүлийн хоёр жил бидний уушгины хувьд их хэцүү жил болж байна. БОАЖЯ-нд шинээр хэрэгтэй гэсэн агентлаг бүрийг шинээр нээж өгч, дэмжин ажиллаж байгаа. БОАЖЯ-ын харьяа 100 гаруй байгууллага байна. Нэн түрүүнд хүсэх асуудал бол агаарын бохирдлын асуудал юм шүү. Орчны бохирдлыг бууруулах хорооны даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ахалж ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна. Энэ өвөл цэнхэр тэнгэрээ харахаа байлаа. Шинэ сайдад маш их итгэл найдвар тавьж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

- Агаарын бохирдлыг бууруулах ажил ганц БОАЖ-ын сайдын асуудал биш, хамтын асуудал гэдэгтэй санал нэг байна. Шахмал түлшний үйлдвэр дээр асуудал байгаа, үүнийг шийдэж өгөөрэй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

- Сайд солих амархан. Сайд хийж чадах хүнээ л сонгох нь анхаарах асуудал юм. Иргэнээ нэгдүгээрт тавьдаг хүнийг сайд болгох хэрэгтэй, одоо юм л бол иргэний буруу болоод байна. Улсдаа хэрэгтэй юм хийж, утааг алга болгох гэж сайд болдог байх хэрэгтэй. Ёстой л сонин хүмүүс сайд болж байна. Технологийн алдаа гаргаж байгаагаа засах хэрэгтэй. Хоосон Пи-Ар битгий хийгээд бай. ТҮЦ-ний эмэгтэй дээр очоод нүүрийг нь улайлгахад миний дургүй хэлсэн шүү. Түүнээс уучлал гуйх хэрэгтэй. Дарга нар солиорч өгч байна, сошиалаар ажил хийгээд байна. Амьдрал дундаа ор.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

- Ерөнхий сайд байсан хүн, огт энэ албыг хашиж байгаагүй юм шиг үг хэлж байгаа нь ёс зүйгүй байна. "Хүнд нөхцөлд байна" гээд улс төржөөд байвал төржөөд л байна. Үе үеийн Засгийн газар иргэдийнхээ төлөө явж байгаа. Өмнө нь нэг ч удаа өмнөх Ерөнхий сайдыг гоочилж байгаагүй. Боломжийн гэж бодсон хүмүүсийг сайд болгоод явж байна. Улс төржихдөө хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Өмнө нь утаа байсан, одоо шийдлээ ярих хэрэгтэй байна. Шат шатандаа асуудлаа шийдээд явах хэрэгтэй. Намайг өрөөндөө ажлаа хийхгүй суудаг хүн гэж бодох хэрэггүй. Ерөнхий сайдын хувьд асуудал руу гүн гүнзгий орж байгаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж дууслаа.

Хятадын эдийн засаг 8.1 хувиар өслөө
Хятадын эдийн засаг 8.1 хувиар өслөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.