
Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан өргөн хүрээний хээрийн түймэр Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж, Японы хөрөнгө оруулалттай Мобиком компанийн удирдлагуудын үйл ажиллагаа, байгаль орчны хохирол болон Хятадын талын гал унтраах хүчин чармайлтын талаар шүүмжлэлтэй мэдээллүүд нийтлэгджээ. Ялангуяа Хятадын төрийн мэдээллийн агентлаг Синьхуа, төрийн хэвлэл Global Times болон Бээжингийн хэвлэлүүд уг асуудлыг онцлон мэдээлсэн байна.
Синьхуа: Японы хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг голлон онцлов
БНХАУ-ын төрийн мэдээллийн агентлаг Синьхуа аравдугаар сарын 20-нд нийтэлсэн тайлбар мэдээндээ Мобикомын автомашины цуваа түймэр үүсгэсэн байж болзошгүй гэж мэдээлжээ. Мөн түймрийн шалтгаан, тусгай хамгаалалттай бүсэд нэвтэрсэн зөвшөөрөл болон компанийн ажилтнуудын зорилгын талаар эргэлзээ байгааг дурдсан байна.
Global Times: Хятадаас албан ёсоор уучлал хүсэхийг шаардав
Хятадын төрийн хэвлэл Global Times түймэр хил орчимд хүрч, Хятадын нутаг дэвсгэрт тархах эрсдэл үүсгэсэн тул Хятадын тал олон мянган алба хаагч дайчлан ажилласан гэж онцолжээ.
Аравдугаар сарын 22-ны нийтлэлдээ тус хэвлэл Японы хөрөнгө оруулалттай компанийн удирдлагууд Монголын ард түмнээс уучлал хүсэж, хохирлыг нөхөн төлөхөө мэдэгдсэн боловч Хятадын талд албан ёсны уучлал илэрхийлээгүй гэж шүүмжилсэн байна. Мөн Хятадад гарсан гал түймрээс хамгаалах ажиллагааны зардал, хил дамнасан экологийн эрсдэлийг харгалзан Хятадаас ч уучлал хүсэх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Бээжингийн хэвлэл: “Зөвхөн нэг талаас уучлал хүссэн” гэж шүүмжилжээ
Beijing Daily-ийн нийтлэлийг эш татсан мэдээллүүдэд Японы компани Монголын талд уучлал хүссэн атлаа түймрийн эрсдэлтэй нүүр тулсан Хятадын талд хандсан байр суурь илэрхийлээгүйг онцолсон байна.
Тус шүүмжлэлийн гол санаа нь зөвхөн түймэр гарсан улсын өмнө бус, галын тархалтаас урьдчилан сэргийлэхэд хүч, хөрөнгө зарцуулсан хөрш улсын өмнө ч хариуцлагаа илэрхийлэх ёстой гэсэн шаардлага байв.
Хятадын талын гал унтраах ажиллагааг онцлон сурталчлав
Синьхуагийн мэдээллээр түймэр Хятад–Монголын хил рүү ойртоход Өвөр Монголын хил орчимд Хятадын 3,400 гаруй аврагч, гал түймэртэй тэмцэх ажилтан дайчлагдсан байна.
Хятадын хэвлэлүүд энэ ажиллагааг зөвхөн дотоодын аюулгүй байдлыг хамгаалсан ажил бус, хил дамнасан байгаль орчны эрсдэлээс сэргийлсэн хүчин чармайлт гэж тайлбарлажээ.
Эргэн сануулахад, Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан томоохон түймэр Японы хэвлэлүүдийн анхаарлыг татаж, Мобиком компанийн удирдлагуудын зорчиж явсан автомашинтай холбоотой нөхцөл байдал олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болоод байгаа юм.
Японы Kyodo News агентлаг аравдугаар сарын 20-нд, TBS News Dig телевиз аравдугаар сарын 22-нд уг хэргийн талаар мэдээлжээ. Мэдээллүүдэд дурдсанаар, Японы KDDI группийн охин компани болох Мобикомын удирдлагууд 4G сүлжээний туршилтын ажлаар тухайн бүсэд ажиллаж байх үеэр автомашинд нь гал гарч, улмаар хуурай өвсөнд тархсан гэх мэдээлэл гарсан байна.
Нөмрөгийн дархан цаазат газрын байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ их байгаа талаар Японы хэвлэлүүд онцолжээ. TBS News Dig-ийн мэдээлэлд дархан цаазат газрын ойролцоогоор 80 хувь буюу 470 мянган га талбай түймэрт өртсөн гэж дурдсан байна.
Уг үйл явдалтай холбогдуулан KDDI компанийн зүгээс байгаль орчинд учирсан хохиролд харамсаж байгаагаа илэрхийлж, дахин ийм явдал гаргахгүй байх арга хэмжээ авахаа мэдэгдсэн гэх мэдээлэл байна.
Нөмрөгийн дархан цаазат газар нь зүүн бүсийн байгалийн экосистем, ховор амьтан, ургамлын амьдрах орчныг хамгаалах өндөр ач холбогдолтой нутаг юм. Ийм эмзэг бүсэд гарсан түймэр нь зөвхөн тухайн өдрийн галын хохирлоор хязгаарлагдахгүй, бэлчээр, зэрлэг амьтдын амьдрах орчин болон экосистемийн нөхөн сэргэх үйл явцад урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.