
Хотын дарга асан Х.Нямбаатарын өчигдөр хийсэн мэдэгдлийг 800 гаруй мянган хүн үзжээ. Товчхондоо бол сенсааци тарьж. Х.Нямбаатарын мэдэгдлээс хамгийн онц сонирхолтой нь “МУ-ын шинэ Ерөнхийлөгч Болдын Жавхлантай танилц. Ерөнхийлөгч өөрийн үеэл дүүгээ дараагийн Ерөнхийлөгч болгоод өөрөө цаашаа “Дэглэм”-ээ удирдана гэдэг бодлоо надад хэлж байсан. Надаар “МАН-ын дараагийн даргад нэр дэвшихгүй” гэж өргөдөл бичүүлж авсан” гэдэг хэсэг байлаа. Ийн Х.Нямбаатарын “Дэглэм”-ийн тухайд хэлсэн нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн байрлалд нөлөөлөхөөр болчихлоо.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэнийг нэр дэвшүүлэх тухай таамаг аль дээрээс яригдаж эхэлсэн. Г.Занданшатар сурталчилгаагаа хэдийнэ эхэлсэн бол УИХ-ын дарга С.Бямбацогт ч санаатай байгаа нь хэн бүхэнд илт харагдана. Цаашлаад Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан гээд олон жилийн туршлагатай улстөрчид бий. Тэдний дунд УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Жавхлан жагсаж байв.
Б.Жавхланг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үеэл гэж хэвлэлүүдэд бичиж, тэдний улстөрийн ойр харилцааг эртнээс онцолсоор ирсэн. Тиймээс зөвхөн хувь хүнийх нь улс төрийн замналаас гадна У.Хүрэлсүхтэй холбоотой хэсгийг сонгуулиар хөндөх нь зүй ёсны явдал.
Хэрэв МАН Б.Жавхланг дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр шийдвэл Х.Нямбаатарын хэлсэн үг нотлогдож У.Хүрэлсүх Ерөнхийлөгч “Дэглэм”-тэй, “Дэглэм” нь улс төр, бизнес, бусад намыг хамарсан гэдэг нь үнэн байжээ гэсэн ойлголтыг ард түмэнд өгнө. Цаашлаад улстөрчдийн нэгэнт зурсан зургаар зохиогдох сонгуульд хэн ч оролцохыг хүсэхгүй, Б.Жавхланг дэвшүүлсэн МАН ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй.
Ийм том эрсдлийг одоо МАН гаргахгүй байх. Тэгэхээр Болдын Жавхлан гэдэг кандитат Ерөнхийлөгчийн сунгаанаас албан ёсоор хасагдчихлаа гээд хэлэхэд буруудахгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.