
Индонезийн эрх баригчид Монголын далбаатай танкер хөлөг онгоцноос 1.16 тонн кетамин илрүүлж, багийн найман гишүүнийг саатуулжээ. Уг хэрэгтэй холбогдуулан олон улсын хар тамхины сүлжээ болон хөлөг онгоцны эзэмшигчдийг шалгаж байна.
Индонезийн хойд Суматра мужийн ойролцоо Малаккийн хоолойн усанд энэ сарын 20-нд “MT Global 168” танкер хөлөг онгоцыг саатуулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв.
Индонезийн Цагдаагийн ерөнхий газар болон Хар тамхитай тэмцэх үндэсний агентлагийн хамтарсан шалгалтаар хөлөг онгоцноос 58 шуудайд савласан, нийт 1.16 тонн кетамин гидрохлорид илрүүлжээ. Эрх баригчид хар тамхины үнийг ойролцоогоор 192–210 сая ам.доллар гэж үнэлсэн байна.
Хөлөг онгоцны хөдөлгөөнийг эрх баригчид эртнээс ажиглаж байсан бөгөөд уг танкер нь автомат таних системийн (AIS) мэдээлэлд сэжигтэй өөрчлөлтүүд гаргаж, зарим үед дохиогоо унтраадаг байжээ.
Хөлөг онгоцны эзэмшлийг шалгаж байна
“MT Global 168” нь Монгол Улсын далбааг ашигладаг боловч Малайзын Жохор мужтай холбоотой эзэмшигчидтэй гэж хэвлэлүүд мэдээлжээ. Одоо Малайзын цагдаагийн байгууллага уг хэрэгт тус улсын хар тамхины бүлэглэл оролцсон эсэх, хөлөг онгоцны эзэмшигчидтэй ямар холбоотойг шалгаж эхэлсэн байна.
Хөлөг онгоцны багийн найман гишүүнийг саатуулсны дотор долоон Индонезийн иргэн, нэг гадаадын иргэн байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хар тамхины гарал үүсэл, тээвэрлэлтийн маршрут, хүлээн авагч болон зохион байгуулагчдыг тогтоохоор ажиллаж байна.
Эх сурвалж: The Maritime Executive
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.