СУРВАЛЖИЛГА: Түр хамгаалах байранд тогтвортой ажиллах сэтгэл зүйч дутагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Түр хамгаалах байранд тогтвортой ажиллах сэтгэл зүйч дутагдаж байна

/2021.11.23/ Хүний эрхийн үндэсний комиссоос томилогдсон баг Улаанбаатар хотын Багахангай дүүрэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түр хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцлаа. Ажлын хэсгийг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан ахалсан юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Мөн 2014 оноос Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд 30 ор бүхий түр хамгаалах байрыг ажиллуулж эхэлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчдод цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлэх, мэдээлэл өгөх зорилго бүхий “107” тусгай дугаарын 24 цагийн утсыг ажиллуулж байна.

Тодорхойлолт: Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хохирогчийг гэр бүлийн бусад гишүүдийн хамт байрлуулан амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хамгаалах зориулалт бүхий стандарт хангасан газрыг ТҮР ХАМГААЛАХ БАЙР гэнэ.

Түр хамгаалах байранд ихэвчлэн 108, 107 тусгай дугаарт холбогдож тусламж хүссэн иргэд, харьяа газрын цагдаагийн хэлтэст хандсан иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд хохирогчдыг түр байрлуулдаг. Тухайн байранд ирсэн иргэдэд шаардлагатай хоол хүнсээр хангах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Хохирогчдод хүчирхийлэгч ахин ямар нэг халдлага хийхийг үгүйсгэхгүй тул түр хамгаалах байрны байршил нууцлалтай.

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
Хотоос 84 км алслагдсан тус дүүрэг нь нийт 4465 хүн амтай. Цөөн хүнтэй байх нь нэг талаараа айл өрхийн аж байдлыг танин мэдэхэд дэмтэй байдаг. Түр хамгаалах хоёр өрөөтэй. Энэ хоёр өрөөг бий болгоод гурван жил болжээ. Байгуулагдсан цагаас хойш:
  • 2019 онд 24 хохирогч
  • 2020 онд 28 хохирогч
  • 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт 15 хохирогчийг байрлуулжээ.

Хохирогчид хамгийн багадаа 2 цаг болж аяга цай уух, сэтгэл зүйн зөвлөгөө авах зэргээр өөрийгөө тайвшруулаад гардаг бол хамгийн удаандаа 30 хоног байршсан тохиолдол гарчээ. /Хүний хувийн нууцлалтай холбоотой мэдээлэл тул дэлгэрэнгүй дурдахгүй өнгөрөв./

Эхний өрөө: Зургаан ортой хүүхэд багачууд хичээлээ давтах боломжтой ширээг байршуулсан. Эмэгтэйчүүдэд шаардлагатай эм, ариун цэврийн хэрэгсэл зэргийг нөөцөлсөн. Нярай хүүхдийг хуурайлах хэсэгтэй.

Сэтгэл зүйчтэй уулзах өрөө
Хичээл номоо давтах ширээ
Ковид-19 тусгаарлах өрөө. Одоогоор энэхүү шалтгаанаар ямар нэг халдвартай иргэн хүлээн аваагүй байгаа

Хоёр дох өрөө: Цонхгүй, паар байхгүй, ороход хүйтэн. Нэг л ор байгаа шалтгаан нь хохирогч ганцаараа ирэх бол нөгөө өрөөнд байгаа хүмүүстэй хамт байлгахгүй тайвшруулах үүднээс энэхүү өрөөг гаргаж өгчээ.

Тус дүүрэгт өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс ихэссэн нь хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой гэж үзэж байгаа юм. Түр хамгаалах өрөөнд ирсэн иргэдийг хооллох, шаардлагатай эд зүйлсээр хангах төсвийг хүүхэд хамгааллын төсвөөс гаргадаг байна.

Багахангай дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунгэрэл:

  • Манай хэлтэст нийт 16 хүн ажилладаг. Сэтгэл зүйчийн орон тоо дутагдалтай байна. Гэрээт сэтгэл зүйчтэй, долоо хоног бүрийн баасан, бямба гарагт ирж ажилладаг бусад өдөрт нь онлайнаар зөвлөгөө өгдөг. Хотын төвөөс алслагдсагмал газар байршдаг тул тогтвор суурьшилтай ажиллах хүн цөөн байдаг.
  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайн байдаг тул тавиул хүүхэд ойролцоогоор зуу гаруй байдаг.
  • Дүүргийн давуу тал: Хотын төвөөс алслагдмал байх нь цэвэр агаарт байх давуу талыг бий болгодог. Мөн эндхийн байрны түрээс харьцангуй бага байдаг гэв.

ЗАМЫН-ҮҮД СУМ

Хохирогчдыг байршуулах дөрвөн ортой нэг өрөөтэй. Өрөөнд хүүхэд хичээл номоо давтах боломжтой ширээ сандал, зурагттай. Дулаан тухтай өрөө бөгөөд гал тогоонд шаардлагатай хүнс ногоог нөөцөлдөг ажээ. Байршсан иргэдэд нийгмийн ажилтан хоол хийж өгдөг.

Түр хамгаалах өрөө нь 2018 онд байгуулагдсан бөгөөд 2019, 2020, 2021 онд тус бүр 34 сая 300 мянган төгрөг төсөвлөжээ. Байгуулагдсан цагаас хойш:

  • 2018 онд 17
  • 2019 онд 15
  • 2020 онд 19
  • 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 22 хохирогч байрлажээ.

Нийгмийн ажилтан Б.Эрдэнэтуяа: Хохирогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэрээт сэтгэл зүйч мөн ажилладаг. Энэ сард хоёрдугаар сургуульд сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн тул хохирогчдыг тухайн мэргэжилтэнтэй холбон зуучилж сэтгэл зүйн үйлчилгээ олгодог. Мөн шаардлагатай тохиолдолд Дорноговь аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн гэрээт сэтгэл зүйчтэй холбож өгдөг.

Ариун цэврийн өрөөнд стандартын суултуур, шүршүүр байх бөгөөд ил задгай тавьсан угаалгын нунтаг, шингэнийг далд байлгах шаардлагатай талаар ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан онцоллоо. Учир нь хохирогчид эдгээрийг өөр зорилгоор ашиглах магадлал байдаг ажээ.

Биднийг түр хамгаалах байранд очиход хохирогч байхгүй байсан бөгөөд хэн нэгэн хохирогч ирсэн тохиолдолд бэлэн байдалд ажиллаж байв. Томилолтын явцад хүний эрхэд зохих стандарт шаардлагыг хангасан байгаа эсэхийг шалгасан. Үнэлгээ хийсэн хоёр газрын нийгмийн ажилчид хоёул хүний нөөцийн хувьд тогтвортой байх, бүтэн цагаар тогтвортой ажиллах сэтгэл зүйч хэрэгтэй талаар дурдсан юм.

Түр хамгаалах байр байхгүйгээс болж иргэн хохирсон КЭЙС 1:
Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв БАЙХГҮЙ учраас ДАХИН хүчирхийлэлд өртөх шалтгаан болжээ...
Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйд хамтарсан баг эрсдэлийн зэргийн үнэлгээ хийх явцад эмэгтэй ахин зодуулсан байна.
- 2020 он -

Нөхөртэйгөө амьдраад 27 жил болсон, хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй болохоор гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Нөхөртөө олон удаа зодуулж, ах дүү нарт нь хэлэх хэлэхгүйгээр доромжлуулж, зодуулж, дарамтлуулж байна. Нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон. Хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон.

Тухайн үед айсандаа мориноос унаад нүдээ гэмтээчихлээ гэж эмчид худлаа хэлсэн. Энэ хүнийг хэрэг төвөгт оруулаад яахав гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Нөхөр бид хоёр хамт амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлсгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зодож, үг хэлээр доромжилдог. Хадам ах нь бидний талаар ярих юм бол гишгэх газаргүй болгоно, чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй гэж дарамталж гэрээс минь

хөөсөн. Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм л нөхцөл байдалтай байна. Группын мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах, дүү хамаатан садан гэж байхгүй.

Би аргаа бараад танай байгууллагад эрхээ хамгаалуулахаар хандаж байна...

ШУТИС, ХААИС, АШУҮИС-д вакцинжуулалтын цэг нээлээ
ШУТИС, ХААИС, АШУҮИС-д вакцинжуулалтын цэг нээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.