/2021.10.22/: 95 настай хатан хаан лхагва гарагийн шөнө эмнэлгийн урьдчилсан үзлэгт хамрагдахаар эмнэлэгт хэвтсэн бөгөөд пүрэв гарагт үдийн цайны цагаар эмнэлгээс Виндзорын шилтгээндээ буцаж ирсэн бөгөөд "сэтгэл санаа нь тайван байна" гэж Букингемийн ордоноос мэдэгдэв.
Хатан хаан лхагва гарагт Умард Ирландад хийх айлчлалаа цуцалсанд "сэтгэл дундуур" байсан ба тэрээр олон нийтийн ажил хийх завгүй хуваарийн дараа хэд хоног амрах талаар эмчээс зөвлөгөө авсан гэж мэдэгджээ.
Пүрэв гарагийн орой Букингемийн ордон мэдэгдэл хийхдээ: "Хэдэн өдөр амар гэсэн эмчийн зөвлөгөөний дагуу хатан хаан лхагва гарагийн үдээс хойш эмнэлэгт хэвтэн урьдчилсан үзлэгт хамрагдсан бөгөөд өнөөдөр үдийн хоолны үеэр Виндзорын шилтгээнд буцаж ирсэн бөгөөд сэтгэл санаа нь тайван хэвээр байна" гэв.
Хатан хааныг Виндзороос шилтгээнээс 32 км зайд орших Лондон хотын төв байрлах хувийн “хаан Эдвард VII” эмнэлгийн мэргэжилтнүүд үзжээ. Түүний энэ үзлэг нь коронавирустай халдвартай холбоогүй ба нэг шөнийг эмнэлэгт өнгөрөөсөн нь өөр шалтгаантай байсан ч хатан хаан пүрэв гарагийн үдээс хойш шилтгээндээ буцан ирж, хөнгөн ажил үүрэг гүйцэтгэжээ.
“Хаан Эдвард VII” нь Лондонгийн Мэрилебон дахь хувийн эмнэлэг бөгөөд энэ оны эхээр Хатан хааны талийгаач нөхөр, Эдинбургийн гүн хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд хааны гэр бүлийн гишүүд үйлчлүүлдэг байна.
Хатан хааны албаны ажил ихтэй завгүй байгаа ба тэрээр мягмар гарагийн орой Ерөнхий сайд Борис Жонсоны хамт Виндзорын шилтгээнд Дэлхийн хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулжээ.
Хатан хааны ажлын төлөвлөгөөний албан ёсны бүртгэлд аравдугаар сард 15 албан ёсны үйл явдал төлөвлөгдсөн байна.
Лхагва гарагт Букингемийн ордны хэвлэлийн төлөөлөгч хатан хаан "ойрын хэдэн өдөр амрах тухай эмнэлгийн зөвлөгөөг дурамжхан хүлээж авсан" гэж мэдэгдэв.
Тэрээр хоёр долоо хоногийн дараа болох Глазго хотод болох COP26 уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтад хааны гэр бүлийн төлөөлөгчдийг тэргүүлэн оролцох төлөвтэй байна.
Энэ долоо хоногийн эхээр Хатан хаан "Oldie" сэтгүүлийн оны шилдэг шагналаас татгалзсан бол "Oldie" сэтгүүл түүнд "хамгийн сайн сайхныг хүсч байна" гэсэн мессеж илгээжээ.
Эх сурвалж: bbc