/2022.01.18/: Үндэсний статистикийн хорооны танилцуулсан 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын тайланд уул уурхай, олборлох салбарын ажиллагсдын тоон үзүүлэлтийг гаргасан байна.
Тайланд дурдсанаар өнгөрсөн онд салбарын нийт үйлдвэрлэл 12.46 тэрбум төгрөгт хүрч 2020 оныхоос 5.9%-иар, салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт 17.55 их наяд төгрөгтэй тэнцэж 29.3%-иар тус тус өссөн байна. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний ханш зах зээлд өссөнтэй холбоотой.
Эрдсийн экспортын бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ (ам.доллараар)
Харин уул уурхай, олборлох салбарт ажиллагсдын тоон үзүүлэлт өнгөрсөн онд 22.3 мянгад хүрч өмнөх 2020 оныхоос (24.4 мянган хүн) 8.6%-иар буурсан дүнтэй гарчээ. Мөн тус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо 2021 онд 2020 оныхтой харьцуулахад 13.8%-иар цөөрчээ.
Өнгөрсөн онд уул уурхайн экспортын орлого нэмэгдсэн ч, салбарын гадаад худалдаа биет хэмжээгээр буурсан. Энэ нь авто тээврийн салбарт уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн орлого буурахад шууд нөлөөлсөн. Улмаар авто тээврийн салбарын орлого 2021 онд 413.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оныхоосоо 26.7% буюу 150.5 тэрбум төгрөгөөр багасчээ.
Харин төмөр замын тээврээр 2021 онд 31.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоосоо 4.5%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний төмөр замаар хийх тээвэрлэлт өнгөрсөн онд 428.7 мянган тонноор нэмэгджээ. Гэвч төмөр замын тээвэрлэлт сарын дүнгээр өнгөрсөн арванхоёрдугаар сард 1.9 сая тонн болж өмнөх сарынхаасаа 740.6 мянган тонноор буурсан байна.