27 сургууль спорт талбайгаа бусдад шилжүүлсэн байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

27 сургууль спорт талбайгаа бусдад шилжүүлсэн байжээ

/2021.11.05/: Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн удаах асуудал нь сургууль, цэцэрлэг, спортын талбайн газар ашиглалтын байдал байлаа.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалж, сургуулийн эзэмшилд буцаах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Тус Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд тулгуурлаж судалгаа хийжээ.

Судалгаагаар биеийн тамир, спортын зориулалтын талбайгүй 54 сургууль байгаагаас 39 нь анхнаасаа зориулалтын талбайгүй баригдсан бол таван сургууль нь газартай боловч биеийн тамирын талбайгүй, 13 сургуулийн биеийн тамирын талбай дээр барилга баригдсан байна. Төрийн өмчийн 148 сургуулиас 34 сургууль биеийн тамир, спортын талбайтай боловч сургалт явуулах боломж бүрдсэн, тохижуулсан нь цөөн байжээ.

Тохижуулах, засварлах шаардлагатай биеийн тамирын талбайн мэдээлэл ирүүлсэн 103 сургууль байгаагийн 93 нь төрийн өмчийнх бол үлдсэн нь төрийн бус өмчийнх аж.

Нөгөөтээгүүр зарим сургуулийн биеийн тамирын талбайг сургуулийн эзэмшлээс хасаж, иргэд болон байгууллагад шилжүүлсэн тохиолдол 1999-2000 онд гарч байжээ.

Тухайн үед нийт 27 сургуулийн 67.565 ам метр талбайг бусдад шилжүүлсэн бөгөөд дээрх газруудад өдгөө орон сууц, хорооны контор, цэцэрлэг, үйлчилгээний барилга, автомашины гарааш баригджээ. Зарим сургуулийн спортын талбайгаас хасаж, бусдад эзэмшүүлснээс болж, шүүхийн шатанд маргаантай байгаа тохиолдол ч бий.

Ажлын хэсэг энэхүү судалгаанд үндэслэн дараах арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх саналыг гаргав.

Үүнд:

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийг цуцалсан аж ахуйн нэгжүүдийн газрыг сургуулийн эзэмшилд буцаан олгох.

-Сургуулиуд газрын холбогдолтой мэдээллээ мэдээллийн санд оруулж бүртгэлжүүлэх.

-Засвар, тохижилт хийх шаардлагатай спортын талбайн зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулан төсөвт тусгуулах.

-Сургууль, цэцэрлэг, спортын талбайн зориулалтаар олгосон газрын зориулалтыг нийгмийн дэд бүтэц, инженерийн байгууламжаас бусад зориулалтаар талбайн хэмжээнд багасгасан өөрчлөлт оруулахгүй байх зэрэг саналыг гаргасан байна. Энэхүү асуудлаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гаргав.

Даатгал болон явдаггүй дугаарын зөрчлийг ухаалаг камераар хянана
Даатгал болон явдаггүй дугаарын зөрчлийг ухаалаг камераар хянана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.