/2021.11.08/: Өөрийн ухамсар дур зоргоос үл хамааран, олон давтагдах, жигд бус хэмнэлтэй, булчингийн илүүдэл хөдөлгөөнийг тик буюу татганаа гэнэ.
Тикийн үед нэг төрлийн хөдөлгөөнийг олон давтах, зарим үед угсруулан олон хөдөлгөөн хийх, цөөнгүй тохиолдолд дуу авиа гаргах шинж хавсардаг.
Жишээ нь, нүүрийг үрчийлгэх, мөрийг хавчих, нүдийг анивчих, хоолой засах, хамраар дуу гаргах гэх мэт. Заримдаа урьд нь загатнах, ирвэгнэх, халууцах, даарах, дарах, лугших мэт эвгүй мэдрэмж төрж, араас нь илүүдэл хөдөлгөөн хийх шаардлага гардаг.
Тик нь голчлон хүүхдийн насанд эхлэдэг. 8-12 насанд шинж тэмдэг хамгийн тод илэрч, өсвөр насанд ¾ тохиолдолд арилдаг.
Хүүхэд бүр тикийг богино хугацаанд дарангуйлж чаддаг, гэхдээ дарангуйлах үед бие дотор таагүй түгшүүртэй байдал ихэсдэг. Тик нь орчны нөлөөнөөс хамааран ихсэж, багасдаг, мөн тикийн илрэл нь сургууль, ажил, нийгмийн харилцаанд нөлөөлдөг.
Илүүдэл хөдөлгөөнийг гөлийж тамшаалах, нүд анивчих уналт таталтын болон бусад өвчин эмгэгээс ялган салгаж, эмчилгээг зөв чиглүүлэхийн тулд мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө шаардлагатай.