/2021.12.10/ Жендэрийн үндэсний хорооноос эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ хийжээ. Судалгааны зарим үр дүнг танилцуулъя. Малчид боловсрол, нийгэм-соёлын үйлчилгээнд хэрхэн хамрагддаг вэ?
"Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого"-д уламжлалт зан заншил, түүх, соёлын онцлогийг шингээсэн ерөнхий боловсролыг иргэн бүр заавал эзэмших, малчин өрхийн хүүхдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзсан бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Үндэсний хэмжээнд 15-34 насны малчин залуучуудын
- 4.5% нь боловсролгүй
- 21.5% нь бага
- 32.9% нь суурь
- 27.6% хувь нь бүрэн дунд
- 6.3% нь тусгай дунд
- 7.2% нь дээд боловсролтой байна.
Малчид охидынхоо боловсролыг дэмжиж, сургуульд бүрэн сургах, улмаар ахисан түвшний боловсрол эзэмшүүлэх нийтлэг хандлагатай болсон байна. Харин хөвгүүд сургуульд суухгүй ч амьдралаа зохицуулаад явчихна, охиноо боловсролтой болговол гэсэн эцэг эхчүүдийн жендэрийн хэвшмэл ойлголт 1990 оноос хойш байсаар ирсэн.
Энэхүү ойлголтын үр нөлөө: Залуу малчин эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшил, ялангуяа охидын боловсролын түвшин дээшилж, хөвгүүдийн боловсролын түвшин буурах хандлагаас харж болох юм. Мөн 32-34 насны боловсролгүй эсвэл бага боловсролтой эрчүүдийн дунд гэрлээгүй байдал өндөр байна.
Судалгаанд оролцсон залуу малчдын 54.2% нь сургуулийн насны хүүхэдтэй бөгөөд хаанаас сургуульдаа явж байгааг тодруулахад:
- 50 орчим хувь нь гэрээсээ,
- 30.2% нь байдаг айлаасаа,
- 19.5% нь дотуур байрнаасаа явж байна.
Боловсролын үйлчилгээ авахад тулгарч байгаа бэрхшээлийг тодруулахад: Ковидын үед цахим, теле хичээлд хамруулахад хүндрэлтэй, хоёр тусдаа амьдрахаас өөр аргагүй байна, байн байн хүүхдээ эргэж анхаарал халамж тавьж чаддаггүй, цэцэрлэгт хамруулж чаддаггүй, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж байхгүй , тухайн орон нутгийн харьяат биш учраас сургууль, цэцэрлэгт хамруулж чаддаггүй гэх хариултыг өгчээ.
- "Ковидын үед сургуулийн хүүхдийн хичээл хүндрэлтэй байна . Хөдөө орон нутагт сүлжээ муу байдаг учраас хичээлээ үзэж чадахгүй, их хоцрогдолд орж байгаа байх. Мөн утасны датагаар орохоор хурдан дуусчихдаг, тэгээд ч үнэтэй юм. "
/Ховд аймаг. Гэрлэсэн залуу малчин, эмэгтэй 33 настай/
- "Сургууль, цэцэрлэгийн хүүхэдтэй гэр бүл хоёр тусдаа амьдардаг. Ээж нь сум, аймгийн төвд, аав нь хөдөө малаа маллаад амьдардаг айлууд ихэссэн. Аав ээж нь малчин хүмүүсийн дийлэнх нь хүүгээ малчин болгодог. "
/Сэлэнгэ аймаг, ХХААГ-ын мэргэжилтэн, эмэгтэй/
Мөн ерөнхий боловсролын сургуульд зургаан настай хүүхдийг элсүүлэн сургаж байгаатай холбоотой залуу малчин гэр бүл хоёр тусдаа амьдарч, хичээлийн жил есөн сар үргэлжлэх хугацаанд хүүхдийг зөвхөн эх нь халамжлан хүмүүжүүлж, эцэг нь ЗӨВХӨН ТЭЖЭЭГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА өрөөсгөл үзэгдэл бий болсноор хүүхдийн сурлага, хүмүүжилд болон гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгааг ганцаарчилсан ярилцлагад орсон малчид, орон нутгийн мэргэжилтнүүд илэрхийлж байлаа.
- "Аав ээж нар эмэгтэй хүүхдийг сургуульд, эрэгтэй хүүхдийг малчин болгодог. Боловсролтой эмэгтэй малчин эрэгтэйгээ тоодоггүй, гэрлэдэггүй. "
/Увс аймаг, сумын МАА-н тасгийн мэргэжилтэн/
- Ер нь эмэгтэй хүүхэд хөдөө гарна гэдэг ойлголт байхаа больсон гэж харж байна. Айл бүр л эмэгтэй хүүхдээ сургууль соёлд явуулаад, харин хөвгүүдээ цөөн тохиолдолд л явуулдаг шиг ажиглагдсан. Хөвгүүдээ бол яахав дээ л гэсэн байр суурьтай байна. Охидыг хөдөө гаргах тал дээр ямар нэгэн үйл ажиллагаа, сургалт судалгаа хийвэл зүгээр юм. Манай нутагт гэрлээгүй залуус их байна.
/Өмнөговь аймаг, сумын МАА-н тасгийн мэргэжилтэн /
Улсын хэмжээнд дотуур байранд амьдарч байгаа малчин өрхийн хүүхдүүдийн тоо 2010 онд 35 мянга байсан бол, 2019 онд 27 мянга болж болсон нь ерөнхийдөө буурах хандлагатай байгааг харуулж байна. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүд хангалттай, эрүүл аюулгүй хоол хүнс авч чадахгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй хэвээр байгаа юм. Мөн хүүхдүүд нэгнээ дээрэлхэх, дарамтлах, багш хүүхдийг дарамтлах явдал гарч байгаагийн улмаас хүүхдүүд дотуур байранд бус айлд амьдрах нь түгээмэл байна.
- "Хүүхдүүдээ дотуур байранд суулгах нь багассан. Нэгдүгээрт, эцэг эхчүүдийн амьдралын боломж бололцоо сайжирсны шинж, хоёрдугаарт тэдгээр эцэг эхчүүд маань өөрсдөө дотуур байранд өссөн, таатай тухтай байгаагүй учраас ялангуяа эмэгтэй хүүхдүүд хүчирхийлэлд өртөх, хөвгүүд дарамтад өртөх гээд асуудал байсан учраас хүүхдээ тийм байдалд оруулахгүйг л бодно шүү дээ."
/Өмнөговь аймаг, ХХААГ-ын мэргэжилтэн, эмэгтэй/
Ингээд, дээрх судалгааг дүгнэвэл:
- Охидын боловсролын түвшин дээшилж, хөвгүүдийн боловсролын түвшин буурах хандлагатай байгаа нь хөвгүүд сураагүй байсан ч ажил амьдралаа зохицуулаад явчихна, охиноо заавал боловсролтой болгоно гэсэн жендэрийн хэвшмэл ойлголттой шууд холбоотой байна.
- Аймаг суманд айлд сууж байгаа хүүхдүүдийн хичээл сурлага, хүмүүжил муудах, хичээлээс хоцрох, таслахаас гадна эцэг эхийн хайр халамжаар дутагдаж, хүүхэд хамгаалал, аюулгүй байдал хөндөгдсөөр байна гэж үзэх юм.