Боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилт олгох нь зөв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилт олгох нь зөв үү

"Боловсролын салбарын төсөв санхүүжилтэд үзүүлэх Монгол Улсын нийт өрийн нөлөө" судалгааны нээлт арваннэгдүгээр сарын 4-нд болж өнгөрлөө. Судалгааны танилцуулгын дараа энэ асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хэлэлцүүлэгт:

  • "Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батжаргал
  • УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа
  • УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  • Эдийн засагч Л.Ундаргаа
  • Эдийн засагч Н.Энхбаяр нар оролцлоо.

Засаг солигдох тоолонд боловсролын шинэчлэл гэж яригддаг. Янз бүрийн шинэ санаачилга, хөтөлбөр орж ирдэг нь боловсролын салбарын ажилчдыг, сурагчдаа яах нь мэдэгдэхгүй байдалд оруулдаг. Боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилтэд шилжих нь салбарын гол шинэчлэл гэж үзэж байгаагаа олон нийтэд тайлбарлаж байна. Энэ тал дээр та бүхний байр суурь ямар байна вэ? Төсвийн хувьд дааж чадах болов уу? гэх асуултад хэлэлцүүлэгт оролцогчдын хариулсан онцлох эшлэлийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

- Боловсролын яамнаас улсын сургуулийн багш нараас одоогийн хөтөлбөрөө ойлгож байгаа эсэх талаар санал асуулга авсан. Үр дүнд нь багш нарын 70 хувь нь хөтөлбөрөө гүйцэд ойлгоогүй гэсэн хариу гарсан.

- Баян-Өлгий аймгийн Монгол хэлний багшийн 90 хувь нь Монгол хэлээ мэдэхгүй байна.

- Одоогоор цалинг шууд хавтгайгаар нэмэх боломжгүй тул үр дүнд суурилсан цалин урамшуулалтай болгох санхүүжилтийг ирэх жилийн төсөвт суулгаж эхэлж байгаа.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа:

- Багш нарын ур чадвар, үнэлэмжийг сайжруулах хэрэгтэй. Багш бэлтгэж байгаа сургууль руу сайн хүүхэд орохгүй байна. Учир нь тэд багшийн цалинг голж байна.

- Манай улсад улс төржиж болдоггүй асуудал гэж баймаар байна. Ялангуяа улсын өрийн асуудал.

- Боловсролын салбарын санхүүжилтийг чанар, үр дүнд суурилсан байдлаар олгоно гэх санааг зуун хувь дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг хийх гэж байгаа арга нь оновчгүй байна гэж харж байна.

- Төсвийн зардал үүнийг дийлэхгүй. Манай улсад зардлын цоо шинэ реформ хийх хэрэгтэй. Манай төсвийг хэдхэн том данхар зардал сөхрүүлж байна. Энэ байдлаараа бол ойрын арван жилд манай улсын төсөв сөнөх юм.

Эдийн засагч Н.Энхбаяр:

- 1992 онд манай улсын хүн ам 2.2 сая байсан. Үүнээс ЕБС-т 384 мянган хүн сурч байлаа.

2021 онд манай улс 3.3 сая хүн амтай болсон. Үүнээс ЕБС-т 640 мянган сурагч сурч байна. Харин хүн амд эзэлж байгаа ачаалал нь 20 хувь буюу хэвэндээ байна. Гурван хүн тутмын нэг нь аль нэг ЕБС, их дээд сургууль, СӨБ-д сурч байна. Энэ бол том ачаалал.

- Манай улсын эдийн засаг одоо ч хөлөө олоогүй байна. Салбар бүрд суурь асуудал байна. Бид бодлогын түвшинд бүх салбарын шинэчлэл хийх хэрэгтэй. Мөн салбар бүрийн хариуцсан чиг үүргийнхээ дагуу ажиллах хэрэгтэй.

- 2006 2007 онд манай улсын эдийн засагт том өөрчлөлт гарсан. Бүтцийн хувьд үйлчилгээ аж үйлдвэр зонхилсон эдийн засгаас уул уурхайн эдийн засаг болсон. Бүх зүйл түүхий эдийн үнээс хамааралтай болсон. Харамсалтай нь тухайн хамааралтай зүйл нь ердөө нүүрс, зэс, төмрийн хүдэр. Энэ гурвын үнийн өсөлт хэд байгаагаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого бүрдэх эсэх хамаарч байна.

- УИХ-ын гишүүд бодлого тодорхойлох ёстой. Үүнийгээ л хийх ёстой. Тэгэхээс биш нэг ангид хэдэн хүүхэд сууж хичээллэхийг ярих ёсгүй. Энэ чинь боловсролын яамны асуудал.

- Өмнө нь авсан өр маань өндөр хүүтэй, богино хугацаатай баялаг бүтээхгүй байна. Ямар ч том үйлдвэрийг байгуулах процесс нь 6-8 жил. Юу хийхийн тулд бонд авах ёстойгоо маш сайн ойлгосон байх хэрэгтэй

"Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батжаргал:

- Сурлагын амжилтаар үр дүнг тооцох нь зөв үү? Боловсролын салбарт гарах өөрчлөлтийн үр дүн 10-15 жилийн хугацааны дараа гардаг. 1990-ээд оны дунд үед сургууль завсардалт оргилдоо хүрсэн. Нэг шалтгаан нь төсөв даахгүй байсан учраас дотуур байрыг төлбөртэй болгосон. Өмч, мал хувьчлал явагдах үеэр эцэг эхчүүд хөвгүүдээ сургуулиас нь гаргаж байсан. Үүний нөлөө нь одоо гарч байгаа. Малчин айлын хүүхдийн эцэг эхчүүд нь бичиг үсгийн боловсролгүй байна.

- ЭЕШ-ын дүнгээр сурлагын амжилтыг хангалттай бодит байдлыг сайн дүгнэж чадахгүй гэж бодож байна.

- Манай улс олон улсын түвшинд хамран сургалтаар маш өндөр түвшинд явдаг. БЗД албан бус тооцоолол гаргасан. Одоогийн сурагчдын суудлаар тооцож үзвэл зөвхөн Баянзүрх дүүрэгт ахин 60 шинэ сургууль хэрэгтэй гэх дүн гарсан.

- Хамгийн сүүлийн судалгаагаар:
  • Бага боловсролын сурагчдын 97%,
  • Дунд боловсролын сурагчдын 95 хувийн хамран сургалттай байгаа нь хөөсөрсөн дүн байна гэж үздэг.

СпутникV вакцинтай хүмүүс АНУ-ын хилээр нэвтрэх боломжгүй
СпутникV вакцинтай хүмүүс АНУ-ын хилээр нэвтрэх боломжгүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.