/2021.12.23/ Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хүн бүр улс төрийн өнгө аястайгаар тодорхойгүй мэдээлэл түгээж байна. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны ажилтан О.Тамир:
Шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж үнийн чөлөөлөлт нэрийн дор импортлогчид үнээ нэмж байна. Шатахуун нь суурь үнэд нөлөөлдөг стратегийн чухал бүтээгдэхүүн юм. Засгийн газрын тогтоолоор 2015 оноос эхлэн хилийн аль ч боомтоор оруулсан нь хамаарахгүй нефть бүтээгдэхүүн шатахууны ОАТ-ыг тэглэсэн ба, 2018 оноос татваргүй оруулах боомтын тоог нэмэгдүүлсэн. Энэ нь алслагдсан аймгийг хямд үнэтэй шатахуунаар хангах нөхцөл боловч орон нутгийнханд хотынхноос өндөр үнээр шатахуун борлуулж байна.
НӨАТ-ын хуулиар 2015 оноос хойш шатахуун импортлогчдод хилээр шатахуун оруулснаас хойш 30 хоногийн дараа хөнгөлөлт эдэлж байна. Бусад импортлогчид хилээр оруулж ирсэн бараандаа тэр дор нь татвараа төлдөг.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газар, Монголбанк хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2012-2016 онд 167 тэрбум төгрөгийг үнийн алдагдлын зөрүүнд авсан байдаг. 2019 онд уул уурхай, хүнд үйлдвэрийн тухайн үеийн сайд Д.Сумъяабазар тогтоол гаргаж, АЙ-92 шатахууны үнийг 1400 төгрөгөөр тогтворжуулан хамгаалалт хийсэн ба алдагдлын зөрүү болох 50 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс гаргалгүй ОУ-ын худалдааны зарчмаар монгол дахь гадаадын төлөөлөгч компанийн тусламжтайгаар шийдвэрлэж импортлогчдод буцаан олгосон.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр:
Бид 2019 оны дөрөвдүгээр сард ажлын хэсэг байгуулж, зөрчил илрүүлсэн. Гэтэл импортлогч компаниуд "Бид үүнийг зөвшөөрөхгүй. Вагоноос дээж авна" гэсэн. 2019 оны ажлын хэсгийн дүгнэлтийг одоо хүртэл олон нийтэд мэдээлээгүй байна.Зөрчил гаргасан байгууллагын үйл ажиллагааг зогсоох, торгох дорвитой арга хэмжээ авмаар байна. Чанарын шаардлагагүй шатахуун орж ирээд байгаа шалтгааныг судалсан. 2021 оны гаалийн мэдээллээр нефтийн нэмэлт бүтээгдэхүүн манай улсын хилээр орж ирэх нь эрс багассан. Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун орж ирж, үүнийг хот руу зөөж байна. Тиймээс манай холбоо чанаргүй шатахууны эх уурхай байна гэж үзэж байна. Баян-Өлгий аймагт 1л шатахуун 2580₮, Ховдод 2600₮-өөр зарж байна.
Иймээс шатахуун импортлогчид цаанаас оруулж ирсэн шатахуунаа хотоос зөөж байгаа маягаар тээврийн хөлс нэмж худалдаалж байна.
Шатахуунд ямар нэг зүйл хольж, нэрээд байсан үе бий. Сүүлийн үед харин гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун нийлүүлж байна. Үүнд төр хяналт тавих хэрэгтэй. Роснефть-ийн биш жижиг үйлдвэрийн бензин болон дизель түлшийг манай улсын хилээр авто замаар оруулж байна.
Гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун алслагдсан сумдын хяналт багатай боомтоор орж ирээд Улаанбаатар хот руу тээвэрлэж байгааг "аюулын харанга" гэж үзэж байна.
Бид ОХУ, Солонгосын төрийн бус байгууллагад лабораторийн судалгаа хийж өгөхийг хүссэн санал тавьсан. Тэд ч татгалзах зүйлгүй талаараа хэлсэн. Хэрвээ төр шийдвэрээ гаргаад судлах эрхийг өгвөл стандартын шаардлага хангасан шатахуун мөн эсэх мэдээлнэ. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байгаатай холбогдуулан, импортлогч компаниудаас шатахууны үнээ буулгахыг уриалж байна.