/2021.11.25/: “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЬЕ” 16 ХОНОГИЙН АЯНЫГ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ УРИАТАЙГААР ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЖ БАЙГААГ ЗАРЛАЛАА
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” аяныг үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлж байгааг зарлалаа.
Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.
Өнөөдрийн аяны нээлтийн үйл ажиллагаанд НХХЯ-ны Сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, ДЭМБ-ын Суурин Төлөөлөгч Др. Сергей Диордитса, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Баярсайхан, Швецарын Хөгжлийн Агентлагын Захирал Др.Степани Бурри, НҮБ-ын Хүн Амын Сангийн Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Лорна Роллз, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Захирал Н.Арвинтариа нар оролцон үг хэлж, аянд нэгдэн уриалга гаргалаа.
Эх сурвалж: ЖҮХ