Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нийгэмд тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хийдэг. Эдгээр судалгааны нэг болох малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар ХЭҮК-ын хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргалтай ярилцлаа.
-Сайн байна уу та. Нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эрхийн асуудал гэсэн сэдвээр яриагаа эхэлье. Ер нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд гэж юу вэ? Энэ яаж хүний эрхтэй холбогдож байна вэ?
-Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг бол хүнд бүрт хамаатай асуудал. Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэгт нөхөн үржихүйн тогтолцоо болон нөхөн үржихүйн чадавх, үйл явцтай холбоотой бүх асуудлыг авч үзнэ. Тухайлбал, аливаа өвчин, эрүүл мэндийн доройтлоос боломжит хамгийн өндөр хэмжээнд сэргийлсэн, хувь хүний бие физиологи, сэтгэл санаа болон нийгмийн амьдрал сайн байх нөхцөл юм. Харин нөхөн үржихүйн эрх гэдэгт хувь хүн болон хосууд хүүхэдтэй болох, дахин хүүхэд төрүүлэх хугацаа, түүнчлэн хэдэн хүүхэдтэй болох эсэхээ чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар шийдэх эрх, ийнхүү хүүхэдтэй болох, хүүхэд төрүүлэх, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн талаар мэдээлэл авах, эдгээр арга, хэрэгслийг ашиглах, нөхөн үржихүйн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрхийг ойлгоно.
Хүний эрхийн асуудал нь энэ эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалахаас л эхэлдэг. Комисс нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, малчин эмэгтэйчүүд, уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар судалгааны ажлыг хийсэн. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хүн бүр ялгаварлалгүйгээр тэгш эдлэх ёстой ч судалгааны дүнгээс харахад эдгээр бүлэг охид, эмэгтэйчүүдийн амьдралын хэв шинж, газар зүйн байршил, эдийн засгийн нөхцөл зэргээс хамаараад хэрэгжилт өөр өөр байна.
-Алслагдсан сум орон нутагт байдаг малчин эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх хэрхэн зөрчигддөг вэ?
-ХЭҮК нь малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн зарим нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс 2019 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг судалж, үнэлсэн.
Ер нь малчин өрхийн ажил өглөөнөөс эхлээд оройг хүртэл маш их. Өглөө 6 гэж босоод л орой 12 гэж орондоо ордог нийтлэг дүр зурагтай байдаг. Малчдын ажил эрхлэлт, амьдралын хэв маягт малчин эмэгтэй хүний үүрэг маш их. Гэтэл энэ их ажлын хажуугаар эхнэр хүн хүүхэд төрүүлэх, өсгөх гэсэн хүнд үүргийг давхар гүйцэтгэх шаардлагатай болдог. Энэ үед тухайн эмэгтэйчүүдийг дарамтлах, ялгаварлах хандлага ойр дотныхонд нь их байдаг байна. Жишээ нь, хадмууд нь “гэр орон, мал аж ахуйн ажлаа ч хийж чадахгүй жил бүр жирэмслээд” гэж гадуурхдаг, дургүйцдэг. Зарим нь бэрээ “Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тавиул” гэж хүчилдэг. Гэтэл энэ нь дээр дурьдсан нөхөн үржихүйн эрхэнд нь шууд халдаж буй асуудал болж байгаа юм. Тухайн хүнд жирэмснээс хамгаалах арга хэрэгсэл тохирдоггүй байж болно, энэ арга хэрэгслийг хэрэглэхгүйгээр үр хүүхдээ төрүүлэх ч хүсэлтэй байж болно.
-Яг ийм асуудлаар хүний эрхийг зөрчинө гэхээр ямар зөрчил байж болох вэ. Бодит амьдрал дээр үндэслэсэн жишээ байна уу?
-Нэг аймгийн /Сурв: аймгийн нэрийг нууцлав/ малчин эмэгтэйтэй очиж бид ярилцлага хийсэн юм. Тэр эмэгтэй 34 настай. 5 сартайгаас 13 хүртэлх насны зургаан хүүхэдтэй. Хүүхдүүдээ жилийн зайтай төрүүлсэн гэсэн үг. Энэ байдалд нь хадмууд нь их дургүйцдэг байна.
Тэр эмэгтэй ярихдаа “Эхний хоёр хүүхдээ төрүүлээд спираль тавиулсан ч таарахгүй, гуя дагаж өвдөөд сүүлдээ явж чадахгүй суумгай болсон. Дараа нь жирэмслэлтээс сэргийлэх тариа тариулсан ч мөн л хөл рүү чинэрч өвдөөд, сав үрэвсэж идээ татаад бүтэн гурван сар эмнэлэгт хэвтэж маш их эмчилгээ хийлгэж эдгэсэн. Жирэмслэлтээс сэргийлэх эм ууж үзсэн ч бас л таараагүй. Гэтэл хадмууд маань их дарамталдаг. Сүүлийн гурван хүүхдээ гаргахаас нууж, айж байсан ч гэдэс томрохоор хүссэн хүсээгүй мэднэ. Жирэмсний хяналтад орохоор очиход эмч нар хүртэл “Арчаагүйтэж яваад дахиад л хүүхэдтэй болчихоод ирсэн үү” гэж загнадаг. Би бэлгийн харьцаанд орохдоо хүүхэд олчих вий, хүмүүс юу гэж бодох бол гэхээс үнэхээр их айдаг” гэж ярьж байсан юм. Үүнээс юуг харж болох вэ гэхээр нэгдүгээрт, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл таардаг хүн гэж байна. Таарахгүй ч хүн гэж байна. Ийм байхад тухайн хүнийг спирал тавиул, эм уу гэж шахаж шаардах нь хүний эрх зөрчигдөхөд хүргэж байна. Хоёрдугаарт, тухайн эмэгтэйг жирэмсэн болох эсэхийг хадмууд нь шийдэж байна гэдэг нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхэд халдаж байна гэсэн үг. Бүр цаашилбал энэ нь сэтгэл санааны дарамтад оруулдаг.
-Малчин эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол хэр байдаг вэ? Тэдэнд мэдээлэл хэр сайн хүрдэг вэ?
-Алслагдсан сумдад амьдардаг эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт маш муу байдаг нь ажиглагдсан. Өрхийн эмч нар нь сургалт оръё гэхээр эхнэрүүд нь төв сууриндаа очих нь цөөн. Учир нь тэдэнд өдөр тутмын мал ахуйн ажил их байдаг. Төвд болох хурал, зөвлөгөөнд ихэвчлэн нөхрүүд нь очдог. Энэ өөрөө их учир дутагдалтай л даа. Зарим сургалтад нөхрүүд нь суудаг ч гэртээ очоод эхнэртэйгээ ярилцана гэж бараг л байхгүй.
Мөн тэдэнд тулгамддаг нэг асуудал нь өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлье гэхээр эрүүл мэндийн нууцлалын асуудалд санаа зовдог. Сум, орон нутгийнхан бараг бүгд нэг нэгнээ таньдаг учир тухайн хүний хувийн нууц алдагдвал нэг нэгэндээ ам дамжуулаад явах гэх мэт асуудал гарах бий гэхээс сумынхаа эмнэлэгт үзүүлэх сонирхол багатай. Тиймээс эмэгтэйчүүд өөр аймаг юм уу, хотод ирж үзүүлэхийг чухалчилдаг. Түүнчлэн судалгааны явцад анзаарагдсан нэг зүйл нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөөнд үндэслэж жирэмсэлтээс хамгаалах эм тариаг хэрэглэмээр байдаг. Гэтэл жирэмсэлтээс хамгаалах арга хэрэгслээс тухайдан эм, тариа, эмчилгээний талаар эмэгтэйчүүд мэдээллийг нэг нэгнээсээ, дам дамаар сонсож авснаас болж эрүүл мэнддээ хохирол учруулах, цаашидбал амь нас эрсдэх аюултай гэдэгт анхаарах шаардлагатай байна.
-Төрөөс энэ тал дээр ямар бодлого баримталж ажилладаг вэ?
-Уг нь манай улсад нөхөн үржихүйн эрүүл мэндийг хүртээмжтэй байлгах бодлого нь байдаг ч хэрэгжүүлэх тал дээр муу байдаг. Эрүүл мэндийн яамнаас энэ талын мэдлэг, мэдээллийг зөндөө өгдөг. Гэхдээ илүү үр дүнд хүргэхийн тулд бодлого, зохион байгуулалтын асуудал дээр анхаарах хэрэгтэй. Цаашид хэрхэн сайжруулах вэ гэдгийг тодорхойлж дараагийн шатанд хүргэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна.
-Малчин эмэгтэйчүүдэд мэдээллийг хүртээмжтэй байлгахын тулд төрөөс цаашид ямар бодитой үйл ажиллагааг хэрэгжүүлж болох вэ?
-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол маш чухал. Энэ талаарх мэдээллийг алслагдсан аймаг, сумдын малчин эмэгтэйчүүдэд тасралтгүй, олон талт хэлбэрээр өгч байх шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд 285 мянган малчин байдаг. Үүний 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс тэдэнд зориулсан эмчилгээ, үйлчилгээ үзлэгийг хүртээмжтэй, тасралтгүй, байнга зохион байгуулдаг байх хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Ингэхдээ, эмчид очиж үзүүлж чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд зориулсан явуулын үйлчилгээг бий болгож, мэдээ мэдээлэл хэрхэн хүргэх тал дээр төрөөс бодлогоор дэмжиж ажиллах хэрэгтэй. Аймаг, сумын төвөөсөө алслагдсан малчин эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд төрүүлнэ гэдэг үнэхээр бэрхтэй. Зарим нь амаржихын тулд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг газар зүйн байршил, бартаа саадтай зам харгуйтай байдлаасаа шалтгаалан хамгийн ойр байгаагаар нь хөрш улсынхаа эмнэглэгт очих тохиолдол гарч байна.
Мэдээллийн явуулын үйлчилгээг хүргэхдээ нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой сургалт, мэдээллийг тогтмол өгдөг байх шаардлагатай. Энэ талаарх мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломжийг бүрдүүлэх нь чухал. Сургаар, дамаар мэдээлэл авдаг байдлыг болиулах хэрэгтэй.
-Хүний эрхийн Үндэсний комиссоос ямар ажил явуулсан бэ?
-ХЭҮК нь хулиар заасан чиг үүргийнхээ хүрээнд хүний эрхийг хангаж хамгаалах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж, хүний эрхийн зөрчил гарч байгаа бол түүнийг арилгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдтэй хамтран ажилладаг. Мөн манай байгууллагаас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх жил илтгэлдээ судалгааны үр дүнг тусгаж, УИХ-аар шийдвэр гаргуулахаар холбогдох саналаа хүргүүлдэг.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар 2018-2020 онд охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийн асуудлаар хийсэн судалгааны тайлангуудын эмхэтгэн, товхимол болгон гаргаж нийтийн хүртээл болгосон. Мөн НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хамтран гаргасан “Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь” гарын авлагыг хүний эрхийн хамгаалагч, төрийн албан хаагчид, сонирхогч бусад эрдэмтэн, судлаачдын хэрэгцээнд зориулан орчуулж, шинэчлэн боловсруулж хэвлүүлсэн. Энд нөхөн үржихүйн эрхийг хэрхэн хангах талаарх зөвлөмжүүд, олон улсын сайн туршлагуудыг багтаасан.
“ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД БА ЭРХ” СУДАЛГААНЫ
ЗАРИМ СОНИРХОЛТОЙ ҮР ДҮНГЭЭС
Хүний эрхийн Үндэсний комиссоос хийсэн “Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх” судалгаанд 20 аймгийн 631 малчин эмэгтэйчүүдийг хамруулжээ. Судалгааг хийх Комиссын ажлын хэсэг тусгайлан ажилласан байна.
Малчдын статистик үзүүлэлт (1990-2019 он)
Малчдын нас, хүйсийн суварга (2019 он)
Гэр бүлийн байдал
Малчидтай хийсэн ярилцлагаас:
Ярилцлага 1: Олон жил орон нутагт амьдарсан хүний хувьд хэлэхэд сүүлийн үед боловсролын системээс шалтгаал гэр бүл салах боллоо. Зургаан настай хүүхдээ сургуульд оруулна, түүнээс өмнө цэцэрлэгт явуулна гэх шалтгаанаар хөдөөгийн залуучууд сумын төвд их ирдэг. Ингээд эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээх, мал аж ахуйгаа эрхлэх үндсэн ажил нь болохоор хөдөө их амьадрч байна. Энэ хугацаанд бие биеэсээ хөндийрч, эрчүүд нь өөр айлын охин, эхнэртэй уулзах явдал мэр сэр гарна. Сумын төвд олны дунд ороод ирсэн эмэгтэйчүүд онц хийсэн ажилгүй дэмий сэлгүүцэх, баар цэнгээний газраар явах, мал ахуйн ажлаас хөндийрснөөр залуу гэр бүл хоорондоо таарамжгүй болж салж байна.
Ярилцлага 4: Ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид элсэж буй 6 настай хүүхдүүдийн 20 орчим хувь нь малчдын хүүхэд байдаг. Сүүлийн жилүүдэд малчид сум, аймгийн төвд нэг гэрт, ээжүүд 1 дүгээр ангийн хүүхдээ хариуцан хамт байх нь түгээмэл. Гэтэл нэгдүгээр ангийн хүүхдүүдээ дагаад ирж буй малчин ээжүүдийн олонх нь бичиг үсгийн чадваргүй байдаг. Зөвхөн сургуульд хүргэх өгөх, авахаас хэтрэхгүй, бага боловсролын суурийг тавихад хамтран ажиллах үүрэгтэй ч тэдний боловсрол хангалтгүй байна. Иймд малчин эмэгтэйчүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэх талаар анхаарах ёстой гэж боддог.
Ярилцлага 22: Хүүхдүүдээ ойрхон төрүүлсэн болохоор багийн эмч дээр очиж жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалт тавиулах гэтэл “Хадам ээж чинь битгий тавьж өгөөрэй гэсэн. Хадам ээжид чинь загнуулна” гээд тавьж өгөөгүй. Хамтын амьдралын 8 жилийн хугацаанд би энэ айлд мал маллаж, өөрийн болон хадмынхаа гэр барааг янзалж тусалж ирсэн. Нөхөр намайг байнга хэл үгээр доромжилж хардаж, сэрддэг. Ээж нь “Гар л битгий хүрээрэй, хууль нь чанга юм билээ” гэсэн болохоор зоддоггүй. Гэхдээ хэл үгээр доромжилж, сэтгэл санааны болон эдийн засгийн байнгын хараат байдалд байлгаж, гадагшаа хүнтэй харилцуулдаггүй.
Ярилцлага 24: Богтлогдож эхнэр нь болохоосоо өмнө нөхрийгөө нэг л удаа харж байсан. Дээд сургуулиа төгсөөд аймагтаа ирчихсэн, хувийн компанид худалдагч хийж байсан. Тэгээд орой ажлаа тараад явж байтал нэг машинтай хүн дэргэд ирж зогсоод хаана хүрэх вэ, гэрт чинь дөхүүлээд өгье гэж хэлсэн. Би машинд суусан, хэсэг явж байтал ард нь сууж явсан залуу буюу манай нөхөр намайг хүчээр авч явсан.
Аймгийн төвөөс 190 гаруй км зайтай … сумын нутагт нөхрийн аав ээжийн гэрт хүчээр аваачиж, аавынхаа болон өөрийнхөө гэрийн галд мөргүүлсэн. Яах ийхийн зуургүй шинэ дээл өмсгөж “Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй байдаг юм, манай хүүтэй амьдралын замаа холбо” гэсэн. Хэдийгээр хүсээгүй ч, татгалзвал насаараа жаргал үзэхгүй, ганц бие явдаг гэж сонсож байсан учраас уйлан байж эхнэр нь болсон. Шөнө нь манай нөхөр хүчээр бэлгийн харьцаанд орж, удалгүй жирэмсэн болсон. Гэтэл тэр цагаас хойш байнга зодож, дарамталдаг болсон. Олон удаа цагдаад гомдол гаргаж, эрүүгийн болон зөрчлийн арга хэмжээ авахуулж байсан. Зодож хүнд гэмтэл учруулан цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, прокурор яллах дүгнэлт үйлдсэн ч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон”.
Малчин эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхтэй холобоотой мэдээллийг хаанаас авдаг вэ гэсэн асуултад дараах байдлаар хариулжээ.
Хот болон хөдөө амьдарч буй өсвөр насны охидын төрөлтийн түвшингийн харьцуулалт (2010, 2013, 2018)
Ярилцлага 32: (нэгэн сумын эмчийн яриа) Эрүүл амарждаг эмэгтэйчүүд гэж байхгүй. Дандаа л эхтэн тогтолцооны эмгэгтэй. Тэгэхээр суманд хянаад төрүүлнэ гэдэг нь эрсдэл өндөртэй. Жилд 80 эх амарждаг гэж тооцоход тэдний 15-20 хувь нь эрүүл хүүхэд төрүүлж байна. Бусад нь бэлгийн замын, эсхүл эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эсхүл хүүхэд нь ямар нэгэн гажигтай төрөх магадлал өндөр байна.
Ярилцлага 34: Манай аймагт гэртээ амаржсан 6 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 5 нь малчин эмэгтэй байсан. Орон нутгаас яаралтай тусламж хүрч очдоггүй, хүрэх гэсээр байтал төрчихсөн байдаг. Жирэмсэн малчин эмэгтэйчүүд, ялнгуяа хилийн бүс нутагт амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ нь тулгамдсан асуудал юм. Иймд хүүхдийн эмч, эх барих эмч нарыг алслагдсан бүс нутагт сургах байршуулах ажил чухал байна.