/2022.01.10/: Коронавирусын эсрэг вакциныг асар богино хугацаанд бүтээж, бүх нийтийн дархлаажуулалтанд ашигласан нь дэлхий ертөнцийг өөрчилж чадах ямар их хүч шинжлэх ухаан, технологид агуулагдаж байгааг харуулсан тод жишээ болсон билээ.
Хэдийгээр mRNA технологид суурилсан вакцинууд маш хурдан хугацаанд бүтээгдсэн ч энэ төрлийн вакциныг үйлдвэрлэх судалгаа туршилт нь 1970-аад оноос хойш хийгдсээр ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, алга урвуулахын төдийд амжилт олсон технологи бүрийн ард асар олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн байдаг ажээ. Дараагийн амжилт олж, тэсрэлт хийх шинэ ололт, нээлтүүд юу байж болох вэ?
The Economist сэтгүүл 2022 онд биднийг гайхшруулах 22 шинэ технологийг танилцуулж байна.
НАРНЫ ГЕО-ИНЖЕНЕРЧЛЭЛ
Энэ технологийг тайлбарлахад машид энгийн. Хэрвээ дэлхий хэт их халаад байгаа юм бол түүн дээр бага зэргийн сүүдэр тусгаад өгвөл яах вэ?
Агаар мандлын дээд давхаргад цацагдсан үнс, тоос нь сэрүүцүүлэх нөлөө үзүүлдэг бөгөөд үүний нэг жишээ нь 1991 онд Пинатубо нэртэй галт уул дэлбэрэхэд Дэлхийн агаарын дундаж хэм цельсийн 0,5 хэмээр буурсан үзэгдэл байдаг аж. Нарны гео-инженерчлэл буюу нарнаас ирэх цацрагийн менежмент нь үүнтэй ижил аргачлал ашиглах юм байна.
Гэхдээ энэ технологи араасаа маш олон маргаан дагуулж буй. Юуны өмнө үнэхээр нарны цацраг идэвхит туяанд бид нөлөөлж чадах уу? Хэрэв чадлаа гэж бодоход энэ нь дэлхийн цаг агаар болон хур тунадасд хэрхэн нөлөөлөх вэ? Хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах хүчин чармайлтыг үгүй хийсэн алхам болох юм биш биз гэх зэрэг олон асуудал хариулт нэхэж байгаа юм. Энэ санааг туршиж үзэх оролдлого нь улстөрчид болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийн ширүүн эсэргүүцэлтэй байнга тулгардаг. Гэсэн хэдий ч 2022 онд Харвардын их сургуулийн судлаачдын баг олон жил хүлээгдсэн SCOPEX нэртэй туршилтаа амжилттай эхлүүлнэ гэсэн найдлагатай байна.
Туршилтын явцад агаарын бөмбөлгийг агаар мандлын дээд давхарга хүртэл хөөргөсний дараа цацах 2кг орчим хуурай бодис(одоогийн байдлаар кальцийн карбонат гэж таамаглаж буй) нь нарны энергийг хэр зэрэг шингээж, сарниулж, мөн ямар хариу үйлдэл үзүүлж байгааг хэмжих аж.
Энэхүү технологийг дэмжигчид нь хэрэвзээ хүн төрөлхтөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажилдаа цаг хожихыг хүсч байгаа бол энэ аргыг зайлшгүй ашиглах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. Уг туршилтыг хийхээр зэхэж буй Харвардын судлаачдын багийн дэргэд энэхүү технологийн ёс суртахууны хийгээд улстөрийн үр дагаврыг судлан тооцоолох хараат бус зөвлөхүүдийн баг байгуулаад байгаа бөгөөд туршилт хийгдсэн ч бай, үгүй ч бай, өргөн хэмжээний эсэргүүцэлтэй тулгарах сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа ажээ.
ДУЛААН ШАХУУРГА
Дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 25 орчим хувь нь өвлийн улиралд байшин барилгыг дулаан байлгахад зарцуулагддаг байна. Ингэхдээ дулааны ихэнхийг нь нүүрс, байгалийн хий, газрын тос шатаах замаар үйлдвэрлэнэ. Хэрвээ дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэвшүүлсэн зорилтоо биелүүлнэ гэвэл дээрх аргаар цаашид дулаан үйлдвэрлэх боломжгүй болох юм. Иймээс алсдаа дулааны шахуурга ашиглах нь хамгийн ирээдүйтэй технологи болох төлөвтэй байна.
Хөргөх технологи нь тухайн орон зай дахь дулааныг гадагш шахан гаргах замаар хөргөлт явуулдаг бол дулааны шахуурга нь гаднаас дотогш дулааныг шахаж, орон зайд дулаан бий болгодог онцлогтой. Ингэхдээ үүссэн дулааныг л шилжүүлэх байдлаар ажиллах тул эрчим хүчний хувьд өндөр хэмнэлттэй бөгөөд нэг киловатт эрчим хүч зарцуулахдаа 3 киловатт дулаан түгээх хүчин чадалтай байдаг. Энэ нь цахилгаан халаагуураас бага эрчим хүчний зарцуулалттай гэсэн үг юм. Мөн дулааны шахуургыг эсрэг чиглэлд ажиллуулбал барилгыг сэрүүцүүлэх боломжтой байдаг.
АНУ-ын Сан Франциско хотын Gradient компани нь халаах болон сэрүүцүүлэх хосолсон үйлчилгээтэй дулааны шахуурга үйлдвэрлэдэг цөөхөн компаниудын нэг ба 2022 онд тэдний худалдаанд гаргах аяны богц хэлбэртэй, авсаархан төхөөрөмжийг цонхноосоо зүүгээд ажиллуулах боломжтой юм.
УСТӨРӨГЧИЙН ХӨДӨЛГҮҮРТЭЙ НИСЭХ ОНГОЦУУД
Автомашиныг цахилгаанаар хөдөлгөх нь нэг хэрэг. Агаарын хөлгийг цахилгаанаар хөөргөх боломжтой эсэх нь шал өөр хэрэг юм. Одоогоор цахилгаан хөдөлгүүрт ашиглах боломжтой батарей нь бага оврын онгоцны богино зайн нислэгт л ашиглагдаж байгаа. Гэхдээ устөрөгч ашиглан цахилгаан эрчим хүч үүсгэвэл дээрх асуудлыг шийдвэрлэх боломж байх шиг.
2022 онд устөрөгчийн түлшээр ажиллах иргэний нисэх онгоцны хэд хэдэн туршилтын нислэг хийгдэх бөгөөд эдгээрээс дурдвал, Нидерландын Делфт Технологийн Их сургуулийн 2 хүний суудалтай онгоц бүтээгдэж байгаа бол оны сүүлч гэхэд хөдөлгүүрийн ашиглалтын зөвшөөрлөө авахаар хүлээж буй Калифорни мужийн ZeroAvia компани 20 хүний суудалтай нисэх онгоцоо бэлдэж байна. Мөн л Калифорнид байрлах Universal Hydrogen компанийн устөрөгчийн хөдөлгүүрт, 40 хүний суудалтай онгоц 2022 оны 9-р сард туршилтын нислэгээ хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
АГААРААС НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙГ ШҮҮХ ТЕХНОЛОГИ
Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл нь дэлхийн дулаарлыг үүсгэдэг. Үүнийг шууд агаарт нь соруулж, шүүх боломжтой юу? Тэгвэл хэд хэдэн стартап компаниуд дээрх аргаар ажиллах Direct Air Capture (DAC) технологийг хөгжүүлж байна. 2022 онд Канадын Carbon Engineering компани АНУ -ын Техас мужид хамгийн том DAC байгууламж барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ шүүлтүүр нь жилд 1 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаж шүүх хүчин чадалтай байх юм.
Мөн Швейцарийн ClimeWorks компани жилдээ 4000 тонн нүүрсхүчлийн хий ялгаж шүүн, хатуу төлөвт шилжүүлж булах байгууламжийг Исланд улсад 2021 онд ашиглалтанд оруулсан бол АНУ-ын Global Thermostat компани ийм төрлийн 2 туршилтын байгууламж эзэмшин ажиллуулж байна. DAC технологи нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чухал нөлөөтэй бөгөөд энэ технологийг хөгжүүлэгчид зардлаа бууруулах болон боловсруулалтын хүчин чадлаа нэмэх асуудлаар ухаанаа уралдуулцгааж байгаа ажээ.
БОСОО ХҮЛЭМЖ
Босоо хүлэмж гэдэг нь дээр дээрээс нь давхарлан өрсөн олон тавцанг гэрэл дулааны зохицуулалттайгаар, хаалттай орчинд байрлуулж, ургамал тарьж ургуулах технологи билээ. Эрчим хүчний зарцуулалт багатай LED гэрлээр гэрэлтүүлгийг шийдсэн хэдий ч энэ салбарын хамгийн гол зардлыг эрчим хүчний зардал эзэлсэн хэвээр байгаа юм. Босоо хүлэмжүүд нь хэрэглэгчиддээ ойр байрлаж, тээврийн зардал хэмнэх, үүнийгээ дагаад агаарт ялгаруулах хорт хаягдлыг багасгах ач холбогдолтой юм. Мөн усны хэрэглээг хамгийн бага түвшинд байлгаж, хорхой шавжнаас бүрэн тусгаарлагдсан учир пестицид ашигладаггүй зэрэг давуу талуудтай.
2022 онд Их Британид Jones Food Company дэлхийн хамгийн том буюу 13750 метр квадрат талбай бүхий босоо хүлэмжийг ашиглалтанд оруулах гэж байна. Мөн АНУ-ын AeroFarms компани өөрийн хамгийн том босоо хүлэмжээ Virginia мужийн Daneville хотод нээх гэж байгаа юм. Салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч мөн энэ жил үйл ажиллагаагаа нилээн өргөтгөж байгаагийн нэг нь Nordic Harvest компани бөгөөд тус компани Копенгаген дахь хүлэмжээ өргөтгөж, Стокгольм хотод шинэ хүлэмж барих юм. Калифорни мужийн Plenty компани мөн Лос Анжелес хотын ойролцоо шинэ босоо хүлэмж нээх гэж байна. Ихэнх босоо хүлэмжүүдэд үнэлгээ өндөртэй навчит ургамал тариалдаг ч сүүлийн үед зарим хүлэмжийн компаниуд улаан лооль, чинжүү, ойн жимс тариалах болжээ.
ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН ДАРВУУЛТ ОНГОЦУУД
Дэлхий дээр ялгарч буй нийт хүлэмжийн хийн 3 хувийг далайн тээврийн хөлгүүд “үйлдвэрлэдэг”. Хүхрийн агуулга өндөртэй усан онгоцны түлш болон түлшний савны өнгөр нь шаталтанд орсноор хүчлэн бороо үүсгэхэд ч хувь нэмрээ оруулдаг байна. Дарвуулт завины эрин үед дээрх асуудлууд огт байгаагүй нь эргээд далайн тээвэр дарвуулт завийг илүү өндөр технологитой хослуулж, зардал болон хорт хийн ялгарлыг бууруулахаар эргэн ирэлт хийхэд нөлөөлжээ.
2022 онд Францын Michelin компани ачаа тээврийн хөлөг онгоцонд хийлдэг дарвуул суурилуулж, шатахууны зардлаа 20 хувиар бууруулахаар төлөвлөж байна. Мөн Японы далайн тээврийн MOL компани нь 2022 оны 8-р сард ачааны хөлөг онгоцонд сунаж, агшдаг дарвуул суурилуулах төлөвлөгөөтэй байгаа бол Италийн Naos Design компани энэ жил салхи дагаж чигээ өөрчилдөг, эвхэгддэг, хатуу биетээр хийгдсэн дарвуулаараа 8 ширхэг усан онгоц тоноглох гэж байгаа аж. Үүнээс гадна, аварга том “цаасан шувуу”, олон тооны сэнстэй “сордог жигүүр”, Флеттнерийн ротор нэртэй аварга том эргэлддэг цилиндр гэх мэт шинэ технологиуд ч дарвуулын араас далайн тээвэрт нэвтрэхээр зэхэж байна. International Windship Association байгууллагын мэдээлснээр 2022 оны сүүлч гэхэд дарвуул бүхий ачааны хөлгийн тоо 4 дахин нэмэгдэж, 40 хүрэх төлөвтэй байгаа юм. Хэрэв Европын Холбоо далайн тээврийн үйл ажиллагаанд нүүрсхүчлийн хийн хязгаарлалт тогтоовол дээр дурдан шинэ технологиуд илүү хурдан амьдралд нэвтрэх нь дамжиггүй юм.
VR ДАСГАЛ СУРГУУЛИЛТ
Дасгал сургуулилт хийх хүсэлтэй ч өөрийгөө дайчилж чаддаггүйгээсээ болоод дасгал сургуулийн тухай бодохоос хэтэрдэггүй хүн маш олон байдаг. Харин VR буюу Virtual Reality төхөөрөмжүүд нь хүмүүт тоглоом тоглонгоо калорио шатаах боломж олгодог ба тоглоомын явцад элдэв биетийг цохих буюу цавчих, саад бартааг давах, бултах зэргээр олон төрлийн хөдөлгөөн хийлгэдэг. Цар тахлын хөл хорионоос үүдэн бялдаржуулах, фитнесс төвүүд олноороо хаагдсаны зэрэгцээ хямд үнэтэй, хүчирхэг Oculus Quest 2 VR төхөөрөмж зах зээл дээр зарагдаж эхэлсэн нь VR дасгал хөдөлгөөн “моодонд орох” шалтгаан болжээ. 2022 онд тус төхөөрөмжийн шинэчлэгдсэн загвар болон фитнессийн шинэ функцууд мэндлэхээр зэхэж байгаагийн зэрэгцээ VR дасгал сургуулийн хамгийн алдартай аппликэйшн Supernatural нь Хойд Америкийн зах зээлээс хальж, Европт удахгүй нээлтээ хийх гэж байна. Virtual Reality супер аппликэйшнүүд жинхэнэ фитнесс төвүүдийг орлож чадах болов уу?
ХДХВ БОЛОН ХУМХАА ӨВЧНҮҮДИЙН ЭСРЭГ ВАКЦИН
mRNA технологи дээр суурилсан COVID-н эсрэг вакцины гайхалтай амжилт нь вакцины судалгаа хөгжүүлэлтийн алтан үе эхэлж байгааг тунхагласан үйл явдал болсон билээ. Тухайлбал, Moderna компани л гэхэд өндөр үр дүн үзүүлсэн коронавирусын эсрэг вакцин гарган авсан тэр аргаараа mRNA-д суурилсан ХДХВ-н эсрэг вакцин хөгжүүлж байна. Тус компани эхний шатны клиник туршилтуудаа 2021 онд эхлүүлсэн бөгөөд 2022 онд туршилт судалгааны урьдчилсан үр дүнгүүд гарч эхлэх юм. Мөн Pfizer компанитай хамтран коронавирусын эсрэг вакцин амжилттай бүтээсэн BioNTech компани бас mRNA суурьтай хумхаагийн эсрэг вакцины судалгаа хийж байгаа бөгөөд 2022 онд анхан шатны клиник туршилтуудаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Оксфордын их сургуулийн боловсруулж буй ХДХВ, хумхаагийн эсрэг вакцинууд хэдий mRNA суурьтай биш ч гэлээ багагүй найдлага төрүүлж байна.
З ХЭМЖЭЭСТ ПРИНТЕРЭЭР ХЭВЛЭСЭН ИМПЛАНТ ЭРХТЭН
Биологийн материал ашиглан 3 хэмжээст принтерээр хиймэл эрхтэн хэвлэх технологи хөгжүүлэхээр эрдэмтэд олон жилийн турш ажиллаж байгаа юм. Тэдний туйлын хүсэл нь өвчтөний биеэс цуглуулсан хэдхэн тооны эсийг ашиглан, шилжүүлэн суулгахад хэвийн ажиллахаар эрхтэн бүтээх явдал бөгөөд ингэж чадвал хүнд өвчтэй хүмүүс өөрт таарах эрхтэн хүлээсэн урт дараалал үүсгэдэг явдлыг арилгаж чадах билээ.
Зөөлөн эд эрхтэний хувьд дээрх мөрөөдөл нь одоогоор хүршгүй алсад хөвж байгаа бол ясны хувьд хүлээлт нилээн өндөр байна. 3 хэмжээст хэвлэгчээр эрхтэн хэвлэдэг гарааны компаниуд болох Particle3D болон ADAM компаниуд нь 2022 онд хүнд шилжүүлэн суулгахад бүрэн тохиромжтой 3 хэмжээст хэвлэгчээр бүтээсэн яс гаргаж авахаар зорьж байгаа юм. Өвчтөний компьютер томограф зургаар баримжаалан, кальци агуулсан эрдэс ашиглаж, дээрх бүтээгдэхүүнээ хэвлэх ажээ.
Particle3D компани бүтээгдэхүүний туршилтаа гахай болгон хулгана дээр хийж үзэхэд, шилжүүлэн суулгасан ясанд 8 долоо хоногийн дотор чөмөг болон судаснууд үүссэн байжээ. Харин ADAM компанийн мэдээлснээс үзвэл тэдний 3 хэмжээст хэвлэгчээр бүтээсэн яс нь хүний биеийн яснуудтай адил өсөлт явагдаж, аажмаар хэвлэсэн материал нь задралд орсоор тодорхой хугацааны дараа өвчтөний ясны эд эсээр солигдох боломжтой гэнэ. Хэрэв дээрх бүтээлүүд практикт амжилттай нэвтэрвэл дараагийн шатны зорилго нь 3 хэмжээст хэвлэгчээр хэвлэсэн судас болон зүрхний хавхлага хэвлэх юм байна.
НИСДЭГ ЦАХИЛГААН ТАКСИ
Урьд нь зөвхөн зөгнөлт киноноос л харж болдог байсан нисдэг такси, байрнаасаа шууд хөөрч, газарддаг машинууд нь бага багаар хөгжиж явсаар нэг мэдэхэд бодит ажил болон хувирчээ. 2022 онд туршилтын нислэгийн зөвшөөрлөө авч, улмаар 1-2 жилийн дотор иргэний нислэгийн зөвшөөрөл авах зорилготой хэд хэдэн компани байгаагийн нэг нь Калифорни мужийн Joby Aviation бөгөөд тэд 5 хүний суудалтай, нэг удаадаа 180 километр зай туулах чадалтай нисдэг машин нилээн хэдийг энэ ондоо багтааж үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Харин Германы Volocopter компани 2024 оны Парисын зуны олимпийн үеэр нисдэг таксины үйлчилгээ үзүүлэгч болохоор зорьж байгаа бол eHang, Lilium болон Vertical Aerospace зэрэг өрсөлдөгчид нь ч тэднийг хараад гараа хумхин суухгүй нь тодорхой билээ.
САНСРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
2021 он сансрын аяллын хувьд үнэхээр онцгой жил болж өнгөрсөн. Учир нь дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын хүчин чармайлт үр дүнд хүрч, энгийн иргэдийг сансарт аяллын журмаар хөөргөж чадсан нь 2022 оны хүлээлтийг улам ч өндөр болгож байгаа юм. Сэр Ричард Брэнсоны Virgin Galactic хөлөг өнгөрсөн оны 7-р сард Жефф Безосын Blue Origin-ийг сансрын хязгаар хүртэл “шахаж”, аль аль нь өөрсдийн хөлгөөр дэлхийн нам тойрог замд тойрон нислэг хийж чадсан бол 9-р сард мөн л тэрбумтан Элон Маскийн SpaceX компани 4 зорчигчийг сансарт нисгэж, дэлхий тойрох олон хоногийн аялалд илгээж чадсан юм.
Дээрх гурван компани 2022 онд илүү олон зорчигч сансарт илгээхээр төлөвлөж байгаа ба бид анх удаа засгийн газрын хөтөлбөрийн нисгэгчид биш харин төлбөрөө төлсөн сансрын аялагчид дэлхийгээс хөөрөн нисэх хүлээлт үүсгээд байгаа боловч Virgin Galactic энэ оны эхний хагаст сансрын хөлгөө илүү хүчирхэг, илүү аюулгүй болгох тал дээр анхааран ажиллах тул нислэг үйлдэхгүйгээр оны эцсээр нислэг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Blue Origin энэ жил илүү олон нислэг хийж, илүү олон сансарт хөөргөнө гэж мэдэгдсэн ч хугацаа товлоогүй байгаа. Харин SpaceX-ийн хувьд сансрын аялагчдыг Олон улсын сансрын станц руу хүргэх гэрээ хэлцлүүдээ хийгээд эхэлсэн байна. Тэдний хувьд дараагийн зогсоол нь юу вэ? Сар уу?
ХҮРГЭЛТИЙН ДРОНУУД
Хүргэлтийн дроны үйлчилгээ хүмүүсийн хүлээлтэнд бүрэн хүрч хөгжиж өгөхгүй байгаа ч гэлээ 2021 онд тус үйлчилгээтэй холбоотой дүрэм журмууд өөрчлөгдсөнөөр 2022 онд хүргэлтийн дроны үйлчилгээ илүү өргөжих боломжтой болох нь ээ.
Ирландын гарааны бизнес болох Manna компани одоогоор Голвэй мужид дроноор ном, хоол хүнс, эм тариа хүргэдэг бол энэ жил Ирланд улсын өнцөг булан бүрт хүрээд зогсохгүй, Их Британи руу хүргэлт хийхээр төлөвлөж байна. Мөн Гүүглийн гэр бүлд хамаарах Wing компани АНУ, Австрали, Финляндад туршилтын хүргэлт хийж байгаад 2022 оноос их дэлгүүрээс гэрийн үүд хүртэлх хүргэлтийн үйлчилгээг болж өргөжих нь. 2021 оны сүүлээр байгуулагдсан Болгарын Dronamics компани ч мөн энэ жил далавчит дроноор Европын 39 нисэх буудлын хооронд агаарын ачаа тээвэрлэх гэж байна. Тиймээс энэ салбарын тэлэлт хэр хурдан явагдах вэ гэдгийг ажиглах л үлдлээ.
ДУУ НЬ НАМССАН ДУУНААС ХУРДАН ОНГОЦ
Сүүлийн хагас зууны турш инженерүүд онгоцны хэлбэрийг өөрчлөх нь түүний агаар зүсэлт, дуу чимээний түвшинд нөлөөлөх магадлалтай эсэхийг судалсаар байгаа боловч саяхнаас л энэхүү тооцооллыг хийх боломжтой хүчирхэг компьютерууд тэдний гар дээр очсон билээ.
Тэгвэл 2022 онд АНУ-ын NASA агентлагийн X-59 QueSST (Quiet Supersonic Technology) хөлөг анхны нислэгээ хийх болно. Хамгийн сонирхолтой нь энэ туршилт хуурай газар дээгүүр нисэх үед хийгдэх бөгөөд Калифорни мужийн Эдвардс агаарын хүчний бааз дээр хийгдэх аж. Иргэний агаарын тээвэрт дуунаас хурдан онгоц цорын ганц ашиглагддаг байсан нь Concorde хөлөг бөгөөд түүнийг хуурай газар дээгүүр нисч байх үедээ дуунаас өндөр хурд гаргахыг зөвшөөрдөггүй байжээ.
Тэгвэл X-59 хөлгийн дуу чимээ нь Concorde-оос 8 дахин бага бөгөөд алсад нүргэлэх аянгын дуу чимээ адил бөглүү байх болно гэсэн хүлээлт инженерүүдийн дунд үүсээд байгаа юм. Хэрэв энэ туршилт амжилттай болвол иргэний агаарын тээврийн онгоцуудыг хуурай газар дээгүүр нисэхдээ дууны хурдаас илүү хурдтай нисэхийг зөвшөөрөх магадлал өндөр байгаа бөгөөд ингэж гэмээнэ иргэний агаарын тээврийн салбарт түүхэн шинэ хуудсыг нээх болно.
3 ХЭМЖЭЭСТ ХЭВЛЭГЧЭЭР БҮТЭЭСЭН БАЙШИН
Архитекторууд 3 хэмжээст хэвлэгчийг барилгын жижигсгэсэн загвар бүтээхэд голчлон ашигладаг. Гэхдээ уг технологийг хэмжээний хувьд хэд дахин томсгосноор жинхэнэ барилга барих боломжтой болсон юм. Даралтат хошуугаар барилгын материал нь хөөс хэлбэрээр шахагдан гараад, тодорхой хугацааны дараа хатуурч бэхэждэг. Энэ аргаар барилга барих газар дээрээ барилгын хийцлэлүүдээ үе үеэр нь шууд давхарлан хэвлэх болон хэдэн тусдаа хэсгүүдийг тусад нь хэвлэсний дараа барилгын талбай руу тээвэрлэж угсрах гэсэн хоёр зам бий.
2022 онд АНУ-н Калифорни мужийн Mighty Buildings компани Rancho Mirage дахь байгальд ээлтэй, 3 хэмжээст хэвлэгчээр бүтээж буй барилгын төслөө дуусгах бол Техас мужийн ICON компани нь Остин хотын ойролоо 3 хэмжээст хэвлэгчээр хэвлэсэн 100 гаруй барилга бүхий хороолол барих гэж байгаа ба энэ нь 3 хэмжээст технологи ашигласан хамгийн том хэмжээний төсөл болох юм.
НОЙР БА ТЕХНОЛОГИ
Цахиурын хөндийнхний дунд нойрны асуудлыг технологи ашиглан шийдэх өрсөлдөөн ид ширүүн өрнөж байна. Тэд өдрийн бүтээмж, гүйцэтгэлийг хамгийн өндөр түвшинд хүргэх бүх л боломжийг эрэлхийлж, бас шийдвэрлэж байгаа ч үүндээ сэтгэл ханалгүй, шөнийн нойрыг мөн л технологийн тусламжтайгаар хэрхэн зохистой байлгах асуудлыг судлаад эхэлжээ. Эдгээр технологид унталт хэмжих бөгж, толгойн өмсгөл, тайвшруулах дуу чимээ гаргах төхөөрөмж, гудас халаах болон хөргөх төхөөрөмж, хамгийн тохиромжтой цагт сэрээдэг ухаалаг сэрүүлэгт цаг зэрэг багтаж байна.
Google компани 2021 онд унталт хянадаг шөнийн таблет зах зээлд гаргасан бол Amazon компани ч 2022 онд өөрсдийн ийм төхөөрөмжийг гаргах гэж байгаа юм. Хэдийгээр “нойр судлалд” ийм их хүч, хөрөнгө зарцуулж байгаа нь бага зэрэг хачирхалтай ч нойр дутуу явах нь зүрх судасны өвчнөөс өгсүүлээд хэт таргалалтад ч хүргэдэг ч муу үр дагавартайг мартаж болохгүй билээ. Тэгээд ч Цахиурын Хөндийнхний өнөөдөр хийгээд эхэлсэн зүйлийг маргааш гэхэд бүгд л дуурайгаад хийгээд эхэлдэг учир нойр зохицуулах технологид нилээн хөгжил дэвшил авчирсан жил байх нь дамжиггүй юм.
ХҮН БҮРИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Хоолны дэглэм барих нь хүн бүрт ижил үр дүнгээ өгөхгүй байх нь бий. Учир нь хүн бүрийн бодисын солилцоо нь давтагдашгүй өөр учраас хоолны сонголт ч мөн ялгамжтай байх ёстойг нотолсон судалгаанууд хийгдсээр байна. Тиймээс таны цус болон ходоод гэдэсний бичил орчинг шинжилж, дасгал хөдөлгөөн гэх мэт амьдралын хэв маягтай холбоотой өгөгдлүүдийг цуглуулж, арьсанд наалддаг зоос шиг жижиг төхөөрөмжөөр таны цусан дахь сахарын хэмжээг хянах зэргээр цуглуулсан өгөгдөл дээрээ үндэслэн, машин сургалтын алгоритм ажиллуулж, шийдвэр гаргадаг аппликэйшнүүд танд хэзээ, юу идэхийг тань зааж зааварладаг цаг үе иржээ.
Америкийн зах зээлд амжилттай нэвтэрсэн дээрх төрлийн үйлчилгээ үзүүлэгч нар 2022 онд бусад улс орнуудын зах зээлийг овоо хараандаа оруулаад байна. Хоол тэжээлийн зохицуулалт хийх зарим үйлчилгээ нь чихрийн шижин, мигрень зэрэг өвчний эсрэг эмчилгээний үйлдлүүд агуулдаг тул хуулиар зөвшөөрсөн зохицуулалт батлагдахыг хүлээж байгаа ч тохиолдлууд байгаа ажээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ХЯНАДАГ ЗӨӨВРИЙН ТӨХӨӨРӨМЖҮҮД
Зайнаас эрүүл мэндийн зөвөлгөө өгдөг үйлчилгээнүүд нилээн элбэгшсэнийг та бүхэн анзаарсан байх. Ингэснээр Fitbit, Apple Watch зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийн үйл ажиллагаа, зориулалтад багагүй нөлөө үзүүлж байна. Одоогийн байдлаар дээрх төхөөрөмжүүдийг алхаа хэмжих, гүйлт, сэлэлтийн хурд хэмжиж тэмдэглэх, дасгал сургуулилтын үеийн зүрхний цохилт хянах зэрэг зориулалтаар ихэнх хүмүүс ашигладаг боловч жил ирэх тусам эдгээр ухаалаг төхөөрөмжүүдийн цуглуулсан өгөгдлийг эрүүл мэндийн зориулалтаар ашиглах нь хэвийн үзэгдэл болоод байгаа талаар зөвлөх үйлчилгээний Gartner компаний шинжээч ярьсан юм.
Ухаалаг цагнууд нь цусан дахь хүчилтөрөгч хэмжих, зүрхний хэм алдалтыг хянах зэрэг боломжуудыг одоогоор агуулсан байдаг. Тэгвэл 2022 онд танилцуулагдах Apple Watch-ийн шинэ хувилбарт дээрх боломжуудаас гадна цусан дахь спирт болон сахарын хэмжээг хянах, биеийн хэм болон артерийн даралт хэмждэг мэдрэгчүүд нэмж суурилуулж магадгүй хэмээн яригдаж байна. Ухаалаг цагны мэдрэгч технологи нийлүүлдэг Rockley Photonics компани өөрийн мэдрэгчүүдийг “бугуйн дахь клиник” гэж нэрлээд байгаа нь оргүй зүйл биш юм. Хэрэвзээ хувь хүний нууцлалтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтууд нэг талдаа шийдвэрлэгдэж чадвал ухаалаг төхөөрөмжийн цуглуулсан өгөгдлүүдийг хэрэглэгчээс илүүтэйгээр эмч нар ашигладаг цаг тун удахгүй ирэх нь ээ.
МЕТАВЕРС
Neal Stephenson зохиолчийн 1992 он хэвлүүлсэн “Snow Crash” зохиолд хамгийн анх метаверс хэмээх ойлголт дурдагдсан бөгөөд тусгай нүдний шил ашиглан нэвтэрсэн хүмүүс өөр хоорондоо уулзаж, танилцаж, сээтэгнэж, тоглоом тоглож, арилжаа наймаа болон өөр бусад олон үйлдлүүдийг хийх боломжтой хийсвэр ертөнцийг энэ үгээр илэрхийлсэн байдаг. 2022 онд харин метаверс гэдэг нь видео тоглоом, олон нийтийн сүлжээ, энтертайнмент орчныг илүү бодитоор мэдрэх технологийн шинэ тэсрэлтийг илэрхийлж, танд дуртай дуучныхаа онлайн тоглолт дундуур агаарт дүүлэн шумбах боломж олгохоор зэхэж байна. Minecraft, Roblox болон Fortnite зэрэг тоглоомууд аль хэдийнэ энэ шинэ ертөнцөд өөрсдийн орон зайгаар үүсгээд эхэлсэн бол Фэйсбүүк компани ч мөн боломжийг алдахгүйн тулд нэрээ Мета болгон өөрчилж, энэ шинэ технологийг өөрсөддөө хамаатуулах алхам хийгээд эхэлсэн билээ.
КВАНТЫН КОМПЬЮТЕРҮҮД
1990-ээд онд их сургуулиудын самбар дээр л эргэлдэж байсан нэгэн санаа өдгөө засгийн газрууд, технологийн аваргууд, гарааны бизнесүүдийн хоорондох олон тэрбум долларын өртөгтэй өрсөлдөөний талбар болон хувирч, квантын физикийн хийсвэр чанарыг ашиглан, хамгийн хүчирхэг компьютер бүтээх уралдаан ид өрнөж байна.
Зарим төрлийн, тухайлбал, криптограф, химийн урвал, санхүүгийн төрлийн математик тооцооллуудыг хийхэд квантын компьютерууд нь энгийн компьютэрээс хавьгүй илүү хурдтай байх боломж байгаа ажээ.
Гэхдээ яг хэзээ квантын компьютерууд хэрэглээнд нэвтрэх вэ? Квантын компьютерийн хүчин чадлыг хэмжих нэгж нь кюбитийн тоо бөгөөд Хятадын эрдэмтдийн баг 66 кюбит багтаамжтай компьютер бүтээгээд байгаа бол IBM компани 2022 онд 433 кюбит, 2023 онд 1000 кюбит багтаамжтай компьютер бүтээх зорилго тавин ажиллаж байна.
Гэвч одоогийн бүтээгдээд байгаа квантын компьютеруудад нэг том асуудал байгаа нь тооцооллын хариуг гаргах хамгийн боломжит квант төлөв нь ердөө секундыг хэд хуваасантай тэнцэх богинохон хугацаанд үргэлжилдэг явдал юм. Энэ асуудлыг шийдэхэд ахиад олон жил зарцуулах магадлалтай хэдий ч одоогийн бүтээгдээд байгаа квантын компьютеруудаа оновчтой ашиглах аргаа нэгэнт олчих юм бол квантын компьютерийн хэрэглээ төсөөлснөөс ч илүү бидэнд ойр харагдаж байна.
ВИРТУАЛ ИНФЛЮНСЕРҮҮД
Инфлюнсэр хүмүүсээс ялгаатай нь виртуал инфлюсэр нь хэзээ ч зураг авалтаасаа хоцорч, үдэшлэг дээр тасартлаа уухгүйгээс гадна хөгшрөхгүй давуу талтай билээ. Учир нь тэд бол Фэйсбүүк, Инстаграм, Тикток орчинд бараа үйлчилгээ сурталчлахаар компьютер ашиглан бүтээсэн дүрүүд юм.
Одоогоор хамгийн алдартай виртуал инфлюнсер бол 19 настай, Бразиль-Америк гаралтай, Lil Miquela нэрээрээ олонд танигдсан Miquela Sousa юм. Тэрээр Инстаграм сүлжээнд 3 сая дагагчтай. Инфлюнсэр маркетингийн зах зээл дээр 2022 онд 15 тэрбум ам доллар зарцуулагдах төлөвтэй байгаа энэ цаг үед тэдний хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр байна. Cosmiq Universe маркетингийн агентлагийн бүтээл болох Aya Stellar нэртэй гариг хоорондын виртуал аялагч 2022 оны 2-р сард дэлхий дээр газардах “хуваарьтай” байгааг мөн энд дурдмаар байна. Түүний гаргасан дуунуудыг та YouTube дээрээс олж сонсох боломжтой гэнэ шүү.
ТАРХИ БА КОМПЬЮТЕРИЙН ХОСЛОЛ
2021 оны дөрөвдүгээр сард гандан бууршгүй бизнесмэн Элон Маск “толгойдоо чип суулгуулсан макак сармагчин бодлоороо удирдан видео тоглоом тоглож байгаа” тухай бахархалтайгаар жиргэв. Элон Маскийн Neuralink компани уг сармагчингийн тархинд хоёр ширхэг бичил электрод суулгасан бөгөөд электродоос ирсэн дохиог утасгүй сүлжээгээр дамжуулан, компьютерээр дохиог хөрвүүлснээр компьютерийн гар ашиглан тоглодог Pong тоглоомыг сармагчин зөвхөн бодлоороо удирдан тоглосон ажээ.
2022 онд тус компани энэ туршилтаа хүн дээр хийж, бие нь саажиж хөдөлгөөнгүй болсон хүмүүсээр компьютер удирдуулах төлөвлөгөөтэй байна. Мөн үүнтэй зэрэгцэн, Америкийн Synchron компани ижил төрлийн төхөөрөмжөө хүн дээр турших зөвшөөрлөө холбогдох байгууллагуудаас аваад байгаа юм. Тэд хүзүүний арын судсаар дамжуулан тархи руу мэдрэлийн простет төхөөрөмж шургуулж турших ба булчингаа удирдах боломжгүй хүмүүст туслахын зэрэгцээ татаж унах өвчин, сэтгэл гутрал, даралт ихсэх өвчнүүдийг оношлох, эмчлэх аргыг давхар эрэлхийлэх ажээ.
ХИЙМЭЛ МАХ БОЛОН ЗАГАС
Уинстон Чөрчилль нэгэнтээ “Зөвхөн далавч эсвэл цээжийг нь идэхийн тулд бүтэн тахиа өсгөх ч одоо бас л..” хэмээн бодлогоширч байсан гэдэг. Харин тэр явдлаас хойш бараг 100 жилийн дараа энэ байдал өөрчлөгдөж, өдгөө 70 гаруй компани биореакторт мах “ургуулж” байна. Эдгээр компаниуд амьтдад ямар нэгэн гэмтэл учруулалгүйгээр эсийг нь авч, уураг, чихэр, өөх тос, витамин, эрдсээс баялаг шөлөнд уусгах байдлаар хиймэл мах үйлдвэрлэдэг. 2020 онд Сан Франциско хотод төвтэй хиймэл мах үйлдвэрлэгч Eat Just компани энэ төрлийн бүтээгдэхүүн борлуулах анхны зөвшөөрлөө авч, Сингапур улсад бүтээгдэхүүнээ борлуулж эхэлж байв.
Энэ салбарт 2022 онд олон компаниуд нэмэгдэх төлөвтэй байгаа ба Израйлийн SuperMeat компани гэхэд 2018 онд нэг бургерт орох тахианы махыг 2500 ам.доллараар ургуулж байсан бол одоо ердөө 10 ам.долларын өртөгтэйгээр гарган авч байгаагаа мэдэгдсэн. Харин Калифорни мужийн Finless Foods компани 2017 онд нэг килограмм туна загасны махыг 660 000 ам.долларын өртгөөр ургуулж байсан бол одоо энэ өртөг нь 440 ам.доллар болгон бууруулж, бүтээгдэхүүн борлуулах зөвшөөрлөө хүлээж байгаа аж. Мөн үүн дээр нэмээд гахай, цацагт хяруул болон бусад төрлийн махнууд үйлдвэрийн аргаар хийгдэх туршилтанд орсоор байна. Эко амьдралыг эрхэмлэгч маханд дурлагсад маань удахгүй санаа зовох зүйлгүйгээр стейкээ хүссэн хэмжээгээрээ зооглох нөхцөл бүрдэх нь ээ.
Эх сурвалж: economist