Хувийн хэвшлийн үйл ажиллагааг төрийн оролцоотой шийдэхийг эсэргүүцэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувийн хэвшлийн үйл ажиллагааг төрийн оролцоотой шийдэхийг эсэргүүцэв

УИХ-ын нэр бүхий гишүүдээс “Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-ийн төслийг санаачлан өргөн барьж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс тус хуулийн төслийг сөрөг үр дагавартай талаар мэдэгдэл гаргалаа.

Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдэгдэх нь:

Хуулийн төсөлд “Хариуцлагын даатгалын корпораци” гэж автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд” байхаар зааж өгсөн байна. Ийнхүү асуудлыг шийдэхийн тулд хувийн хэвшлийн эрхэлж байгаа үйл ажиллагааг төрийн оролцоотой нэг хуулийн этгээдэд шилжүүлэхээр зохицуулах нь зөв шийдэл биш бөгөөд энэ нь олон сөрөг үр дагаврыг дагуулах болно.

Даатгалын салбарын аж ахуйн нэгжүүдийн уг ажил үйлчилгээний дэд бүтэц, хүний нөөц, техник технологид оруулсан хөрөнгө оруулалт үнэ цэнэгүй болох, даатгуулагчдын хувьд сонголтгүй болж үйлчилгээний чанар хүртээмж буурахад хүргэх төдийгүй цаашилбал санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх, хөрөнгө оруулагчид, түүний дотор гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг улам бүр алдахад нөлөөлөх болно.

Мөн уг хуулийн төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого, Засгийн газраас цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд баримталж буй бодлого болон хувийн хэвшлийг дэмжих, төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын тоог цөөлж үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зэрэг төрийн бодлого, зорилго, зорилтуудтай зөрчилдөж зарим нь бүр эсрэг байгаа нь ихээхэн болгоомжлолыг төрүүлж байна.

Иймд шийдвэр гаргагчдын зүгээс төрөөс баримталж буй бодлого шийдвэрийнхээ хүрээнд хувийн хэвшлийн эрх ашигт хүндэтгэлтэй хандан, тулгарч буй асуудлын талаар салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжилтнүүдтэй хамт хэлэлцэн санал бодлыг сонсож, гарах үр дагаврыг тооцоолон, хууль эрх зүйн зохих шинэчлэл зохицуулалтыг хийх замаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Нийлүүлэлтийн асуудлын улмаас Ikea үнээ өсгөнө
Нийлүүлэлтийн асуудлын улмаас Ikea үнээ өсгөнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.