
Канадын Entrée Resources Limited компанийн 100 хувийн эзэмшлийн Монгол дахь охин компани “Онтре” ХХК Монгол Улсын Татварын албанд 23,4 орчим тэрбум шилжүүлсэн тухай баримтыг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал гаргаж тавилаа. Гэтэл “Онтре” ХХК яг ямар хэлцэл, үйл ажиллагааны шугамаар ийм хэмжээний мөнгийг манай улс руу шилжүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна. Оюутолгойн бүлэг ордын 30 гаруй хувийг дангаараа эзэмшдэг тус компанийг Оюутолгой ХК-д шилжүүлэн авах хэлэлцээр УИХ-д нээлттэй хэлэлцэгдээд, олон нийтэд хэлцлийн бүх үе шат ойлгомжтой, үнэн зөв байх зарчим үйлчлэх ёстой.
Гэтэл Татварын Ерөнхий газар руу “Онтре” ХХК-иас “Бүрдүүлбэр дутуу” гэсэн нэхэмжлэлийн дугаартай 23,5 тэрбум төгрөг шилжсэн нь аль хэдийн Засгийн газрын хөшигний ард ямар нэгэн хуудуутай, хэн нэгэн бүлэглэлд үйлчилж, ашиг сонирхол шингэсэн үл ойлгогдох хэлэлцээр өрнөөд дууссан юм бишүү гэсэн хардлага төрүүлж байна. Урьд нь 2014 онд Дубайд болсон Оюутолгойн Далд уурхайн санхүүжилттэй холбоотой хэлэлцээр яг өнөөдрийн “Онтре” шиг ямар ч тодорхой мэдээлэлгүй байсаар батлагдсаныг олон нийт жилийн дараа олж мэдсэн түүхтэй.
Ингэхээр “Онтре” ХХК-ийн эзэмшлийн талбай Засгийн газрын ямар оролцоотойгоор, цаашлаад АҮЭБЯ-ны ямар албан тушаалтнуудын хурал, тогтоол, шийдвэрээр хэлэлцээр хийгдсэн нь нууц үлдсэн байх вий гэсэн хардлага гарч ирж байна. Ер нь хэлэлцээр гэх үү хэлцэл гэх үү, ямар нэг тохироо гэх үү, Монголын төр, “Онтре” ХХК 2 ер нь яг ямар албан харилцаатай байгааг хэн тайлбарлах вэ? Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралаас хэвлэлийнхэн нэн яаралтай, тодорхой асуух хэрэгтэй боллоо.
Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалтын сэдвийг өндөр авахуулчихаад ардуур нь Дубайн гэрээ шиг “Онтре” ХХК-ийн эзэмшлийн талбайг тун бүрхэг ойлгомжгүй хэлэлцээрээр шилжүүлэн аваад байгаа юм биш гэсэн хардлага бодитой байгааг эрх баригчид онцгой анхаарах шаардлагатай байна.
Хэрэв Татварын албанаас “Онтре”-д хандаж буй албан бичиг “Бүрдүүлбэр дутуу” гэж явсаар хэзээ нэг өдөр “бүрдвэл” лизенцийг шууд шилжүүлэхийг зөвшөөрч байгаа мэт логик тайлбартай гүйлгээний утгаар шилжүүлэг хийгдэж байгаад холбогдох яам нэг ч тодорхой тайлбар өгөхгүй байгааг гайхаж байна.


Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.