/2022.01.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Монголд цус ойртолтын асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар цус ойртолтын аюултай түвшинд хүрсэн хэдэн сум байна вэ. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авахаар тогтоолын төсөлд тусгасан бэ. Цус ойртолтыг зөвхөн ургийн бичиг хөтлөх зэргээр шийдвэрлэж болохгүй. Энэ асуудал дээр захиргааны арга хэмжээ авах ёстой.
Анагаах ухааны доктор, хүний их эмч, хүн судлаач Э.Энхмаа:
-Хүн судлаач эрдэмтэд 40 жилийн судалгааны үр дүнд хүн амын популяцын генетикийн тооцооллын аргаар Монгол Улсын хүн амын цус ойртолтын түвшинг тооцоолсон байдаг. Цус ойртолтыг илэрхийлдэг F коэффициент 0-тэй тэнцүү байвал тухайн бүс нутагт цус ойлголт байхгүй байна гэсэн үг. 0-ээс 1 рүү тэмүүлбэл цус ойртолтын түвшин нэмэгдэж байдаг. 21 аймгийн уугуул хүн ам дахь цус ойртолтын түвшинг тооцоолоход F коэффициент 0-тэй тэнцэж буй аймаг гэж ерөөсөө байхгүй байна.
Үндэсний эв нэгдлийн үүднээс аль аймаг хамгийн их цус ойртолт өндөртэй байна гэдгийг зарлаад байдаггүй.
Угийн бичиг хөтлөх, ургийн овог хэрэглэх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх гэсэн 3 аргыг аливаа улс үндэстэн хүн амынхаа удмын сангийн аюулгүй байдлыг хангахад хэрэглэдэг. Үүнийг хэрэгжүүлэх санаа тогтоолын төсөлд тусгагдсан байгаа. Мөн бодлогоор арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Захиргааны арга хэмжээ авах ёстой талаар Д.Тогтохсүрэн гишүүн хэллээ. Энэ тал дээр ОУ-ын жишээг судалж байна. Тухайлбал, ихэнх улсад хүн амын удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болж буй цус ойртолтыг гэмт хэрэг гэж үзсэн байдаг. Эрүүгийн хуульд тусгайлан заах эсвэл иргэний болон гэр бүлийн хуулиар удам доторх гэрлэлтийг хууль бус гэж үзэн хориглодог. Мөн бие даасан хэд хэдэн хуулиар энэ асуудлыг зохицуулдаг туршлагууд байна. Өөрөөр хэлбэл, тус харилцааг Гэр бүлийн тухай хууль, Иргэний хууль, эрүүгийн хуулиар дангаар болон давхар зохицуулж байна. Тиймээс манай улсад ч гэсэн цус ойртолттой холбоотой гэрлэлтүүдийг захиргааны аргаар хорих, хориглох заалтууд шаардлагатай байна" гэв.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн тул тогтооллын төслийг баталлаа.