
МАН-ын дотоод гомдол, дайсагнал дуусах яагаа ч үгүй бололтой. Өмнөх 30:38-ийн бүлэглэлийн хоорондох улс төр, эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөхтэй зэрэгцэн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн төрийн тэргүүнийг тойрсон олон нэрс яригдаж дахиад л дотроо толхилцож эхэлсэн бололтой.
Хотын дарга асан Х.Нямбаатар “Хаантны үеэл, Монгол Улсын дархлагдсан Сангийн сайд асан Б.Жавхлан 2027 оны сонгуульд Ерөнхийлөгчид нэр дэвшиж ялаад, У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайд болох тохироо хийсэн. Х.Нямбаатар намайг намын даргад нэр дэвшихгүй шүү гэж бичиг хийлгэж аваад шүүгээндээ хадгалсан” гэсэн юм.
Тэгвэл Г.Занданшатар дарга сүүлийн үед “Нэг монгол” хөдөлгөөнөө кампанит ажлын хүрээнд идэвхжүүлж, залуу дуучин, рэппэрүүдээр дуу зохиолгож, цацсан. Мөн өөрийг нь гүтгэж доромжилж, албан тушаалаа ашиглаж бүлэглэн улс төрийн үйл ажиллагаа явуулж, Улсын их хурлын үйл ажиллагаанд саад учруулсан гэж С.Амарсайхан, Д.Амарбаясгалан тэргүүтэй улс төрчдийг АТГ-д өгөөд байсан юм. Түүнээс гадна олны танилуудыг цуглуулан “Шударга ёс, шударга нийгмийг бүтээе. Авилгачдыг өршөөхгүй” гэсэн агуулгатай уулзалт, идэвхжүүлэлт хийх болсон нь нэг зүйлийн дохио.
Юу гэвээс Х.Нямбаатарын хэлсэнчлэн ирэх 2027 оны сонгуульд МАН-аас Б.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших яриа үнэхээр бодитой бол Ерөнхий сайдын ажлаа өгөн байж хоног тоолон “хүлээж” буй Г.Занданшатар тун их гомдол тээн үлдэж буй нь тодорхой. Нүүрсний хулгайч, баялгийн дээрэмчидтэй тэмцэхээ зарлаж, тун гал цогтой улс төрийн ажил хийж байсан Г.Занданшатар ердөө л ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших мандат хүлээж байсан нь улс төрийн өнгө аясын хувьд ч илэрхий байв.
Тойргоосоо нэр дэвшээд гараагүй, намын даргын сонгуульд органик санал хураалтаар унасан, сөрөг хүчний шахалтаар Ерөнхий сайдын ажлаа өгсөн гээд дандаа “ухрах арааны” имиж бүрдүүлсэн Г.Занданшатар гомдохдоо “Үндэсний эвсэл”-ээс айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээ тарааж байсан нь ч өнөөдрийн улс төрийн цаг агаарын үзэгдлээс харахад оргүй биш бололтой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотны дүү нараасаа хагацан байж улс төрийн тавцанд “нэг” талдаа арай ядан гарлаа гэж байтал эдүгээ үнэнч андууд нь мөн л Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө мань хүний толгойг өвтгөж эхэлсэн гэх таамаг хоосонгүй биш гэмээр.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.