/2021.11.11/: ИНҮТ: “БАЙКАЛ” БОЛОН “ЧОЙБАЛСАН” НИСЭХ БУУДЛЫН УДИРДЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ОХУ-ын Улаан-Үд хотын “Байкал” Олон улсын нисэх буудлын ерөнхий захирал Дмитрий Вениаминович Гармаев, Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлын дарга Ц.Юрабаатар нар нисэх буудал хооронд хамтын ажиллагаа үүсгэх, хамтарсан үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх, урт хугацаанд харилцан ашигтай хамтарч ажиллах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд “Байкал” Олон улсын нисэх буудал, Чойбалсан нисэх буудлууд хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Үүнд:
- Нисэхийн чиглэлээр түүний дотор нисэх буудлуудын үйл ажиллагааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Зорчигч үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр туршлага солилцох;
- Нисэх буудлуудын үйл ажиллагааны чиглэлээр бага хурал, хэлэлцүүлэг, сургалт, семинарыг хамтран зохион байгуулах;
- Спортын нөхөрсөг арга хэмжээг хамтран зохион байгуулах;
- Туршлага солилцох зорилгоор ажилтнуудаа харилцан солилцох, богино хугацааны айлчлал зохион байгуулах зэрэгт хамтран ажиллахаар боллоо.
Мөн нисэхийн салбарын шинэ технологи, үйлчилгээний шинэ бүтээгдэхүүнийг хэрэгжүүлэх хүрээнд нисэх буудлуудад төсөл боловсруулж, хэрэгжүүлэхээр тохиролцов.
Ковид 19 цар тахлаас шалтгаалан энэхүү Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг цахимаар зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал оролцон тус хоёр нисэх буудлуудын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
Эх сурвалж: ЗТХЯ