/2022.01.07/: Үндэстний цөөнх гэдэг нь тухайн улсын хүн амын дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөнх болох хэл, арьсны өнгө, соёл иргэншлийнхээ хувьд ялгарах, өөрсдийн өвөрмөц байдлыг хадгалах хүсэл эрмэлзлэл бүхий тодорхой бүлэг хүмүүсийг хэлнэ.
Ихэнх улс оронд угсаатны болон хэлний цөөнх бий. Тэдний амьдралын хэв маяг, хэл, соёл болон үндэс угсаа нь олонхоос ялгаатай.
Цөөнхийн нийгэмд эзлэх байр суурийг дан ганц тооны харьцаагаар тооцохгүй, мөн тэдний улс төрд эзлэх эрх мэдлээр тодорхойлно. Зарим газруудад, тухайлбал арьс өнгөөр ялгаварлан гадуурхагддаг Өмнөд Африк дахь үндэсний хараат цөөнх нь өөрөө тооны хувьд олонх цөөнхийн бүлгийг бүрдүүлдэг. Түүнчлэн, "уламжпалт" (удаан хугацааны оршин суугч) цөөнхөд цагаачид, уугуул иргэд болон өөрсдийн газар нутаггүй нүүдэлчид орно.
Олон улсын эрх зүйд үндэстний (угсаатны) цөөнх гэх тодорхойлолт байдаггүй. Гагцхүү Европын Бүсийн болон Цөөнхийн хэлний тухай Европын Тунхаг болон Европын Зөвлөлийн Парламентийн Ассамблейн Тогтоол 1201 (1993 оны)-д тодорхойлсон байна. Гэсэн ч онолын хувьд үндэстний цөөнх гэж дараах бүлэг хүмүүсийг хэлнэ.
Үүнд:
- Тухайн улсын бусад хүн амаас тооны хувьд бага
- Дийлэнх байр суурийг эзлээгүй
- Тухайн улсын хүн амын олонхоос соёл, хэл, шашин шүтлэг, арьс өнгө зэргээр ялгаатай
- Цөөнхийн бүлгийн гишүүд нь өөрсдийн онцлог байдлыг хадгалах хүсэл эрмэлзэлтэй
- Цөөнхийн бүлгийн гишүүд нь тухайн амьдарч буй орондоо цөөнх гэсэн нийгмийн байр суурьтай бөгөөд тухайн улсынхаа иргэншилтэй
- Удаан хугацааны туршид тухайн газар нутагт амьдарч ирсэн хүмүүсийг хэлнэ.
Олон улсын хүний эрхийн эрх зүйд үндэстний болон угсаатны цөөнхийн эрхийг хэд хэдэн аргаар хамгаалдаг ба үүний нэг өөрийгөө тодорхойлох эрх юм. Үндэстний (угсаатны) цөөнхийн эрхийг хамгаалдаг байдлаараа Европын орнууд дээгүүр ордог. Монгол Улсад үндэстний цөөнхийн 2 том төлөөлөл оршин амьдардаг ба казах, тува (цаатан) үндэстнүүд өөрийн хэл, соёл, зан заншил, шашин шүтлэг, угсаатны цөөнхөө өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн байна.
Эх сурвалж: ХЭҮК