/2021.10.22/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хуулийн төслийн талаар танилцууллаа.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Би 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх үедээ МУ-ын хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Энэ шалгалтаар 1,2 их наяд төгрөгийн зөрчил, дутагдал илэрч байсан. Энэ зөрчил дутагдалын гарч буй гол шалтгаан нь хууль өөрөө байна гэж дүгнэгдсэн. Хөгжлийн банкны удирдлага, хөгжлийн банкны төсөл хөтөлбөрүүдийг шийдэхэд улс төрийн нөлөөлөл маш их байна гэсэн. Өөрөөр хэлбэл улс төрөөс маш их хараат байсан. Тиймээс тус банкны үйл ажиллагаанд хоёр жил тутамд шалгалт хийхээр хууль баталсан. Тухайн үед Монголбанк үүнийг хуульчилчихвал Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрнэ гэж байсан. Хууль бол гарсан. Гэхдээ өнөөдөр Сангийн сайдын мэдээлж буйгаар Хөгжлийн банк дампуурсан гэж байна. 1 их наядын хугацаа хэтэрсэн, өртэй болсон гэж байна. Монголбанк үүн дээр ямар дүгнэлт хийж байна вэ. Цаашид энэ банк байх ёстой юу. Хугацаа хэтэрсэн зээлийн асуудлыг хэрхэн шийдэх вэ.
Хоёрдугаарт, Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байна. Энэ үнэн үү. Хэрэв үнэн бол энэ бол маш том ашиг сонирхлын зөрчилтэй асуудал. Та өөрөө улс төрийн асуудалд орно. Хөгжлийн банк дампуурсан шалтгааныг таньтай холбоно. Үүн дээр тайлбар өгөөч.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Хөгжлийн банк өөрийн гэсэн хуультай, агенлаг ч юм шиг, банк ч юм шиг байгууллага. Одоо УИХ дээр хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барьсан байгаа. Өнөөдөр хөгжлийн банкны нийт активын 50 хувь нь чанаргүй байна. Энэ нь сүүлд бий болсон зүйл биш 2015 оноос өмнө ч байсан. Хөгжлийн банк нь томоохон төсөл хөтөлбөр, урт хугацааны зээлийг олгодог. Тиймээс 2015 оноос өмнө байсан зээлүүд өнөөдөр чанаргүй болчихсон явж байна. Тус банкнаас олгодог ихэнх зээл нь Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу олгогддог. Тиймээс одоо байгаа энэ чанаргүй зээлийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч байна.
Манай хүү Л.Тэмүүжин анх Хөгжлийн банкийг үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн ажилтан, мэргэжилтнээр нь ажиллаж байсан. Сүүлд шинээр байгуулагдсан удирдлагын багт нэг газрыг толгойлохоор томилогдсон юм билээ. Гэхдээ Монголбанкны зүгээс дотоод үйл ажиллагаанд нь огт оролцдоггүй. Гаргаж буй шийдвэр, зааварт огт нөлөөлдөггүй. Харьцааны үзүүлэлт буюу тухайн банк хэвийн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьдаг.