УИХ: Эдийн засаг, Хөгжлийн яамны талаар хэлэлцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ: Эдийн засаг, Хөгжлийн яамны талаар хэлэлцэж байна

/2021.11.04/ УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Тус хуулийн төслийг өргөн мэдүүлэх ажлын хэсэгт ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар тэргүүтэй хүмүүс багтаж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалдай холбоотойгоор гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Шадар сайдын түвшний эрх мэдэлтэй байвал зүгээр байгаа юм. Хууль, эрх зүй зохицуулалтын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны сайд нь дан дээлтэй байхаар ажил явна гэдэг бэрхтэй. Сангийн сайд нь давхар дээлтэй учир үгэнд орох эсэх нь асуудалтай. Энэ тал ажлын хэсэг ямар байр суурьтай байна вэ. Энэ яамны сайдыг Шадар сайдын түвшний эрх мэдэлтэй байлгаж болохгүй юу?

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн үйл ажиллагааг хариуцсан нэг агентлаг баймаар байгаа юм. Энэ талаар тайлбар өгөөч?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Эдийн засаг, хөгжлийн яамны сайдыг Шадар сайдын түвшний эрх мэдэлтэй байлгана гэхээр Ерөнхий сайдын эрхийн асуудал хөндөгдлөж байна. Ерөнхий сайд Жасрай гуайн Засгийн газрын үед Засаг захиргааны сайд гэсэн албыг бий болгож ажиллаж байсан юм билээ. Энэ үед ЗГ-ын ерөнхий сайдын орлогч давхар яамны сайд хийх нь буруу гэж үзээд тухайн яамыг татан буулгасан.
Агентлаг байгуулах асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг учир ЗГ-аас энэ асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байсан шүү.

С.Бямбацогт: Үндэсний хэмжээний бүх бодлого асуудлыг энэ яаманд нэгтгэж, зангидна. Бүсчилсэн хөгжлийн бодлого орхигдсон байсан. Иймэрхүү орхигдсон бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ яам хариуцна. Хүн амын өсөлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн бодлого зэрэг нь энэ яаманд харьяалагдана. Эдийн засгийн хөгжлийн яам гэж яриад байгаа нь буруу. Эдийн засаг, Хөгжлийн яам гэж ярьж, бичнэ.

Д.Ганбат: Та нарын мөнгө гэж байхгүй шүү дээ. Татвар төлөгчид, уул уурхайгаас орж ирсэн л мөнгө шүү дээ. Одоо 14 яам, 17 сайд байна. Ингээд нэмээд байвал энэ ачааллыг чинь өдрөөс өдөрт хаалгаа барьж байгаа хувийн аж ахуйн нэгжүүд дийлэхгүй болж байна шдээ. Наадуул чинь аль социализмын үед байгуулагдаад бүтэхгүй нь ойлгомжтой болоод зогссон газар шүү дээ. Гурван хүн тутмын нэг нь дарга байсан социализмын үеийг давтах гээд байгаа юм уу? Хөгжмөөр байгаа бол Тавантолгойн цахилгаан станцаа бариач. Нарийн царигтай төмөр замаа байгуулаач. Харьяа яамд нь байгаа биз дээ? Баахан байнгын хороо ч байгуулсан биз дээ? Цахим бодлогын байнгын хороо гэж байгуулаад юу хийсэн юм? Байсан хэдэн программист нь гараад явчихсан юм биш үү? Ах дүү нар, танил талаа дарга болгох гэсэн энэ олон яамдыг чинь дийлэхээ байлаа хөөе. Энийгээ больчих. Аж ахуйн нэгжийнхээ тоог нэмж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ дэмжиж, боломжийг нь өгч байж бид хөгжинө. Өдөр өдрөөр л дампуурсан соц үе рүүгээ яваад байх юм. Энийгээ татаад ав аа. Одоо болно.

С.Бямбацогт: Бодлого төлөвлөлттэй байх ёстой. Энэ үүднээсээ хөгжлийн бодлого тогтвортой байх, ажлаа уялдуулах асуудлыг шийдэх байх.

Б.Баярсайхан: Хүний хөгжлөө энэ яаманд хэрхэн уяж байгаа вэ? Цахим хөгжил, аюулгүй байдлын яамны тухайд мөн цахим орчинд хүний эрх зөрчигдөж байгаад ямар арга хэмжээ авч ажиллах юм бэ. Дараагийн удаад цахим орчинд хүнээ хамгаалах тал дээр анхаарах асуудлыг нэмэхийг анхааруулъя аа.

Д.Тогтохсүрэн: Дан эдийн засгийн хөгжлийг хариуцуулахаар чиг үүрэг нь орж ирсэн. Хүний хөгжилтэй холбоотой асуудлыг бодлогын хувьд энэ яам тодорхойлж, хэрэгжүүлэх газар нь Хөдөлмөрийн яаманд энд байна. Хүн амын нутагшил, суурьшлын асуудал мөн энэ яаманд байна.

Ж.Ганбаатар: Энэ яамыг олон жил ярьсан. Хүлээлт ч их байгаа. Эхний ээлжинд яам байгуулна гэж байгаа нь алхам урагшилж байгаа сайшаалтай. Гэхдээ ярьдаг хүн л нэмэгдэх вий.

Ч.Ундрам: Макро эдийн засгийн салбарын судалгаа төлөвлөлтийг хийнэ гэж байгаа нь маш чухал. Гэхдээ энэ сайд, яам нь нэг түвшин дээгүүр байж энэ яамны боловсруулсан судалгаа төлөвлөгөөг хийж, түүнийг нь бусад яам хэрэгжүүлж, үгэнд нь орох ёстой юм биш үү? Энэ боломжийг бусад хуулиар хангаж өгсөн юм уу? Жендэрийн хөгжлийн асуудлыг буцааж Ерөнхий сайдын мэдэлд хүргэхээр санал хүргүүлсэнд баярлаж байна. Бүх салбарт эмэгтэйчүүд хамгийн гол ажлыг эмэгтэйчүүд хийж байна. Гүйцэтгэх салбарт эмэгтэйчүүд олонхоороо ажлыг гүйцэтгэж байгаа.

Э.Батшугар: Хоёр яам байгуулах саналыг дэмжиж байна. Эдийн засаг, Хөгжлийн яам өнөөдрийн нөхцөлд маш хэрэгтэй. Томъёон дээр суурилсан онолтой салбар юм. Макро түвшинд төлөвлөгөөг урьдчилан боловсруулах нь маш чухал. Жишээ нь, өнөөдөр орлого нь хаагдсан аж ахуйн нэгжүүдээ хэрхэн хамгаалах вэ гэх мэт. Төв банкны хараат бус байдлыг хангасан байдлаар хэрхэн бодлогоо уялдуулах вэ? Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд сайд нь орох уу? Орсон тохиолдолд энэ зөвлөлийн дарга нь хэн болох вэ? Дөрвөн хүн болчихоор санал хураахад асуудал гарах уу?

Д.Тогтохсүрэн: Монголбанк бол төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг газар. Засгийн газрын тухай болон Монголбанкны тухай хуулиар хоёр талын харилцааг тодорхойлж өгсөн. Зөвлөлийн хувьд хуульд өөрчлөлт орох болов уу? Мэдээж энэ сайдыг оруулах болов уу гэж бодож, УИХ-аас шийдэл нь гарах болов уу гэж бодож байна. Энэ яам байгуулагдсаны дараа.

Г.Занданшатар: Дараа нь тогтвортой ярихгүй бол маш нарийн энэ мэт асуудал яригдах хэрэгтэй болох нь.

Хувийн хэвшлийн үйл ажиллагааг төрийн оролцоотой шийдэхийг эсэргүүцэв
Хувийн хэвшлийн үйл ажиллагааг төрийн оролцоотой шийдэхийг эсэргүүцэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.