/2022.01.10/: Зурагт вакцин бүтээсэн эрдэмтэд болох Техасын Хүүхдийн эмнэлгийн вакцин хөгжүүлэх багийн ахлагч Мариа Елена Ботацци болон Питер Хоутэз нар.
АНУ-ын Техасын Хүүхдийн Эмнэлэг болон Анагаах Ухааны Бэйлор коллежийн эрдэмтдийн баг хамтран бүтээсэн COVID-19-ийн эсрэг шинэ вакцинаа ямар нэг зохиогчийн эрх, патентын төлбөр нэхэлгүйгээр дэлхийн өнцөг булан бүр дэх үйлдвэрлэгчдэд нээлттэй санал болгожээ. Хүмүүс дээр хийсэн туршилтаар аюулгүй мөн үр дүнтэй болох нь батлагдсан тус вакциныг Энэтхэг Улс дотооддоо үйлдвэрлэхийг зөвшөөрч, нэг сард 100 сая тун үйлдвэрлэх захиалга аль хэдийн хийгджээ.
Тус вакциныг Corbevax гэж нэрлэсэн бөгөөд гарган авсан технологийн хувьд олон жилийн турш ашиглаж ирсэн, уламжлалт уурагт суурилсан технологи ашиглан бүтээжээ. Коронавирусын эсрэг бусад вакцинуудын нэгэн адилаар Corbevax нь коронавирусын Spike уурагт төвлөрч үйлчлэх боловч, mRNA ашиглан хүний биеийн эсүүдийг тэдгээр Spike уургийг бий болгоход хүргэдэг бусад вакцинаас ялгаатай нь лабораторид бүтээсэн Spike уургийг биед нийлүүлдгээрээ онцлог юм.
Spike уургийн кодыг хариуцсан генийг судлаачдын багийнхан ялган авч, мөөгөнцөрийн эсийг инжерчлэн, Spike уургийг шинээр гаргаж авчээ. Гаргаж авсан уургийг ялгаж, цэвэршүүлж, туслах бодистой холин, дархлааны хариу урвалыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй болгосон байна. Энэхүү аргыг Гепатит В-ийн эсрэг вакциныг гарган авахад олон жилийн турш ашигласан байна.
“Уурагт суурилсан вакцинууд нь бусад олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд ашиглагддаг бөгөөд аюулгүй байдал нь олон жилийн туршлага дээр баталгаажсан байхаас гадна олон тоогоор үйлдвэрлэж чадвал хямд үнээр дэлхийн аль ч хэсэгт хүрэх боломжтой” гэж вакцин бүтээх төслийн багийн ахлах судлаач Мариа Элена Ботацци мэдэгджээ.
2020 онд АНУ-ын вакцин судалгааны баг нь Энэтхэгийн эмийн үйлдвэр болох Biological E компанитай хамтран, клиник туршилт эхлүүлж, үйлдвэрлэлд шилжүүлэх бэлтгэл ажлаа хангасан байна. 2021 онд дээрх туршилтанд хэдэн мянган хүн хамрагдаж, үүний үр дүнд Corbevax вакцин нь аюулгүй бас үр дүнтэй байж, SARS-CoV-2-ийн эсрэг хүчтэй дархлаа үүсгэж байгааг нотолсон байна. Мөн энэ туршилтын үеэр Covishield буюу Энэтхэгт үйлдвэрлэсэн Астразенека вакцинтай харьцуулж үзэхэд, гаж нөлөө нь илүү бага байснаас гадна маш сайн дархлаа тогтоож байсан байна.
Corbevax болон эсрэг биетийн харилцан үйлчлэлээс үзэхэд уг вакцин COVID19-ийн шинж тэмдэг бүхий Дельта хувилбараас хамгаалах 80 хувийн үр дүнтэй байгаа нь тогтоогджээ. Омикрон хувилбарын эсрэг яаж үйлчилж буй талаар мэдээлэл удахгүй тодорхой болох ч, бусад вакцинуудаас дутахааргүй хамгаална гэж таамаглаж байгаа аж.
Энэ вакцины хамгийн гол ач холбогдол нь вакцин бүтээгчид бүтээл дээрээ ямар нэгэн патент, оюуны өмчийн гэрчилгээ бүртгүүлээгүй бөгөөд энэ нь дэлхийн хаана ч, хэн ч хүссэн хэмжээгээрээ үйлдвэрлэж болно гэсэн үг юм. Вакцин бүтээгчдийн нэг болох Питер Хоутэз үүнийг “дэлхий ертөнцөд өгч буй бидний бэлэг” хэмээн тодорхойлсон бөгөөд одоогийн байдлаар Энэтхэг, Индонези, Бангладеш, Ботсвана улсуудад вакцины технологио шилжүүлээд байгаа юм.
“Энэ бол дэлхий нийтийг вакинжуулж, цар тахлын хор нөлөөг бууруулах чухал алхам болж байна. Манай вакцины технологи нь бага, дунд орлоготой улс орны ард иргэдийг Дельта варианттай нүүр тулахаас урьдчилан сэргийлж байгаагаараа хүмүүнлэгийн хямралыг шийдэх нэг арга зам санал болгож байгаа байх аа” гэж Хоутэз мөн дурджээ.
Corbevax вакцин нь бүтцийн хувьд уургийн дэд нэгдлүүдэд суурилсан Novavax вакцинтай ижил бөгөөд Novavax вакциныг саяхнаас дэлхийн олон оронд яаралтай горимоор дархлаажуулалтанд ашиглахыг зөвшөөрөөд байгаа билээ. Энэтхэг улс Corbevax вакциныг яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн анхны улс бөгөөд Энэтхэгийн Biological E компани одоогоор 150 сая тун үйлдвэрлээд байгаагаас гадна энэ оны 2-р сараас эхлэн сард 100 сая тун үйлдвэрлэх боломжтой болоод байгаа юм.
Эх сурвалж: newatlas